Төмөрбаатарын БАТСАЙХАН
“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч, доктор Б.Ган-Очирыг урьж, ярилцлаа.
Сайн Ноён хан Т.Намнансүрэн бол анхны Ерөнхий сайд төдийгүй шинэчлэлийн эцэг хүн
-Бид энэ удаа улс төр ярихгүй, харин таны судалгаа шинжилгээний ажлуудын тухай ярилцъя гэж бодлоо. Хамгийн сүүлд та цахим орчинд монгол дээлний тухай нийтэлсэн байсан шүү дээ. Ер нь Монголын түүх соёл, өв уламжлал, төрийн байгуулал судлал таны амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон гэж харагдлаа?
-Тийм шүү. Ер нь миний амьдрал яг одоогоор хоёр салбарт илүү төвлөрч байна. Нэг нь улс төр, нөгөө нь шинжлэх ухааны салбар. Би МУИС-ийн Хууль зүйн сургуульд докторын зэргээ хамгаалсан. Миний удирдагч багш бол академич Содовсүрэнгийн Нарангэрэл юм. Төр эрх зүйн түүх бол эрх зүйн төрөл дундаа нэлээд томоохонд тооцогдож байна. Аливаа улсын төр улс хэрхэн бүрэлдэн бий болсон, тэр дотор ямар түүхэн баатруудын үйл хэрэг үлдсэн юм бэ гэдгийг судлах нь маш сонирхолтой шүү гэдэг багшийнхаа зөвлөгөөг дагаж энэ чиглэлд судалгааны ажил хийж байна. Сүүлийн 35 жил ардчиллын ачаар манайхан гаднынхны судалгааг өргөн дэлгэр ашиглаж байна. Залуучууд гадаад хэл суралцаж байна. Койн, интернэт, виртуал ертөнц, биг дата, хиймэл оюун ухаан гээд орчин үеийн трэнд бүхнийг эрэлхийлж байгаа нь дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байгаагийн нэг илрэл.
Харин нөгөө талдаа монгол хүн гэж хэн юм, Монгол Улс яаж оршин тогтносон бэ, цаашид яах юм бэ гээд үндэсний төрийн түүхийг судална гэдэг өөрөө нэг том судлагдахуун юм даа. Хууль зүйн салбарыг далайн хөлөг онгоц гэж харвал төрийн түүхийн салбар бол бүтэн флот юм шүү дээ. Улс орнууд өөрсдийнхөө түүхийг судлахдаа нэгдүгээрт, үнэнийг нь хэлэх. Хоёрдугаарт, дөвийлгөн магтах. Гуравдугаарт, тэр түүх соёлоороо бусдыг байлдан дагуулах зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлж байна. Манай урд хөрш БНХАУ гэхэд өнөөдөр хөгжлийнхөө бүх түүхийг Күнзтэй холбож байна. Өмнөд Солонгос соёл урлагаараа дамжуулан түүхээ бусдад цээжлүүлж, Англи улс мөн түүхээ цээжлүүлж чадаж байна. Дэлхий даяараа соёлыг байлдан дагуулж байгаа энэ том давлагаан дотор монголчууд ч гэсэн өөрсдийнхөө түүхийг үр хүүхдэдээ үнэн зөвөөр үлдээх нь чухал байна. Үүх түүхээрээ бахархдаг, бахархуулдаг иргэдтэй улс байх нь өөрөө гайхалтай. Түүх судлалд нэгдүгээрт, хувийн тайлбар орж болохгүй. Хоёрдугаарт, үзэл суртлын тайлбар орж болохгүй шүү. Тэгэхээр 1990 оны ардчилсан Үндсэн хуулийн дагуу бид өөрсдийн түүх, соёл, өв уламжлалыг бахархан хойч үедээ өвлүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулах нь нэн чухал гэж үзэж байгаа юм.
-Монголын түүхийн хуудсанд үлдсэн баатруудын үйл хэрэг, үзэл санааны судалгаа маш сонирхолтой санагдаж байна?
