Эх сурвалж: https://www.chinadailyhk.com/, 3 дугаар сарын 4 өдөр, 2025,  Бээжингийн Ардын их хурлын танхим  (зураг, XINHUA) 

 

Т.ЧУЛУУН-ЭРДЭНЭ
Доктор (Ph.D), “Нэг бүс нэг зам” Хамтын Хөгжил судалгааны төвийн тэргүүн, хятад судлаач.

Жил бүрийн гуравдугаар сард зохион байгуулагддаг Хятадын хоёр их хурал буюу Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурал болон Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх их хурал уламжлалт ёсоор өнгөрсөн гуравдугаар сарын 5-11 өдрүүдэд Бээжин хотноо чууллаа. Хоёр их хурал нь тус улсын өнөөгийн нийгэм эдийн засгийн хөгжилд бодлогын чиглэл, удирдлага болохын зэрэгцээ цаашдын дунд, урт хугацааны төлөвлөгөөнд суурийг тавьдаг тул Хятадын улс төрийн амьдралын маш чухал үйл явдал юм. Энэ удаагийн хоёр их хурал дотооддоо одоо хэрэгжиж байгаа “14 таван жилийн төлөвлөгөө”-ний биелэлтийг хангах сүүлийн жил, ирэх “15 таван жилийн төлөвлөгөө (2026-2030 он)”-г угтан бэлтгэх жил, мөн Хятад, Америкийн худалдааны өрсөлдөөн, дайн улам ширүүсэх хандлагатай, олон улсын нөхцөл байдал улам ээдрээтэй үед болж буйгаар онцлог байв.

Хятадын хоёр их хурлаас гардаг бодлогын чиглэл, шийдвэр тухайн улсын дотоодын хөгжилд төдийгүй хөрш  зэргэлдээ улс орнуудын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд тодорхой нөлөө үзүүлдэг. Мэдээж Хятад бол бидний хөрш төдийгүй бид худалдаа эдийн засгийн нягт харилцаа, хамааралтай оршдог улсын хувьд хоёр их хурлаас гарч буй бодлого, хөгжлийн чиглэл, стратегийн талаар сайтар судлан мэдэх хэрэгтэй гэдэг ойлгомжтой.

2024 Хятад улсын ДНБ 134.9 их наяд юаньд хүрч, таван хувийн өсөлтийг үзүүлсэн нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд 30 орчим хувийн хувь нэмэр оруулсан гэсэн үг. Хятад улс эдийн засгийн хувьд ихээхэн хүндрэл сорилт туулж нийгэм эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалж, эдийн засгийн ихээхэн уян хатан чанарын онцлогоо батлан харуулав. Түүнчлэн амьжиргааны баталгааны хувьд хот хөдөөд 12 сая гаруй хүнийг ажилтай болгож, оршин суугчдын дундаж орлогыг бодитоор 5.1 хувиар өсгөж чаджээ. Ногоон хөгжлийн хувьд мужийн зэрэглэл болон түүнээс дээш хотын тоосонцор буюу PM2.5 дундаж хэмжээ 2.7 хувиар буурч, сайн агаартай өдрийн тоо 87.2 хувиар нэмэгдсэн гэх мэт амжилт гаргажээ.

Эх сурвалж: https://www.scmp.com/, 5 Mar 2025

Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян  засгийн газрын ажлын тайландаа энэ 2025 оны эдийн засгийн өсөлтийн хурдыг өнгөрсөн жилийнхтэй адил таван хувь орчим хувьд хүргэнэ, мөн эдийн засгийг “өндөр чанартай, “тогтвортой” аажим алгуур урагшлах зарчмаар үргэлжлүүлэн хөгжүүлнэ гэдгээ онцлов. Энэхүү зарчим  бол цаашид тус улсын ээдрээ төвөгтэй гадаад орчин хийгээд хэрэглээ хумигдаж, үйлдвэрлэлийн бүтцийн шилжилт хөдөлгөөн хийгдэж байгаа дотоодын дарамт сорилтыг даван туулахад хатуу баримтлах хөгжлийн чиг хандлага болж байна.

