П.АМГАЛАН

 

Манай улсын кино урлаг 90 жилийн түүхэн цаг хугацааг туулжээ. Түүхэн цаг хугацааны хувьсгалаар ололт, амжилтаар дүүрэн, хувьсан өөрчлөгдөж байна. Түүхийн хуудсыг эргэн сөхвөл, манай улсын анхны  кино үйлдвэр нь 1935 онд Улсын  кино зургийн хорооны дэргэдэх Кино үйлдвэрийн  газар нэртэйгээр байгуулагдсан. Монголын анхны кино 1936 онд “Монгол хүү” нэртэйгээр гарч байв. Үүнээс хойш буюу 2024 оны байдлаар кино урлагийн чиглэлээр  тогтвортой үйл ажиллагаа явуулж буй  80 кино студи, продакшн,  667 кино салбарын ажилтан байна.  Жилд дунджаар   нэг сая  877 гаруй мянган үзэгчдэд 40 орчим арилжааны, артхаус, баримтат төрлөөр  шинэ кино бүтээл хүргэдэг аж. Тэгвэл 90 жилийн түүхтэй  Монголын кино урлагийн өнгөрсөн түүхийг эргэн харах, өнөөдрийн хөгжлийн түвшинг тодорхойлох, ирээдүйн чиг хандлагыг хэлэлцсэн “Монгол кино судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал  өчигдөр боллоо. Уг хуралд Монголын кино урлагийн хөгжилд  үнэтэй хувь нэмэр оруулсан  эрдэмтэн, судлаачид, уран бүтээлчид оролцсон юм.

2010 оноос хойш  хамгийн  өргөн сэдвүүдийг хамарч  кино уран бүтээл хийжээ

 

90 жилийн хугацаанд киноны сэдэв хэрхэн хувьсан өөрчлөгдөж, цаашид ямар чиг хандлага бий болох вэ гэдэг яах аргагүй анхаарал татахуйц асуудал юм.  Тэгвэл манай улсын уран бүтээлчид 2010 оноос хойш  хамгийн  өргөн сэдвүүдийг хамарч  кино уран бүтээл хийжээ. Энэ хугацаанд 500 уран сайхны кино хийсэн бөгөөд уг үзүүлэлт нь цаашид тогтмол өсөх хандлагатай  байгаа аж. Хайр дурлал, хосын харилцаа, найзуудын нөхөрлөл,   хөгжилтэй явдал, гэмт хэрэг,  гэр бүл, түүхэн, амьдралын өөрчлөлт, ёс суртахуун, өв соёл, сэдэв хамгийн их давтамжтай байна. Энэ талаар  СУИС-ийн Кино телевиз, медиа урлагийн сургуулийн багш, доктор Ч.Отгонбаяр “Цаашид монголын кино урлаг сэдвийн хүрээнд  гэнэтийн өөрчлөлт, амьдралын өөрчлөлт, технологийн хамаарал, хүйсийн чиг хандлага, сэтгэхүйн хэлбэрүүд буюу өөрийгөө олох, дотоод сэтгэлийн хямрал зэрэг сэдвээр уран бүтээл хийх чиг хандлага ажиглагдаж байна.  Энэ байдал нь 2015 оноос эхлэлтэй.

Багш, доктор Ч.Отгонбаяр

1990 оноос өмнө Монголын кино урлагт мэргэжлийн  уран бүтээлчид зонхилж ажилладаг байсан. Ингэснээр тухайн сэдвээ хүргэх тал дээр илүү анхаардаг байсан гэсэн үг.

Харин одоо мэргэжлийн бус хүн  хүртэл кино зохиол бичиж байна. Ингэснээр тухайн сэдвээ хэрхэн яаж хүргэх вэ гэсэн аргазүй дутагдалтай байдал ажиглагдаж байна гэсэн үг. Харин манай улсын уран бүтээлчид  2010 оноос хойш  өв соёлоо шингээсэн сэдвийг сонгож ажиллаж байгаа авууштай.  Киноноос хүмүүс олон зүйлийг суралцаж харж байдаг. Тиймээс үндэснийхээ соёлыг хадгалъя гэвэл кинонд шингээх нь зөв юм. Ингэхдээ анхаарах зүйл нь мэдэхгүй зүйлийнхээ тухай кино хийхгүй байх хэрэгтэй. Өв соёлын тухай сэдэвтэй бүтээл хийхдээ ахмад уран бүтээлчид болон соёлын талын зөвлөгөө авах шаардлагатай. Ер нь сүүлийн үед өв соёлыг шингээсэн  баримтат,  уран сайхны кино  хамгийн их анхаарал татаж байгаа сэдэв болж байгаа. Кино бол  үзэл санааг өөрчилдөг ухамсрыг бий болгодог,  хүчтэй  урлаг.  Киног үзээд үзэгчид  аливаа үйлдлийг даган дуурайх  магадлал өндөр байдаг” гэлээ.

 

“Чадвартай уран бүтээлчдээс  сайн бүтээл төрнө шүү дээ”

Кино урлагийн тэнхимийн ахлах профессор Park Kiyong

Харин  БНСУ-ын, Данкүүкийн  их сургуулийн Кино урлагийн тэнхимийн ахлах профессор Park Kiyong “Бодлогын хувьд гадны орнуудаас туршлага судлаасай гэж бодож байна.   Монголын кино урлагийн салбарт хамгийн том тулгамдаж буй асуудал нь шинэ уран бүтээлчдийг  бэлтгэх боловсролын систем гэж харж байна. Кино урлагийг хөгжүүлэхийн тулд боловсролын систем буюу шинэ  уран бүтээлчдээ бэлтгэж буй тогтолцоо сайн  байх ёстой. Кино хийхэд төсөв санхүү, сайн студи, тоног төхөөрөмж гээд олон зүйл хэрэгтэй ч хамгийн гол зүйл  бол уран бүтээлч.  Чадвартай уран бүтээлчдээс  сайн бүтээл төрнө шүү дээ” гэсэн юм.

 

“Монгол кино дэлхийн форматад хүрч байна”

ОХУ-ын  Урал мужийн  Екатеринбург хотын кино шүүмжлэгч, судлаач Сергей Анашкин

Сүүлийн үеийн кинонуудаас харахад монгол кино дэлхийн форматад хүрч байна гэдгийг ОХУ-ын  Урал мужийн  Екатеринбург хотын кино шүүмжлэгч, судлаач Сергей Анашкин хэллээ. Тэрээр “Нэг хэсэг монгол киноны сэдвийн  дийлэнх нь төрөл  жанрын хувьд уянгын драм байсан бол  одоо дэлхийн стандартад хүрч төрөл бүрийн жанраар  уран  бүтээлээ туурвидаг болжээ. Сүүлийн үед  монгол кинонууд олон улсын кино наадамд амжилттай оролцож, хамтарсан бүтээлүүд хийж байна.  Ойрын хөрш болох ОХУ улс төрийн бодлогоос болж  олон улсын наадмуудад уригдахаа больсон тул  Монголын  уран бүтээлчдийн тэр орон зайг сайн нөхөж, амжилт гаргаж байна гэж харж байна. Нөгөөтэйгүүр, Монголын кино уран бүтээлчид хөгжил рүү сайн  тэмүүлж  чадаж байна.

 Монголын кино урлаг бусад орны кино урлагтай адил зах  зээлийн, зохиогчийн бүтээлүүд давхар хийгдэх байх гэж бодож байна. Кино урлагт найруулагч, продюсер гэсэн  хоёр бүтээгч байдаг.  Найруулагч  зохиогч хүний талаас  бүтээл талаас нь хардаг бол  продюсер өөр шаардлага тавьдаг. Оруулсан хөрөнгө оруулалт,  киноны амжилтыг хардаг.  Ийм хоёр зөрчилдөөн  Монголын кино урлагт ч гэсэн байнга байх болов уу гэж харж байна” гэлээ.

 

“Оюуны өмчийн хулгайг эрүүгийн хуулиар шийддэг болно”

 

Мөн хурлын үеэр Кино урлагийн зөвлөлөөс “Монголын кино урлаг дахь  оюуны өмчийн  эрхийн өнөөгийн  тулгамдсан асуудлууд” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийн хүрээнд  одоо мөрдөгдөж буй  оюуны өмч болоод зохиогчийн эрхийн тухай хууль эрх зүйн орчин, хариуцлага хүлээлгэх хуулийн заалт зэргийг танилцууллаа. Мөн цаашид  оюуны өмч, зохиогчийн эрхийг  сайжруулах  нөхцөл, арга барилын  талаар  хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Энэ талаар Кино урлагийн  зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал “Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний  90 жилийн ойн хүрээнд оюуны өмчийн хулгайн асуудал дээр анхаарч хуульд өөрчлөлт оруулах хүртэл арга хэмжээ авч байгаа. Оюуны өмчийн хулгайг эрүүгийн хуулиар шийддэг болохоор  хуулийн төсөл боловсруулсан байгаа” гэлээ. Мөн тэрээр кино урлагийг хөгжлийг дараагийн  шатанд хүргэхийн тулд хүний нөөцийн асуудлаас эхлэх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар манай улсад төрийн нэг, хувийн 3-4 сургуулиуд  кино, театрын чиглэлээр нэрлэгдэж явдаг боловч сургалтын программ хөтөлбөрийн хүрээнд  театрын  чиглэл давамгайлдаг. Киноны найруулагч, артист,  зураглаач  зэргээр нарийвчилж бэлдэхгүй байна.  Тиймээс хүний нөөц бэлдэх асуудал дээр  анхаарч байгаа гэдгийг хэлсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 24.  ПҮРЭВ ГАРАГ. № 76 (7573)