-Ер нь миний судалгааны гол ажил бол төр эрх зүйн түүхэн дэх эцэг судлал юм. АНУ гэхэд The Founding Fathers буюу бизнесийн, Үндсэн хуулийг баталсан эцгүүдийн тухай байнга сурталчилж, түүхийн эх сурвалжууддаа оруулж, тэр хүмүүсийнхээ агуу үйл хэргийг үр хүүхдэдээ ярьж хэлж байна. Туркт Ата Туркээс хойшх реформ, Отоманы эзэнт гүрнүүдийн талаар нөхдүүд байнга ярьдаг. Японд ганцхан Мижигийн үеийн шинэчлэл төдийгүй түүнээс өмнөх Эдогийн үеийн түүхээ ярьж байна. Англид 1100 оны үе буюу Английн анхны эзэнт гүрнээс хойш өнөөдрийг хүртэлх үе үеийн хаад, ХVI, ХVII, XVIII зууны дэлхийн том эзэнт гүрэн Эмпирийг байгуулсан түүхээрээ бахархаж ярьдаг. Гэтэл манай улсын хувьд өөрийн улсын эцэг хэмээгдэх түүхэн том баатруудынхаа үйл хэргийг маш ихээр үгүйсгэж ирсэн. Социализмын үед буюу 70 жилийн турш түүхийн бичиг эх сурвалждаа дандаа худлаа бичиж ирсэн. Социалист үзэл баримтлалаа бусдад тулгахын тулд гэх юм уу даа. Энэ түүхэн гажуудал дунд Монголын эцэг судлалын дөрвөн том дүр, баатар хэлмэгдсэн гэж би үзэж байгаа.
-Тэр дүрүүдийн нэг нь Сайн Ноён хан Төгс-Очирын Намнансүрэн гэдгийг таны судалдаанд дурджээ. Түүний үйл хэрэг, үзэл санааны талаар ярихгүй юу?
-Монголын эцэг судлалын дөрвөн том дүрийн хамгийн отгон дүр бол 1911 онд Монгол Улсад эрх чөлөө, үндэсний эрх чөлөө, парламентын засаглал, орчин үеийн аж үйлдвэрийн дараах дэлхий ертөнцийг авчирч өгсөн Сайн Ноён хан Төгс-Очирын Намнансүрэн гуай. Түүний түүхийг монголчууд огт мэддэггүй. Сайн Ноён хан Төгс-Очирын Намнансүрэн бол анхны Ерөнхий сайд төдийгүй шинэчлэлийн эцэг хүн. Хоцрогдсон байсан, тусгаар тогтнох ямар ч боломжгүй Монгол Улсыг тусгаар тогтнолд хүргэсэн. Аж үйлдвэрийн дараах шинэ орчин үеийн дэлхийн хэв загварт Монголыг аваачиж анхны парламентыг байгуулсан. Анхны Засгийн газрыг тэргүүлж, анхны шуудан холбоо, банк, цэргийн сургууль, дунд сургууль, анхны хоёр давхар байшин, цахилгаан станц, мал эмнэлэг, орчин үеийн гааль, орчин үеийн цагдааг бий болгосон. “Монгол Улсын Төрийн дуулал”-ыг бүтээсэн. 35 настай Ерөнхий сайд Т.Намнансүрэн 1911 оноос хойш зургаан жилийн хугацаанд Шинэ үеийн Монголыг бий болгож, реформ хийж чадсан. Тэр хүний байгуулсан парламент нь социализмын үед АИХ нэртэй, ардчиллын үед УИХ нэртэйгээр үйл хэрэг нь үргэлжилж байна. Тэр хүний байгуулсан Засгийн газар социализмын Сайд нарын зөвлөл болж, ардчиллын үед Засгийн газраараа ажиллаж байна. Тэр хүний бүтээсэн бүхний ачаар бид өнөөдөр нийгмийн харилцаанд орж байна. Гэтэл энэ түүхэн баатрыг социализмын үеийн 70 жилийн хугацаанд түүхийн сурах бичигт ч бичээгүй. Тодорхой судалгаануудыг хийлгээгүй, нухчин дарсан. Тийм ч учраас өнөөдөр Сайн Ноён хан Төгс-Очирын Намнансүрэн буюу шинэчлэлийн эцэг ямар хүн байсан юм бэ гэсэн ойлголт нийгэмд ч ерөөсөө байхгүй. Тэгэхээр одоо цагт энэ түүхэн хүмүүсийнхээ дүрийг гаргаж, судалж, олон нийтэд таниулж бахархуулах нь маш чухал байна.
-Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг Богд хаан удирдаж, үр дүнд хүргэсэн гэдэг шүү дээ. Энэ хоёр дүр маань яаж холбогдоод байна вэ?
