Орхон аймаг, Эрдэнэт хотын ирээдүйн хөгжлийн үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулах, ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форумыг ирэх тавдугаар сарын 6-нд зохион байгуулах гэж байна.
Форумаар 50 жилийн өмнө байгуулагдаж байсан Эрдэнэт хот дараагийн 50 жилд хэрхэн хөгжих үзэл баримтлалаа Бүтээлч, Ухаалаг, Тогтвортой байхаар төлөвлөсөн талаар илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Тухайлбал: Нийгмийн салбарын хөгжлийг тодорхойлсон “Эрүүл оюунлаг хот”, Шинжлэх ухаан, судалгаанд суурилсан “Ухаалаг хот”, Эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох зорилготой “Цэвэр агаартай хот” зэрэг төслүүдийг танилцуулна. Мөн Эрдэнэт хотод бизнесийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр орон нутгаас үзүүлэх бодлогын дэмжлэгийг форумын үеэр онцолно.
Форумд олон улсын донор байгууллагууд, үндэсний хэмжээний томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид оролцож санал дүгнэлтээ хэлнэ.
Түүнчлэн, төр хувийн хэвшлийн түншлэлээр орон нутагт хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг танилцуулж, орон нутгийн бизнес эрхлэгчид, үйл ажиллагаагаа өргөтгөх сонирхолтой үйлдвэрлэгчид, донор байгууллагуудын төслийн үзэсгэлэнг форумын хүрээнд зохион байгуулна. Мөн гадаа талбайд барилга, эрчим хүчний ногоон шийдэл бүхий техник, технологи, агро технологийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн.
Орхон аймаг эдийн засгийн форумыг 2017 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна.