П.ЛХАГВАЖАРГАЛ
“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын 24, 25-нд хоёр өдөр тоглох гэж байна. Тоглолтын зохион байгуулагчид өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д энэ талаар мэдээлэл хийлээ.
Энэхүү тоглолтод Монгол, ОХУ, Гүрж, Беларусь улсын 13 мэргэжлийн уран гулгагч хүрэлцэн ирэх ажээ. Эдгээр тамирчин нь олимп, дэлхий, европын аваргаас 29 алт, таван мөнгө, найман хүрэл медаль хүртсэн чансаа өндөр тамирчид юм. Тодруулбал, олимпын хошой мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, европын хошой аварга Евгения Медведева, олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга европын гурван удаагийн аварга Алексей Ягудин, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, европын аварга Виктория Синицина, Никита Кацалапов, олимпын мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Александр Энберт тэргүүтэй шилдэг уран гулгагчид үзүүлбэр үзүүлэх юм. Мөн “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадамд оролцсон О.Мишээл Монгол Улсаа төлөөлөн өөрийн шилдэг үзүүлбэрээрээ оролцох болно.
Уран гулгалтын спортыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх үүднээс Монголын дуучид, уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа гэнэ. Тухайлбал, урилгаар “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун дэлхийн хоёр удаагийн аварга Евгения Медведеватай хамтран үзүүлбэр үзүүлнэ. Мөн “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа нь алдарт хос Виктория Синицина, Никита Кацалапов нарын үзүүлбэрт хамтран оролцохоор төлөвлөж, бэлтгэлдээ ороод байгаа аж.
Өмнө нь ОХУ-ын тамирчид талбайн мөсийг стандартын дагуу арчилж, бэлтгэхийг хүссэн ажээ. Тиймээс Степпэ Аренагийн зүгээс уг зөвлөмжид онцгойлон анхаарч мөсний чанарт ихэд анхаарч байна гэв.
Дээрх тамирчид тавдугаар сарын 22-нд ирээд, Монголын тамирчидтай хамтарсан бэлтгэлээ хийх юм.
Эх сурвалж: zms.mn