Тайланд инновацийг Хятадын хөгжлийн стратегийн төв байр сууринд тавихаа дахин онцолж, цаашдын өсөлт, өрсөлдөх хүчний гол хөдөлгөгч хүч юм гэдгийг тодотгов. Мөн шинэ чанартай үйлдвэрлэх хүчнийг бойжуулах, судалгаа шинжилгээг дэмжих, инноваци бүтээх соёлыг бий болгоход бүхий л хүчээ дайчилна, шинжлэх ухаан технологи, инноваци, үйлдвэрлэлийн инновацийг нягт нэгтгэн хослуулахад анхаарна гэдгээ зарлав. Бизнесийн сансар, квантын шинжлэх ухаан технологи, 6G гэх ирээдүйн үйлдвэрлэлд төвлөрч, хиймэл оюун ухааныг үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлэн, шинэ эрчим хүчний автомашины жилийн үйлдвэрлэлийн хэмжээг 13 саяас давуулах гэх мэт зорилго тавив [1].

Ингээд Хоёр Их Хурлаас гаргасан хөгжлийн бодлого, чиглэл, цаашид анхаарах үүрэгт ажлуудын талаар авч үзэе.

Нэгд, Хятад улс өнөөдөр эдийн засгийн тодорхойгүй, бүрхэг байдалд оршиж байна. Ялангуяа тус улсад дотоодын эрэлт буурч, хэрэглээ доройтсон, агшсан зэрэг дарамттай нөхцөл үүсээд байна. Тиймээс ч 2025 оны хоёр их хурлаар эдийн засгийн тогтвортой байдал, өндөр чанартай хөгжлийг ахиулах зорилтыг илүү чухалчлан тодорхойлов. Ингэхдээ төсвөөр дамжуулж орон нутгийн санхүүгийн шилжилт болон тусгай бондоор дотоодын эрэлт хэрэгцээ, хэрэглээг дэмжих зэрэг арга хэмжээ авах чиглэл тогтоов.

Хоёрт, геополитик хийгээд Хятад, Америкийн худалдааны дайн дахин ширүүсч, цаашид ч даамжирах хандлагатай байна. Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоноор Хятад, Америкийн худалдааны дайны нөхцөл эрсдлийн өндөр түвшинд хүрч ширүүсэв. Татварын шинэ бодлого, үүн дээр Европын Холбооны Хятад улсад өгч буй худалдааны хаалт хэрэм өндөрсөж нэмэгдсэнээр тус улсад өнөөдөр “худалдааны давхар дарамт” учраад байна. Геоэдийн засгийн хагарал нь дэлхийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээг дахин шинэчлэх шаардлагатай нөхцөлд хүргэж, гадаад эрэлтийг тасралтгүй сулруулав.

Гуравт, Хятадын засгийн газрын дэмжин тэтгэх бодлого өөрчлөгдөж байна. 2024 оны 9 сараас хойш авч хэрэгжүүлж буй тус засгийн газрын дэмжин тэтгэх бодлогод өөрчлөлт орж, макро  зохицуулалтад “санхүүг илүү идэвхтэй, мөнгийг зохистой байдлаар чөлөөлөх” шинэ тусгай бодлого авч хэрэгжүүлэхээр заав. Санхүүгийн алдагдал болон урт хугацааны улсын тусгай өрийг шинэ дэд бүтэц хийгээд эрүүл ахуй, боловсрол, нийгмийн хамгаалал, аж ахуй эрхлэлт, орон сууц, хүнсний аюулгүй байдал, хүрээлэн буй орчны хамгаалал зэрэг иргэдийн амьжиргаатай холбоотой салбарт илүүтэй оруулахаа зарлав. Мөнгөний бодлогын хувьд “тогтвортой байдлыг хадгалах”-аас илүүтэй  “зохистой байдлаар чөлөөлөх” бодлого руу шилжүүлэхээр байна.

Дөрөвт, 2025 он бол “14 таван жилийн төлөвлөгөө”-ний биелэлтийг хангаж, “15 таван жилийн төлөвлөгөө”-г эхлүүлэх жил. Өөрөөр хэлбэл өнгөрсөн төлөвлөгөөнд заасан зорилтуудыг үргэлжүүлж, бас шинийг эхлүүлэх чухал зангилаа үед ирэв.

2025 оны ерөнхий хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд 10 том ажил, арга хэмжээ авна. Үүнд: дотоод эрэлтийг тэлэх, үйлдвэрлэлийг сэргээх, инновацийг атгах, өөрчлөлт шинэчлэлтийг урагшлуулах, нээлттэй байдлыг өргөжүүлэх, эрсдлээс хамгаалах, тариа, тариачин, газар тариалангийн ажлыг сайтар барих, уялдааг нэмэгдүүлэх, ногоон хөгжлийг чухалчлах, иргэдийн амьжиргааг баталгаажуулах гэх мэт.

