Т.САЙХАН
1941-1945 оны аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар дайнд оролцсон ахмад дайчдыг “Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн медаль”-иар шагнаж байгаа юм. Тэгвэл ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Монголын ахмад дайчдад Аугаа их ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг хүргэж, медалийг нь гардуулсаар байгаа юм.

Ерөнхий консул Р.А.Зайнутдинов Монгол Улсын ахмад дайчин Гончигийн Дугаржав гуайд “1941-1945 оны Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жил” ойн медалийг Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины нэрийн өмнөөс гардуулахаар Орхон аймгийн Эрдэнэт хотод зочилжээ. Г.Дугаржав нь Манжуурын стратегийн давшилтын ажиллагаа буюу 1945 оны Чөлөөлөх дайны оролцож явсан юм. Энэ үеэр мөн Ерөнхий консул ахмад дайчинд “Халхин-голын байлдаанд Зөвлөлт-Монголын цэргүүд ялалт байгуулсны 85 жил” ойн медалийг зүүж өгч, Консулын газраас гарын бэлэг гардуулав. Шагнал гардуулах ёслолд Орхон аймгийн Цэргийн штабын дарга Ч.Энхбаяр оролцлоо.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины өгсөн чиг үүргийн дагуу Манжуурын стратегийн давшилтын ажиллагаа буюу 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон Жамсрангийн Ичинноров гуайд “1941-1945 оны Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жил” ойн медалийг гардуулжээ. Японы милитаризмын эсрэг тэмцэлд эр зориг гаргаж, баатарлаг гавьяа байгуулсан эрхэм хүндэт ахмад дайчиндаа гүнээ талархаж, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөжээ.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Цэргийн болон Агаарын цэргийн хүчний атташе П.В.Петрунин, ЭСЯ-ны ахлах зөвлөх О.И.Жуков, гуравдугаар нарийн бичгийн дарга Т.М.Сятчихина, Монголын ахмад дайчдын холбоо, Орос-Монголын найрамдлын нийгэмлэг болон бусад олон нийтийн байгууллагын төлөөлөгчид дөрөвдүгээр сарын 1-2-нд Дундговь аймагт зочилж, #ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний нэрийн өмнөөс “1941-1945 оны Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жил” ойн медалийг олноо “Фронт” Цэгмид хэмээн алдаршсан Сүрэнхорын Цэгмидэд гардууллаа. Аугаа их Эх орны дайны үед 19 настай байсан С.Цэгмид охин таван хонь, ганц адуугаа фронтын хэрэгцээнд хандивлаад зогсоогүй фронтод илгээх хүмүүнлэгийн тусламжийг хүргэх Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж энэ ажилд биечлэн оролцсон. ЗХУ-д айлчлах үеэр нь Иосиф Виссарионович Сталин “Фронт” Цэгмидийг бусад төлөөлөгчийн хамт хүлээн авч уулзсан бөгөөд энэ нь түүний амьдралд тохиолдсон хамгийн чухал мөчүүдийн нэг гэж өнөөг хүртэл дурсан ярьдаг. Домогт монгол эмэгтэйтэй уулзах үеэр Цэргийн болон Агаарын цэргийн хүчний атташе П.В.Петрунин “Би “Фронт” Цэгмид гуайтай уулзах бүртэй түүний баруун гарыг атгах дуртай. Учир нь тэр манай Дээд ерөнхий командлагчтай энэ л гараараа атган мэндчилсэн тул түүгээр дамжуулан ялалт авчирсан үеийнхэнтэй холбогдож байгаа мэт санагддаг” хэмээсэн юм. Мөн Аугаа их Эх орны дайны жилүүдэд Монголын ард түмэн ЗХУ-д 217 вагон дулаан шинель, нэхий дээл, гутал, мал, мах болон бусад хүнсний бүтээгдэхүүнийг илгээсэн бөгөөд энэ нь нэг хүнд ноогдох хэмжээгээрээ ленд-лиз буюу АНУ-аас ЗХУ-д зээлээр олгосон тусламжийн хэмжээнээс хол давсныг тэмдэглэх нь зүйтэй гэжээ.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ахлах зөвлөх О.И.Жуков Монголын олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчдийн хамтаар дөрөвдүгээр сарын 3-нд Говь-Алтай аймагт зочилж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний нэрийн өмнөөс Манжуурын стратегийн давшилт буюу 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон Монгол Улсын ахмад дайчин Ядамжавын Алтангэрэлд “1941-1945 оны Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жил” ойн медалийг гардууллаа. Энэхүү шагнал нь Германы фашизм, Японы милитаризмыг ялахад Монголын ард түмний оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж буйн илэрхийлэл юм. Хэнийг ч мартаагүй, юу ч мартагдаагүй гэдгийг ахмад дайчидтай уулзах үеэрээ илэрхийлж байлаа.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хоёрдугаар нарийн бичгийн дарга Л.Р.Садыкова Монгол Улсын ахмад дайчин, Манжуурын стратегийн давшилтын ажиллагаа буюу 1945 оны Чөлөөлөх дайны оролцогч Яринпилийн Өсөх гуайд “1941-1945 оны Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жил” ойн медалийг Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины нэрийн өмнөөс гардуулахаар Дорнод аймагт зочлов. Энэхүү арга хэмжээнд “Цаг хугацаа болон үе хоорондын холбоо” сангийн орлогч дарга, Монгол Улс дахь Олон улсын эрэл хайгуулын «Халхын гол. Бидний алдар нэр улам их» экспедицийн тэргүүн А.Б.Орлов, тус аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа О.Ганзориг нар оролцов. Яринпилын Өсөх гуайд удахгүй тохиох гэж буй Аугаа их ялалтын ойн баярын мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг, мөн урт насалж, удаан жаргахыг ерөөжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 70 (7567)