Р.Оюун

Хиймэл оюуны боловсролыг хүртээмжтэй болгож, дижитал ялгааг багасгах, олон нийтэд мэдлэг, ойлголт түгээх зорилгоор AI Academy Asia-аас санаачлан, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон М банкны дэмжлэгтэйгээр "Хиймэл оюуны үндэсний аян"-г хэрэгжүүлэх албан ёсны нээлт өнөөдөр боллоо. Энэ аян нь ЕБС-ийн сурагчид, залуучууд болон орон нутгийн удирдлагуудад хиймэл оюун ухааны талаарх мэдлэг, ур чадварыг олгох замаар дижитал шилжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш бус байдлыг бууруулахад чиглэх аж. Аяны хүрээнд таван жилийн хугацаанд орон даяар 250 хиймэл оюуны манлайлагч мэргэжилтэн, 2250 орон нутгийн анхан шатны багш бэлтгэх, тэднийг хиймэл оюуны салбарт манлайлагчид болгон хөгжүүлэхэд чиглэх юм. Мөн дотоодын болон олон улсын хиймэл оюуны мэргэжилтэн, судлаачид, байгууллагуудтай хамтран ажилласнаар Монголын залуу үеийн төлөөлөл хиймэл оюуны чадвараа ашиглан дэлхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, технологийн хувьсалд идэвхтэй оролцох боломжтой болох юм. 

Жил бүр хиймэл оюуны манлайлагч 50 мэргэжилтэн залуусыг сонгож гурван сарын хугацаанд сурсан мэдлэгээрээ төгсөлтийн төсөл бичиж төгсөх аж. Энэ хөтөлбөр дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл үргэлжилнэ. Орон нутгийн анхан шатны 2250 багш бэлтгэх хөтөлбөр нь есдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд 21-65 насны иргэд хамрагдах боломжтой ажээ. Мөн 21 аймаг, 330 сумаас жил бүр багш бэлтгэх, долоо хоногт дор хаяж гурван цагийг өөрийн сумуудад хичээл, лекц зохион байгуулах гэсэн шаардлагыг тавих юм.

Эх сурвалж www.zms.mn