Сонирхуулахад Хятад улс сүүлийн жилүүдэд өндөр технологи инноваци дээр тулгуурлан бие даан хүчирхэгжих бодлого баримталж буйгийн үр дүнгээр тус улсын экспортод түшиглэх байдал 2006 оны 35 хувиас эдүгээ 18 хувь болж буурсан байна. Мэдээж дэлхийн худалдааны өсөлт улам бүр буурч, гадаад эрэлт хумигдахад ийнхүү эдийн засгийн өсөлтийг дотоодын эрэлт, хэрэгцээ, хэрэглээгээр хангах чиглэлд хөгжиж буй нь жам ёсны зүйл болж байна.

Өнгөрсөн жилтэй харьцуулахад Хятадын эдийн засгийн хөгжлийн бодлого нь энэ онд  хэд хэдэн онцлогтой байхаар ажиглагдав. Үүнд:

Нэгд, дотоод хэрэгцээ болон хэрэглээг тэлэх тусгай үйл ажиллагаа өрнүүлэхээр байна.  2025 онд анх удаа “хэрэглээг нэмэгдүүлэх тусгай үйл ажиллагаа” гэгчийг дэвшүүлж, 300 тэрбум юаны урт хугацааны засгийн газрын тусгай бонд гарган,  хуучин барааг шинээр солих буюу ялангуяа ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, ногоон хэрэглээ, өндөр настныг асрах үйлчилгээ зэргээр хэрэглээний шатлалыг хурдтай нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх гол хөдөлгөгч хүчийг бүрдүүлэхээр байна. Энэ бодлого нь дотоодын хэрэглэгчдийн худалдан авалтыг бодлогоор хөхиүлэн дэмжиж байгаа тод жишээ юм. Үүний зэрэгцээ амралт, чөлөөт цагийг өнгөрүүлэх тогтолцоог сайжруулж, соёл аялал жуулчлалын хэрэглээг өргөтгөж, иргэдийн хэрэглээний хүслийг улам өдөөж, тогтвортой дотоод хэрэгцээний өсөлтийн хүрээг бий болгохоор зорьж байна.

Хоёрт, шинэ эрчим хүчний үйлдвэрлэл болон ирээдүйн үйлдвэрлэлийн шинэ хэв маягийг бий болгох. 2025 онд бүс нутгийн нөхцөл байдалд тохируулан шинжлэх ухаан технологи инновацийг үйлдвэрлэлийн инновацтай интеграцчлах, нэгдлийг нэмэгдүүлэхээр заав.  Ялангуяа хиймэл оюун ухаан, 6G зэрэг шинэ үйлдвэрлэлийн хөгжлийг төлөвлөгөөг боловсруулж, “ирээдүйн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтыг өсгөх механизм”-ыг бий болгоно гэв. 

Гуравдугаарт, дижитал эдийн засаг хийгээд хиймэл оюун ухааны хэрэглээ. 2025 онд дижитал эдийн засгийн хувьд “хиймэл оюун ухаан+” үйл ажиллагааг илүүтэй чухалчилж, ухаалаг сүлжээтэй автомашин, ухаалаг робот зэрэг өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүний зах зээлийг улам ахиулахаар байна. Хятадын Deep Seek, Qwen гээд хиймэл оюун ухааны платформууд ээлж дараалан гарч, дэлхийн хэмжээнд шуугиан тариад байгаа билээ. Үүнийг даган 2024 оны дижитал эдийн засгийн бодлоготой харьцуулбал энэ жил дата нөөцийг илүүтэй нээн хөгжүүлэх, хил дамнасан хэрэглээний урсгалын дүрэм журам боловсруулах зэрэгт илүүтэй анхаарахаар байна.

Дөрөвт, давхар нүүрстөрөгчийн стратеги хийгээд ногоон хүлэмжийн хий бага ялгаруулах хөгжлийн тухайд. 2025 онд ногоон хүлэмжийн хий бага ялгаруулах хөгжилд улам анхаарч, “хүлэмжийн хий тэг ялгаруулалт бүхий технологийн парк, хүлэмжийн хий тэг ялгаруулалт бүхий үйлдвэр” барих төлөвлөгөө дэвшүүлэв. Энэ гуравдугаар сарын 21 өдөр Хятадын Үндэсний Хөгжил, Шинэчлэлийн Хорооноос нүүрстөрөгчийг хамгийн дээд цэгт хүргэх хоёр дахь удаагийн улсын туршилтын газруудын жагсаалтыг гарсан ба үүнд Бээжин, Тянжинь, Хөх хотоос эхлээд Чунчинь, Гүйжоу, Чинхай зэрэг мужуудыг хамарсан нийт  15 хот, 12 үйлдвэрлэлийн парк багтжээ [2]. 