-Сайн Ноён хан Төгс-Очирын Намнансүрэн бол анхны УИХ-ын дарга, анхны Ерөнхий сайд төдийгүй анхны шинэ орчин үеийн Батлан хамгаалахын сайд байжээ. 1990 оноос ямар буруу үзэл суртал явсан бэ гэхээр ерөөсөө л 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг Богд хаан хийсэн юм шиг хүмүүст буруугаар ойлгуулсан. Гэтэл Богд хаан бол зүгээр дүр байсан. Бас нэг зүйл ярихад, Сайн Ноён хан Төгс-Очирын Намнансүрэн гуай Дамдины Сүхбаатар гэж хүүг Нийслэл хүрээнээс дуудаж авчраад, Эрхүүд цэргийн сургуульд сургаж багш болгож бэлдсэн. Х.Чойбалсан гэдэг хүүхдийг мөн Эрхүүд сургуульд, тэнд сурч байгаа хүүхдүүдээ эхнэртэйгээ хамт эргэж очдог байсан. Ингээд харахаар түүхэнд үлдсэн анхны долоо бол Т.Намнансүрэнгийн өөрийнх нь бэлдсэн хүүхдүүд. Тэд хувьсгал хийсэн шүү дээ. Энэ тухай үнэн түүхийг огт мэдэхгүй, мэдүүлэхийг хүсдэггүй ийм цаг үеийг монголчууд туулсан. Сайн Ноён хан Төгс-Очирын Намнансүрэн хорлогдож үхсэн байдаг. Гэхдээ хамгийн гол нь юу гэхээр түүний үр хойч болсон монголчууд тэр хүнийг мартсан, социализмд мартагдсан, 35 жилийн турш сэргээхийг хүсээгүй. Тиймээс тэр том түүхэн дүр маань Монголын түүхийн тавцнаас цааз авсан гэсэн үг.
“Өндөр гэгээний өөрийн соёл асар том хүрээ татна”
-Дараагийн том дүр бол Өндөр гэгээн Г.Занабазар юм байна. Энэ жил түүний мэндэлсний 390 жилийн ойг монголчууд тэмдэглэх гэж байна. Энэ хүний тухай монголчууд мэддэг атлаа мэддэггүй зүйлс бий байх?
-1600 оны үед Монголын эзэнт гүрнийг аварсан, тусгаар тогтнолыг бидэнд бэлэглэсэн хүн бол Өндөр гэгээн Занабазар. Гэтэл Өндөр гэгээн Занабазарын үйл хэргийг социализмын 70 жилийн турш маш буруу сурталчилсан. Манж руу урвасан, дагаар орсон, тусгаар тогтнолоо байхгүй болгосон гэдэг ийм гажуудсан шошгыг социализмын түүх бүтээсэн. Гэтэл Өндөр гэгээн Занабазар бол ганц шашны зүтгэлтэн байгаагүй төрийн хүн, Монголын том удирдагч хүн байжээ.Түшээт хан Гомбодоржийн хүү болон мэндэлж, анхны Өндөр Гэгээн болсон. Төвөдөд очиж сураад буцаж эх орондоо ирж шарын шашныг дэлгэрүүлэхдээ ямар агуулга барьсан бэ гэхээр эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх агуулга барьж иржээ. Их Монгол Улсаас хойш Бага хаадын үеийг хүртэл Монголчууд хоорондоо эв нэгдэлгүйн улмаас дотроо дайтаж нэгнийгээ хорлож, бутарч ирсэн. Тийм учраас нэгдүгээрт, бид нарт хаан угсааны дээр нэгдэх шалтгаан хэрэгтэй. Энэ бол бурхан юм гэж үзсэн. Энэ дотор нийт монголчуудыг эв нэгдэлтэй байлгаж, урагшаа күнзийн суртлын эсрэг зогсохын тулд бурхны шашин буюу шарын шашнаа дэлгэрүүлсэн. Хоёрдугаарт, энэ шашнаа дэлгэрүүлэхдээ Төвөдийн ч биш, Энэтхэгийн ч биш, Хятадын ч биш, Монгол шашин болж, дэлхийн буддизмыг халах ёстой гэсэн. Өндөр гэгээн шашнаа дэлгэрүүлэхдээ монголчуудыг эрийн гурван наадамтай болгосон. Өмнө нь наадмыг тогтмол хийдэггүй байсан бол долоо хошуу нийлж наадмаа хийдэг болсон. Бөхийн даян аварга, арслан, заан гээд цолууд тэндээс бий болсон. Хурдан морийг түмэн эх хэмээн цоллож дуу хүртэл зохиосон. Сурын харвааг мөн л алдар харваа цолтой болгож өгчээ. Ингээд Монголын шашин соёл үүх түүх, тусгаар тогтнолын дархлаа болсон эрийн гурван наадмыг тэр эрхэм хүмүүн бидэнд үлдээсэн байна.
-Цагаан сарыг мөн шинээр дэглэсэн гэдэг байх аа?
