Б.Нямсүрэн

Дан эмэгтэй гишүүдтэй багийг бүрдүүлсэн “New Shepard” АНУ-ын сансрын пуужин богино хугацааны аялал хийн эх дэлхийдээ амжилттай газардлаа.

“Амазон”-ы эзэн, дэлхийн хамгийн баян хүний нэг Жефф Безосын “Blue Origin” компани 2021 онд анх огторгуйн уудамд өөрсдийн хөлгийг илгээж байсан бол хоёр дахь удаагийн баг дан үзэсгэлэнтэй, алдартай бүсгүйчүүдээс бүрдэж тэр дундаа Жеффийн ирээдүйн гэргий ахалж 11 минутын турш сансрын зах руу аялан эсэн мэнд эргэн иржээ.

“New Shepard” даваа гарагт сансарт хөөрснөөр эмэгтэй багийн бие даасан хоёр дахь сансрын аялал болон түүхэнд бичигдэж байна. 1963 онд ОХУ Валентина Терешковаг бие даасан нислэгээр сансарт анх илгээж байжээ. Сонирхолтой нь зургаан гишүүнээс бүрдсэн энэхүү хөлөгт Жефф Безосын сүйт бүсгүй Лаурен Санчезаас гадна поп од Кэти Перри, сэтгүүлч Гэйл Кинг, эрдэмтэн болон идэвхтэн Аманда Нгуен, кино продюсер Айша Боуэ нар багтаж байв. Тэднийг бүрэн хэмжээний сансрын нисгэгчид гэхээсээ илүү сансрын жуулчин хэмээн нэрлэж байна. Тус аяллын багийнхан Техасын баруун хэсэг дэх “Blue origin”-ы талбайд очиж пуужинд сууснаар сансарт хөөрч, Карманы шугамыг дайран сансарт 11 минут байхдаа дөрвөн минут орчим хугацаанд жингүйдлийг жинхэнэ утгаар нь мэдэрчээ.

Аяллын багийнхан сансрыг зорихдоо зөвхөн эрчүүдэд зориулсан нэгэн хэвийн загвартай хувцаснаас татгалзаж гүн хөх өнгөтэй, бүсгүйчүүдийн галбирыг тодотгосон байхаас гадна мэдээж аюулгүй байдлыг бүрн хангасан, жингүйдэх үед хөдөлгөөнийг хориод байхааргүй байх зэрэг багагүй өндөр шалгуураар өмсгөлөө хийлгүүлжээ.

Сансарт гармагцаа Кэти Перри “What a Wonderful world” дууг дуулаад эхэлсэн хэмээн сэтгүүлч Кинг ярьжээ.

Тэдний хэвлэл мэдээлэл, сошиал хаягуудаар live-аар үзүүлсэн бөгөөд  Америк даяар амьсгаа даран догдлон хүлээсэн юм. Хөлгийг амжилттай газардахад Опра Уинфри, Кардашианы гэр бүлийнхэн зэрэг Холливудын оддын хүрээллийнхэн тосч авсны дотор мэдээж Жефф Безос хамгийн эхэнд гараа сунган ирээдүйн гэргийгээ бахархал дүүрэн тэврэн авчээ.

Санчез аяллаасаа эргэн ирсний дараа “Яг юу мэдэрсэн тухайгаа дүрсэлж хэлж чадахгүй байна. Ямартай ч манай дэлхий надад жаахан аниргүй санагдсан. Гэхдээ амьд гэдгийг нь би мэдэрч байсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Харин поп од Кэти Перри хөлгөөс буумагцаа газар сөгдөн эх дэлхийгээ хайрлаж байгаагаа илэрхийлэн үнсжээ.