Тавд, өндөр түвшний гадагшаа нээлттэй байдал, гадаад хөрөнгө оруулалтын шинэ бодлого. 2025 онд гадагшаа нээлттэй байдлаа тэлэхдээ стандартыг илүү өндөрсгөж, мэдээлэл харилцаа холбоо, эм эмнэлэг, боловсрол зэрэг салбар дахь нээлттэй туршилтын цэгүүдийг олноор бий болгох, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх аливаа босгыг аль болох намсгах талаар дэвшүүлэв. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад амьжиргааны хангамж, бизнесийн таатай орчноор хангах замаар энэ онд гадны хөрөнгө оруулагчдыг илүү өндөр чанартай бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийхийг уриалан ажиллахаар байна.

Мөн тогтвортой гадаад худалдааны бодлогод анхаарч, аж ахуйн нэгжүүдийг зах зээлээ тэлэх, хил дамнасан цахим худалдааны хөгжлийг түргэтгэхэд дэмжлэг үзүүлэн, хил дамнасан ложистикийн тогтолцоог сайжруулж, гадаад дахь агуулах хадгалалтын бүтээн байгуулалтыг түргэтгэнэ гэв. Мөн үйлчилгээний салбарыг тэлж, нээлттэй байхыг дэмжинэ, “жижиг боловч сайхан” (дижитал, ногоон төслүүдийг голчлон хэлдэг) төслүүдийг илүүтэй дэмжихээр байна.

Хятад улсын хоёр их хурлаас дэвшүүлсэн хөгжлийн бодлого, чиглэлийг сайтар судалснаар бид  2025 онд өмнөд хөрштэйгээ хэрхэн хамтран ажиллаж, эдийн засгийн хөгжилдөө боломж, бололцоо, орон зайг үүсгэж чадах юм. Бүх салбарыг хамруулах боломжгүй тул судлаачийн хувьд онцгойлон анхаарал хандуулах шаардагатай худалдаа, эрчим хүч, аялал жуучлал гэсэн салбаруудын талаар авч үзлээ.

Юуны өмнө Хятад улс хоёр их хурлаараа бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа хийгээд гадагшаа нээлттэй байдлаа улам тэлэхээ мэдэгдэв. Энэ хүрээнд хил дамнасан худалдааны урсгалыг улам сайжруулж, боомт нэвтрэх үр ашгийг дээшлүүлж,   худалдааны олон талт тогтолцоогоор дамжуулан бүс нутаг дахь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний урсгалыг хурдасгахыг онцлов. Энэ нь хөрш зэргэлдээ улс орнуудад Хятад руу гаргах экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх, тэр дундаа өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргахад таатай нөхцөл гэж харагдаж байна. Монгол улсын хувьд эдүгээ дан уул уурхайн экспортод түшиглэсэн эдийн засагтай байсан хэвээр. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрсөн жилээс хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шат ахиулах, тэр дундаа малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлого, ахуй амьдралыг нь сайжруулах зэрэг  нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Цагаан алт” үндэсний хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хөтөлбөрт ХАА салбарын хөрөнгө оруулалт, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг дээшлүүлэх, техник, технологийн шинэчлэл хийх, дотоод, гадаад зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх гээд олон зорилтууд багтсан байдаг. Хятад улс ирэх жилүүдэд “өндөр чанартай” бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэх, гадаад улс орнуудын хамтын ажиллагаанд ч чанарын өндөр стандарт тавина гэдгээ энэ удаагийн хурлаар илэрхийлсэн. Тэгвэл бид ХАА бүтээгдэхүүнийг өндөр чанартайгаар нэмүү өртөг шингээн өмнөд хөрш рүүгээ гаргах, мөн Хятадын ХАА салбарт ашиглаж байгаа шинэ техник технологи, инноваци шингэсэн ухаалаг тоног төхөөрөмжүүдийг улсдаа  нэвтрүүлж, үйлдвэрлэлийн үр ашгаа нэмэгдүүлэх боломж байна гэж харж байна.