-Тийм ээ. Ер нь Өндөр гэгээний өөрийн соёл асар том хүрээ татна л даа. Намар тэмдэглэдэг байсан цагаан сарыг хавар тэмдэглэдэг болох Их эзэн богд Чингис хааны зарлиг байдаг. Түүний дагуу хавар тэмдэглэдэг болсон. Энэ баярыг Өндөр гэгээн өөрийн гэсэн ёс жаягтай болгосон. Битүүлэх ёс, зүг мөр гаргах ёс, шинийн нэгний ёс, хөөрөг зөрүүлэх ёстой болгосон. Мөн алаг мэлхий тоглоомыг тоглодог байя гэсэн. Алаг мэлхий бол дөрвөн хааны эв нэгдлийг эрхэмлэсэн тоглоом шүү дээ. Цагаан сараар золгохдоо ахмад нь нударгаа унжуулаад хүүхдүүддээ буян хишгээ өгч байгаа тарни ёсны барилдлагаар золгох. Хүүхдүүд нь буяныг нь тосож авч байгаагаар гар зөрүүлнэ гээд цагаан сартай холбоотой бүх ёсыг бүтээж жигдлэн бидэнд үлдээсэн. Үүний ард байгаа үзэл санаа нь ерөөсөө л бидний тусгаар тогтнол юм шүү дээ. Цагаан сар, наадам хоёр байхгүй бол Монгол байхгүй. Хүнээ хүндлэн хөдөөлүүлэх дэгийг бий болгож, хурим найраа яаж хийх үү гэдгийг хэлсэн байна. Мөн соёмбо үсэг бүтээсэн. Энэ бол зүгээр нэг соёмбо биш л дээ. Тэнгэрийн бичиг юм. Ямар учиртай вэ гэхээр монгол малын Хүннү үеийн тамга үсгийг санскрит төвөд, энэтхэг хэлний зурлагатай бүтээсэн. Энэ нь Монгол хэл мэддэг бүх үндэстнүүдийг Хятадын Күнзийн суртлын эсрэг нэгдсэн хүч болгож, Монголыг манлайлуулах агуулгатай байлаа.
- Өндөр гэгээн Занабазарыг шашин соёл гэхээс илүү тусгаар тогтнолыг бидэнд бэлэглэсэн, төрийн хүн гэдэг дүгнэлтийг хэлсэн. Төрийн байгуулал талдаа юу хийж бүтээсэн нь сонин байх болов уу?
-Тухайн үед Монголын дөрвөн хан аймаг гурван хан аймаг болж салаад Өвөр Монголоосоо хөндийрч хүч мөхөсдөж байсан учраас шавийн тогтолцоог бий болгож байсан. Ордосоос Хөвсгөл, Ховдоос Хөлөнбуйр хүртэл Өндөр гэгээн том тогтолцоог бий болж байжээ. Ингээд газруудыг их өргөөтэй болгож, өргөөг нь хүрээ,хүрээг нь дацантай, нийслэлтэй болгосон. Монгол даяар долоон том сүм хийд байгуулж сургалтын бүтэц тогтолцоог үүсгэсэн. Өндөр гэгээн Занабазарын байгуулсан тэр тогтолцоо дээр 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг Т.Намнансүрэн гуай амжилттай хийсэн байдаг. Өндөр гэгээн бол гайхамшигтай, манлайлагч, соёлын эцэг хүн байсан. Үнэхээр эрх мэдэлтэй, хамгийн гол нь бусдад хүлээн зөвшөөрөгдсөн хүн байсан юм. Галдан Бошигттой хийсэн зөрчлөөс өмнө Өндөр гэгээн 50 жилийн турш цоо шинэ Монголыг бий болгочихсон. Тэр Өндөр гэгээний Монгол гэдэг Монголыг бий болгосон. Тэр Өндөр гэгээний Монгол өнөөдөр тусгаар тогтносон Монгол Улс болон оршиж байна. Бусад Монголоо бид түүхийн явцад алдчихаад байгаа. Өндөр гэгээний хүрээ татсан бүх газар тусгаар тогтнож үлдсэн гэсэн үг. Төр бол тусгаар тогтнол гэдгийг соёлдоо шингээж өгөөд бид бусдаас өөр, бусдаас гоё, бусдаас сайхан гэж эрхэмлэдэг байхад монголчууд бусдын соёлд автахгүй гэх загварыг бий болсон бүтээсэн гэсэн үг.
-Зөөлөн хүчний бодлогыг тун оновчтой хэрэгжүүлсэн гэж хэлж болох уу?
