П.Лхагважаргал 
Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн бүр Ерөнхий сайдаас асуулт асуух боломжтой юм. Ингэхдээ УИХ-ын чуулган хуралдаж байгаа сарын сүүлийн баасан гарагийн 14 цагаас “D.Parliament” сайтаар дамжуулан асуух билээ. Таны амьдарч буй нийгэмд тулгарч буй асуудлыг та өөрөө санаачлан парламентын түвшинд хэлэлцэх боломжтой ажээ. Өнөөдрийн байдлаар найман иргэний дэвшүүлсэн асуудал 100 мянга давсан санал авч, парламентад хэлэлцэж байгаа гэнэ. Энэ тухай иргэн Б.Өлзийбат “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.  
Тэрээр “Цалинтай ээжийн мөнгийг нэмэгдүүлэх, НДШ-ийг 50 хувь бууруулах, НӨАТ-ын хоёр хувийг тав болгох, хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгох саналыг та бүхэн мэдэж байгаа. Урд шөнө гэхэд НДШ-ийг бууруулах санал 100 мянган санал хүрлээ. Энэ бүх асуудал парламентын түвшинд хэлэлцэх ёстой. Энэ мэтчилэн нийгэмд тулгарч буй асуудлыг Монгол Улсын 1.3 сая хэрэглэгчтэй тус сайтаар дамжуулж УИХ-ын чуулганы түвшинд хэлэлцэх боломжтой. Мөн Ерөнхий сайд хэн байхаас үл хамааран асуулт асуух боломжтой” гэсэн юм. Энэхүү сайтаар дамжуулж тав хоногийн хугацаанд иргэдээс санал авч, УИХ-ын Тамгын газар холбогдох нам, эвслийн бүлэгт өгдөг ажээ. Нам, эвслийн бүлэг тухайн иргэдийн асуудлыг хүлээн авч, нэг УИХ-ын гишүүнд өгдөг байна. Тус УИХ-ын гишүүн чуулганы үеэр Ерөнхий сайдаас тухайн иргэний асуултад хариулт авах жишигтэй энэ систем манай улсад хоёр өмнөөс тогтсон аж. Гэхдээ Монгол Улсын 18 нас хүрсэн иргэд энэ боломжоо төдийлөн ашигладаггүй гэнэ. Тухайлбал, 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой асуулт асуух хугацаа маргааш оройны 18 цагт дуусах юм. Энэ мэт асуудлаар иргэн бүр Ерөнхий сайдаас асуулт асуух боломжтой аж.