Үүнээс гадна ногоон хөгжил, эрчим хүчний шилжилтийн тухайд Хятад улс хөрш зэргэлдээ улс орнуудтай сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа салхи, нарны, усны цахилгаан эрчим хүчний төсөл хамтран хэрэгжүүлэх бодлого барина гэдгээ дахин мэдэгдлээ. Мөн тусгайлсан сан байгуулж, хөгжиж буй орнуудад цаг уурын өөрчлөлттэй тэмцэх тэр дундаа эрчим хүч хэмнэсэн, нүүртөрөгч багасгасан, цаг уурын өөрчлөлт болон ногоон технологид нийцсэн төслүүдийг дэмжихээ илэрхийлсэн.  Бас ногоон шилжилтийн бодлого хүлэмжийн хий бага ялгаруулдаг технологи хэрэглээний хувилбаруудад илүүтэй анхаарч, далай дээрх салхин цахилгаан станц, “элсэн цөл, говь, цөлжилт” бүхий газар шинэ эрчим хүчний бааз байгуулах төслийн хэрэгжилтийг урагшлуулна гэв. Тэгвэл Монгол улс байгалийн нар, салхи, усны эрчим хүчний баялаг нөөцтэй, БНХАУ гэх эрчим хүчний үлэмж хэрэглээтэй энэ том зах зээлтэй хил залгаа байдаг. Тиймээс өмнөд хөрштэйгээ ногоон, сэргээгдэх, шинэ эрчим хүчний төсөлд хамтран ажиллах бүрэн бололцоо, орон зай бий.

Түүнчлэн Хятад улс аялал жуулчлал, үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд улам анхаарч ажиллахаа мэдэгдэв. Энэ хүрээнд засгийн газрын ажлын тайландаа цаашид дотоодын гадагшаа чиглэсэн аялал жуулчлалыг үргэлжлүүлэн дэмжинэ, виза мэдүүлэх шатлалыг улам хялбаршуулахаа заасан. Энэ бодлого чиглэл нь хөрш зэргэлдээ улс орнуудын аялал жуулчлалын салбар, түүнтэй холбоотой үйлчилгээний салбарын хөгжлийг сэргээхэд томоохон нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Харин манай улсын хувьд 2025 оны нэгдүгээр сард Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Сүн Елитэй уулзаж, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, 2025 онд Монгол Улсыг өмнөд хөршийн аялал жуулчлалын томоохон үзэсгэлэнд онцлох улсаар тодруулан оролцуулахаар болсон. Мөн манай улс 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газрын хуралдаанаар орж, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Хятад иргэдэд 10 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжийг нээсэн. Өөрөөр хэлбэл  боомт бүхий аймаг, орон нутагт 10 хоногоор аялуулъя гэдэг шийдвэр гарсан.

Хэрэв статистик мэдээг сонирхвол Хятад улсад жил бүр гадагшаа 140 сая гаруй жуулчин аялдаг. Тэгвэл энэ их хүн урсгалын өчүүхэн хэсгийг бид эх орондоо татан авчирч чадвал жуулчлалын салбарын хөгжилд ихээхэн тустай болно. Хятад гэлтгүй олон улсын жуулчдыг урин авчирахын тулд аялал жуулчлалын салбарт шаардлагатай үндсэн стандарт, шаардлагуудаа зөв тогтоож, хурдан шуурхай хөдлөх хэрэгтэй болов уу.

Бяцхан дүгнэлт хийвээс бид богино хугацаандаа нүүрс дээр суурилсан экспортыг бага ч гэсэн хумьж, хөдөө аж ахуй зэрэг салбарын нэмүү өртөг шингэсэн, чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Хятад улс руу экспортлох. Дунд хугацаандаа Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын төслүүд, тэр дундаа 32 төслийг дахин нягталж, шинэчлэх, улмаар Хятад улсын ногоон хөрөнгө оруулалтын төслүүдээс татан авчирах  бодлого авч хэрэгжүүлэх. Харин урт хугацаандаа эдийн засгийг солонгоруулах хууль эрхзүйгээ сайжруулж, уул уурхайд түшиглэх байдлаа багасгаж, аль болох дижитал эдийн засаг, аялал жуулчлалын салбарын шинэ өсөлтийг хангах тал дээр анхааран ажиллах хэрэгтэй санагдана.

Ашигласан эх сурвалж:

[1] 中英对照| 2025年《政府工作报告》要点版,2025-03-05,https://wb.beijing.gov.cn/

[2] 国家碳达峰第二批试点有何不同,这四省为何两次上榜?https://finance.sina.com.cn

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 69 (7566)