-Тэгэлгүй яах вэ. Барууныхан бол educated leader гэж яриад байгаа. Тэрэн шиг боловсролтой, гэгээрүүлдэг лидер бол Өндөр гэгээн Занабазар байсан. Мөн Өндөр гэгээн шиг ийм том цол авсан хүн Монголд байхгүй шүү дээ. Богд гэдэг цолтой хоёр л хүн байгаа байх. Эзэн Богд Чингис хаан нөгөөдөх нь Анхдугаар Богд Өндөр гэгээн. Гэгээн гэдэг нь номд гэгээрсэн гэсэн үг. Ийм цолтой хүн гэхээр Өндөр гэгээн байна. Түүний шавь Ламын гэгээн байна. Мөн шавь нь болох Зая гэгээн байна. Хутагт гэж цол бий. Хутагт гэдэг нь ид шидтэй гэх юм уу даа. Цаанаасаа ном эрдэм, өгөгдөлтэй төрсөн гэж ойлгож болохоор. Хутагт нь дахин төрөхөөр хувилгаан болж байна гэсэн үг шүү дээ. Ингээд бүх хутагтын хувилгаан бол Өндөр гэгээн. Занабазар гэдэг бол Өндөр гэгээний өөрийн олон улсын цол юм. Яг өөрийн нэр нь бол Ишжамц. Тэгэхээр Анхдугаар Богд, Өндөр гэгээн, хутагтын хувилгаан Занабазар гэхээр байж болох бүх том цолуудыг авсан хүн байгаа биз. Энэ бүхнийг тэр үйл хэргээрээ бусдад хүлээн зөвшөөрөгдөж авсан юм. Ийм мундаг том түүхэн баатрынхаа үйл хэргийг бид үнэн зөвөөр тунхаглаж чаддаггүй нь бас л харамсалтай. Маш бүдүүлгээр Манж гүрэнтэй нийлж байсан гэдэг. Яг үнэндээ Манжийн эзэнт гүрэн биш Чин гүрэн гэнэ л дээ. Чин гүрэн бол монголчууд, Хятаджсан Солонгос, Зүрчидийн нийлж байгуулсан улс. Тэр үедээ гэрээ хэлэлцээр хийж, Чин гүрнийг байгуулсан. Хятадын мэдэлд биш тусгаар улс шүү дээ. Гэтэл Өндөр гэгээн бидэнд 1000 жилийн тусгаар тогтнолыг өгсөн юм шүү дээ.
Бид өнөөдөр баяр наадам цагаан сараа тэмдэглэж, оршуулах зан үйлээ хийж, хорол тоонотой гэрээ босгож, соёмбо үсгээ харж бүх зүйл цогц оршиж байгаа нь түүний ач. Эрдэм номд шамдаж, шинжлэх ухаанч байгаа энэ бүх цаг үе бол тусгаар тогтнол л гэсэн үг. Тэр тусмаа Өндөр гэгээний боловсролын салбарт оруулсан шинэчлэл бол аугаа юм.
“Өндөр гэгээн бидэнд 1000 жилийн тусгаар тогтнол өгсөн”
- Өндөр гэгээн Занабазарын боловсролын салбарт хийсэн шинэчлэлийн гол зүйл нь юу байсан юм бэ?
-1700 оноос Исаак Нютон гэдэг хүн бидэнд шинжлэх ухааныг өгсөн. Энэ нь 1800 оноос академа болж жигдэрсэн. Тэрний өмнөх Оксфордын Их сургууль гэхэд шашны сургууль байсан. Дэлхийн мэдлэг гэдэг нь ерөөсөө л хүн төрөлхтний боловсрол шиг шашны боловсрол олгодог үе л дээ. Тэгэхээр Өндөр гэгээний байгуулсан сургалтууд дорно дахинд байгаа Хятадын Юань гүрний үеийн Күнзийн Институт, Төвөдөд байгаа сүм хийдүүд, Лхаст байгаа сүм хийдүүд, Хойд Риказад байгаа Дашлхүмбэ гээд эд нар бол одоогийнхоор Харвардын их сургууль шиг сургуулиуд байхгүй юу. Өндөр гэгээн Баруун хүрээ буюу Шанхийн хийдийг одоогийн Өвөрхангай аймгийн Хархорин Хужирт сумын завсар байгуулсан. Зүүн хүрээ чинь Улаанбаатар байхгүй юу. Тэгээд Сарьдагийн хийд, Архангай аймгийн Тариатын хийдийг байгуулсан. Ингэж том дээд сургуулиудыг бий болгоод 15 жил сурч гавжийн дамжаа барьдаг. Дээд цол агарамба авдаг. Зөвхөн баруун хүрээнд гэхэд тухайн үед 71 агарамба байсан гэсэн яриа ч бий. Тэгээд дууны сургууль анх байгуулсан. Дууны сургуулийнх нь том шавь бол Говийн догшин ноён хутаг Данзанравжаа юм шүү дээ. Гүр дууг зохиож түүнийг тэмдэглэдэг шинэ нотуудыг бүтээсэн. Тухайн үед ерөөсөө оюун санааны маш том дархлаа бий болгож байсан. Оюун санаагаар л бусдын дор орвол тусгаар тогтнолоо алддаг юм шүү гэдэг үзэл санаагаар үйл хэргээ гүйцэлдүүлж явсан гайхамшигт хүн юм даа.
-Одоо ч түүний үлдээсэн дархлаагаар монголчууд амьдарч байна шүү дээ?
-Тийм ээ. Монголчууд түүний үлдээсэн өв соёл, оюун санааны дархлааны хүчээр дахиад 1000 мянган жил оршин тогтноно. Социализмыг ч бид түүний хүчээр даван туулж чадсан. Ардчиллын 35 жилд ч бид Америк болчихгүй Монгол хэвээрээ дархлааныхаа хүчээр үлдсэн. Тэгэхээр Өндөр гэгээн Занабазарын монголчуудад үлдээсэн түүх бол Монгол оршихуйн гол юм. Би судлаачийн хувьд тусгаар тогтносон Монгол Улсын эцэг нь Өндөр гэгээн Занабазар яагаад мөн юм бэ гэдгийг төр эрх зүйн түүхэн судлагдахуунаар нотолж чадсан.
-Улс орны эцэг гэхээр тухайн цаг үедээ хүлээн зөвшөөрөгдсөн түүхэн хүмүүсийг нэрлээд байна. Өндөр гэгээн Занабазар бол гайхамшигтай хүлээн зөвшөөрдсөн хүн байсан. Т.Намнансүрэн гуайн тухай юу гэж хэлэх вэ?
-Тухайн цаг үедээ аль аль нь гайхамшигтай хүлээн зөвшөөрөгдсөн. Гэхдээ түүхэн үйл явцын дунд монголчуудаас өөрсдөөс нь цааз авсан гэж хэлмээр байна. Хоорондын зөрчил, мунхаг мэдлэггүй байдал, бусдын гарыг хардаг, бусдын соёлд автдаг, боломж олдоод жаахан амьсгаа авбал өөртөө байгаа бүх зүйлээ хаяж голоход бэлэн байдаг, сул дорой байдлуудаас болж бүхэл бүтэн үндэстнийг бий болгосон том эцгүүд бүдэрдэг. Яагаад гэвэл тэдний хүсэл эрмэлзлийнх нь эсрэг дотоодод байдаг сул дорой нөхдүүд дээшлэх тусам тэд нар бие даах ёстой гэдэг үзэл санаанд дарагддаг. Философи нь бол тийм. Яг энэ хүмүүсийнх шиг Монгол Улс бие даасан хүчирхэг орон байх ёстой. Дэлхийд хөгжил цэцэглэлтээрээ манлайлах ёстой. Монгол хүнийг хараад дэлхийн хүмүүс бахархах ёстой гэдэг үзэлтэй хүмүүс давлагаалах тусам энэ баатрууд бий болдог. Нэг талдаа бол энэ барометр юм. Тэгэхээр хэрэв өнөөдөр Өндөр гэгээн Занабазар болон Сайн ноён Хан Т.Намнансүрэн гуайг монголчууд ярихгүй л байвал ерөөсөө зам буруу байна гэсэн үг. Хөгжлийн замнал буруу байна. Бодож байгаа бодол буруу байна. Хэдийд ч урваж шарвахад бэлэн байна. Сул дорой чадваргүй хүмүүс дандаа дээшээ гарч байна гэсэн үг. Харин түүхэн эцгүүд алдарших тусам зөв чиг зүгтэй хүмүүс дээшилж байна гэсэн үг. Үүгээр монгол төрийн бодлогын чиг баримжаа харагдана.
“Чингис хаанаа бид гүйцэд таньж чадаагүй байна”
-Монголчууд Алтан гадас одоороо баримжаа авах дуртай байдаг шүү дээ. Тэгэхээр Монгол төрийн бодлогын “Алтан гадас” нь эдгээр төрийн эцгүүдийн үзэл санааг гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яахав. Монгол төрийн Алтан гадас бол Их Эзэн Богд Чингис хаан. Харин түүний дараа гарсан үндэсний хоёр дахь том удирдагч бол Өндөр гэгээн Занабазар юм.
-Хоёулаа Монгол төрийн түүхэн дэх дөрвөн том эцгийн тухай ярьж байгаа. Таны нэрлэх гурав дахь хүн бол Чингис хаан юм байна. Тийм ээ?
