П.ЛХАГВА

“УИХ-д нэр дэвшигчдийн холбоо” байгуулагдаж байгаагаа зарлаж, холбооны гишүүд “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн хугацаанд УИХ-д нэр дэвшигчид хандиваа хууль бусаар хэтрүүлэн авсныг холбогдох байгууллагад хандаж, арга хэмжээ авхуулна. Тухайлбал, Болормаа болон бусад 21 нэр дэвшигч нэг байгууллагаас хууль зөрчиж хандив авсан гэв. Энэ мэтчилэн асуудлыг шийдвэрлэхээр нийт нэр дэвшигчид холбоондоо нэгдэж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна гэсэн юм.  

Бие даан нэр дэвшигч Д.Батсүх “Бие дааж болон тодорхой намаас нэр дэвшинэ гэдэг тухайн иргэний эр зориг, мэдлэг боловсролын тодорхой шалгуурыг давдаг. Бидний зорьсон асуудал бол Монгол Улсын тогтолцоо, засаглалын хямрал байна. Ялангуяа Сонгуулийн тухай хууль шаардлага хангахгүй байна. Монгол Улсыг иргэдийн биш цөөн намын төлөөлөл удирдаж байгаа нь хямралд хүргэдэг. Харин манай холбоо энэ бүх асуудлын эсрэг, чухал хуулиудын өөрчлөлтийн төлөө нэгдэж, хамтарч ажиллах болно” гэв.

Мөн тэдний нэг “Би улс төрийн гэдэг зүйлийг эсэргүүцдэг хүн. Гэхдээ сонгуульд нэр дэвшихийн тулд намаар дамжихаас өөр сонголтгүй байсан. Тиймээс Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас нэр дэвшиж байсан. Бид өнөөдөр энэ холбоогоороо хуйвалдаангүй тогтолцоог буй болгох хэрэгтэй. Улс төрийн нам байгаа тохиолдолд шударга явдал хэзээ ч бий болохгүй” гэж өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм.

Эх сурвалж: zms.mn