-Социализмын үеийн лидер шүтдэг байсан 70 жилд бас л Их эзэн Богд Чингис хааны үйл хэргийг бүдгэрүүлж байсан. Түүхийн гол эх сурвалжуудад үндэслэсэн судалгаа хийгээгүй. Ерөөсөө л Чингис хааны сургаал үгийг түүж ном хэвлүүлэх гээд байна уу гэмээр явж ирсэн. Гэтэл Чингис хааны гол хүсэж байсан зүйл нь шударга хууль засагтай, ёс, суртахуунтай институц буюу дэлхийн шилдэг төр улсыг бүтээх байсан юм. Өөрийгөө шүтүүлэх бол түүнд сонин биш. Чанчунь бумба руу бичсэн захидлууд нь хүртэл байдаг шүү дээ. “Цэрэгт би ардтайгаа адилхан хоол идэж, цэрэгтэйгээ адилхан хувцас өмсөж, эгэл агтчинтайгаа адилхан хэвтэрт хэвтдэг” гэдэг санааг хэлсэн байгаа юм. Тэгэхээр түүний зорилго их өөр байсан. Гэтэл одоо манайхан чинь алтан хөшөө босголоо шүү дээ. “Алд бие минь алжааваас алжаатугай. Ахуй төр минь бүү алдартугай. Бүтэн бие минь алжааваас алжаатугай
Бүрэн улс минь бүү алдартугай” гэсэн байдаг. Судлаачид “Алтан бие минь” гэж хэлсэн гээд байдаг. Гэсэн байлаа ч “Бие минь алжааваас алжаатугай, хамаагүй ахуй төр минь алдарч болохгүй шүү” гээд байхад л эхний мөрнийх нь эхний үг рүү л гүйгээд байдаг. Тэгснээ нөгөө алтан хөшөөнд нь очоод л бүгд мөргөөд байх юм. Гэтэл Чингис хаан “Эхлээд биеэ зас, дараа нь гэр орноо зас. Тэгээд төрөө зас” гээд хэлчихсэн. “Чи ямар нэгэн юманд залбираад гуйгаад явдаггүй юм. Чи биеэ засахаас л бүх юм эхэлнэ. Зөв сайхан явдалтай яв. Эрүүл мэнддээ анхаар. Эд хөрөнгөндөө хайр гамтай бай. Гэр бүлдээ халамжтай бай. Энэ болгоныгоо жигдэл” гэж л хэлсэн. Үүгээрээ төр улс яаж байх юм гэдгийг засаглаж хэлж байна шүү дээ. Гэтэл одоо бид Чингис хаанаа танихгүй байна аа гэсэн үг. Ямар улсыг тэр хүн хүсэж байсан юм эх сурвалжууд дээр байдаг шүү. Анхны зуднаар өрх болгон найман төлөгтэй бол давна гээд л. Мөрөөдлийнх нь улс бол 100 хоньтой байх юм бол мянган жилийн дараа 100 хоньтой байна гэдэг нь юу гэсэн үг юм. Түүний ард даатгалын систем байна гэсэн үг биз дээ. Тэрийг нь хадгалдаг систем байна. Зээлийн тогтолцоо байна. Тэр болгон нь өөрөө асар шударга байна гээд мөрөөдөж байсан юм.
-Тэгэхээр бараг ардчилсан улс орныг мөрөөдөж байсан гэсэн үг биш үү?
-Үгүй ээ. Тэрийг автоматаар ардчилал гэж үзэж болохгүй. Тэр хүн ерөөсөө л хамгийн шилдэг засаглалыг хүсэж байсан байхгүй юу. Орчин үед хөгжөөд байгаа улс орнуудын засаглал Чингис хааныхтай яг утга нэг болсон. Төр оролцдоггүй, иргэд оролцдог, иргэний нийгэм оролцдог бизнесийнхэн оролцдог, худалдааг маш их дэмждэг, худалдаачдыг хамгаалдаг, гэрэгэ олгодог, авдаг татварууд нь шударга байдаг гээд. Ингэхээр тэр хүний хүсэж мөрөөдөөд байгаа улс өнөөгийн дэлхийн шилдэг улсуудын засаглал байжээ. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн шилдэг улсууд Чингис хаанаас жишээ татаж суралцсан, түүнийг ойлгосон байна шүү дээ. Харин бид түүнийг ойлгоогүйгээр барахгүй сэтгэлгээ маань гуйлгачин болчихсон байна. Уг нь монголчууд үүх түүхээ бодсон ч хүнээс юм гуйгаад зогсож байхаар хүмүүс биш юм аа. Их Эзэн богд Чингис хааны тухай уншиж ойлгосон зүйлээ товчхон дүгнэхэд ийм байна. Монгол төрийн дөрөв дэх эцэг бол Модун шаньюй. Хүннү гүрнийг үндэслэн байгуулсан хаан юм. Монгол төрийн том дөрвөн эцгийн тухай ярьж байгаа. Энэ категорид олон хүн байгаа л даа. Чингис хааны байлдан дагуулагч засаглалын дотор нь олон хүн байна. Өндөр гэгээний соёлын хүрээнд нь олон хүн байна. Шинэчлэлийнх дотор нь олон хүн байна. Өнөөдөр ч шинэчлэлийн эцгийн хүсэж байсан шиг барууны ертөнцдөө эн тэнцүү орчин үед чинь технологийн улсыг мөрөөдөж байгаа улсууд байна гээд. Энэ бол бид нарын баримжаа гэсэн үг. Энэ бүхнийг хурааж дүгнэхэд Монгол төрийн бүх эцгүүд хамгийн шилдэг засаглалыг л хүсэж байсан.
“Чадалтай хүмүүст хамгийн халгайтай төр бий болжээ”
-Төрийн эцгүүд хамгийн шилдэг засаглалыг хүсэж байсан гэлээ. Одоо манай улс орны нөхцөл байдал, засаглалын шударга байдал ямар хэмжээнд байна вэ?
-Одоо бол Монголын төр чадалтай хүмүүст хамгийн халгайтай төр болсон байна. Монголын төлөө гэсэн хүмүүст хамгийн халгаатай гэсэн үг. Монголын төрийн оройдоо залчхаад байгаа цорын ганц зүйл бол хууль бус ашиг орлого. Манай УИХ-ын гишүүд авлигач, улсаасаа хулгай хийдэг, манай төрийн гурван өндөрлөг улсаасаа хулгай хийдэг. Асар тансаг амьдардаг, эрх мэдэлд дулдуйдсан байна.
Бид нар өөрсдөө олж аваагүй тусгаар тогтнол, ардчилал гээд үүлэн чөлөөний нар шиг 35-хан жилийг үрж амьдарч байна аа гэсэн үг. 200 гаруй жил мөрөөдөж
1911 онд тусгаар тогтнолоо баталгаажуулчхаад 1937,1938,1939 онуудад 22 мянган хүнээ цаазлуулж буудуулж байсан. Дэлхийн хүн төрөлхтөн пуужингийн хурдаар 1960-1980 он хүртэл хөгжиж байхад төлөвлөгөөт эдийн засгаараа нуран унаад ЗХУ, Хятад хоёр амь наана там цаана байхад нь олдсон тусгаар тогтнолтой улс. 1990 онд өөрчлөлт хийгээд өнгөрсөн 35 жилийн хугацаанд бид маш хурдан цэгцэрч засаглалаа тогтоох байсан. Гэтэл энэ хэсэг хугацааг юу гэж ойлгосон бэ гэхээр хариуцлага биш эрх чөлөө, эрх чөлөөгөө дүр зорго гэж ойлгосон. Тэгэхээр одоо Монголын төрийг харж байхад хулгайч нарын үүр буюу чадалтай хүн дээшлэхгүй болчихсон ийм төр. Үүнийг зөвтгөж ярьдаг маш буруу ярианууд хэвшсэн. Шилжилтийн нийгэм болж байна. Байгаагаараа сайжраад явж байна. Дэлхийн бусад улсууд ардчиллыг төлөвшүүлэхийн тулд 100 -200 жил болсон гээд л. Уучлаарай бид энэ улсыг бий болгохын тулд доод тал нь 2400 орчим жил болсон байхгүй юу. Тэрэнд ардчилал гэдэг нийгмийг л дамжиж байгаа цаг хугацаа юм. Дахиад энэ ардчилсан тогтолцоо чинь өөрчлөгдөнө шүү дээ.
-Ер нь цаг үеийн аливаа дайралтууд, өөрчлөлтүүд, магадгүй ирээдүйн хөгжил бэлэн байхын тулд улс орон яах ёстой юм?
-Хүчирхэг иргэдтэй л байх ёстой биз дээ. Чадалтай хүмүүс нь шударгаар манлайллаа хийдэг л нийгэмтэй болох ёстой. Улс орны хөгжилд ерөөсөө л ганцхан гарц байгаа шүү дээ. Чаддаг хүнээр нь чаддаг юмыг нь хийлгэх. Чаддаггүй хүмүүс нь төрийг удирдаад байна гэдэг нь бол тэр хүмүүс хулгайн замаар гараад байна. Монголын төр засаг одоо ийм л байгаа. Бид ядаж төр эрх зүйн түүхээ 800 жилийн хайрцаг дотор харах ёстой. Тэр үед Монгол Улс тэгж сульдсан даа гэдэг динамикийг харах ёстой. Тэгэхгүйгээр Монголын түүхээ 100 жил, 1921 он, 1924 онд, Үндсэн хууль батлагдсан гэж МАН-ын тоог хараад дүгнээд байх юм бол ирээдүйд бид 100 метрийн зайг л харна. Гэтэл хажууд байгаа Хятад улс гэхэд таван мянган жилийн төрт ёс түүхтэй. Түүгээрээ аливааг харж чаддаг, бахархдаг хүчирхэг бид нар хөрш төдийгүй. Харин бид ингээд бүх юмаа агшаагаад байж боломгүй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 76 (7573)