Ц.МЯГМАРБАЯР

 

Монгол Улсын Засгийн газар Евразийн эдийн засгийн холбоо болон БНСУ-тай ойрын хугацаанд Чөлөөт худалдааны гэрээ байгуулахаа мэдэгдсэн юм. Тус холбоонд нэгдлээ гэхэд хамгийн их орлого төвлөрүүлэх боломжтой нэг бүтээгдэхүүн байгаа нь адууны махны  экспорт.  Энэ экспортоос жилд 5.9 тэрбум төгрөгийн орлого оруулж ирэх  боломжтойг МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш нар Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах түр гэрээний эдийн засгийн  үр нөлөөг судлах явцад тооцжээ. Энэ нь манай  уул уурхайн компаниудын ашиглалтын тусгай  зөвшөөрлийн төлбөрт жилд төвлөрүүлдэг зургаан тэрбум төгрөгтэй дүйж байгаа аж. Гэхдээ хэлэлцээрээр тохирох бусад 374 бүтээгдэхүүнээс зөвхөн адууны махны экспорт хамгийн их орлого төвлөрүүлэх боломжтой гэвэл бусад нь манайд ашиг бага, нөгөө таван оронд ашигтайг уг судалгаа харуулжээ. Тиймээс энэ гэрээг хийгээд хэрэг байна уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Мэдээж Чөлөөт худалдааны гэрээ манай улсын эдийн засаг тэлэхэд нөлөө үзүүлэх нь чухал. Гэвч дээрх судалгааны дүнгээр бол тийм ч их үр нөлөө үзүүлэхээргүй байгааг тоон судалгаагаар танилцуулсан юм.  Манай улс ердөө 38 бүтээгдэхүүн экспортлох боломжтой бол тус холбооны улсууд 227 барааг манайд экспортлох боломжтой.

Манай үйлдвэрлэгчид мах, махан бүтээгдэхүүнээ Евразийн гишүүн орнууд руу гаргахад одоо 15-50 хувийн татвар төлж байна. Үүн дээр нэмээд  тухайн улсын НӨАТ-ыг нэмж төлдөг. Хэрэв хэлэлцээрт хүрснээр адууны махны экспорт хамгийн их нэмэгдэхээр байгаа ч жилд 1.7 сая ам.доллароор нэмэгдэнэ. Үүнийг өнөөдрийн ам.долларын ханшаар тооцвол энэ нь 5.9 тэрбум орчим төгрөг юм. Ноос, ноолууран эдлэлийн экспорт маш бага, 200-300 сая ам.доллараар л нэмэгдэнэ. Гэхдээ сайн хэлэлцээр хийж чадвал Киргиз рүү ноос, ноолууран бүтээгдэхүүн гаргах боломжтой гэж МУИС-ийн Бизнесийн сургуулийн судалгаанд онцолжээ.

 Дэлхий дээрх бүх барааг нийт 97 бүлэгт хуваадаг. Монгол Улс 15 бүлгийг л экспортлох боломжтой. Эдгээр нь ноос, ноолууран хувцаснууд, мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, өлөн гэдэс, дайвар бүтээгдэхүүн, зэсийн баяжмал гэх мэт 38 төрлийн бараа юм. Одоо манай улсын Евразид экспортолж буй нийт барааны 74 хувийг зэсийн баяжмал дангаараа эзэлдэг. Үүнийг хэлэлцээрт харгалзах хэрэгтэй гэж Т.Ономсайхан доктор анхааруулав. Тэрээр “Бид Арментай одоо худалдаа хийхгүй байгаа ч цаашид өсөх боломжтой. Бас нэг зүйл байгаа нь манай экспортын бүтээгдэхүүнүүд алдаг оног гадагшаа гардаг буюу тогтмолжоогүй. Харин бид ОХУ-аас импортолдог бүтээгдэхүүнүүдийн худалдааг өнгөрсөн хугацаанд маш тогтвортой хийжээ. Энэ  нь манай улсын экспортын өрсөлдөх чадвар сул байгааг харуулна” гэв.

ОХУ жил бүр гаалийн хураамжаа өөрчилдөг

 

Тэмээ, сарлаг, хонины ноосон оймс, бээлий, ороолтыг Сибирийн бүсэд л худалдах боломжтой. Үхрийн махан нөөшилсөн махаар ОХУ-ын батлан хамгаалах салбарыг хангах боломжтой гэдэг ч экспорт ердөө 0.3 сая ам.доллароор өснө. Одоо энэ төрлийн бүтээгдэхүүн маш хэмжээгээр худалдаж байна. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын НӨАТ ОХУ, Беларусь, Арменд 20 хувь Казахстанд, Киргизстанд 12 хувь байна. Харин манай улсад НӨАТ 10 хувь. ОХУ гаалийн хураамжаа жил бүр өөрчилдөг. Энэ онд энэ хураамжаа шинэчилжээ. Ямар бараа экспортлохоос хамаарч харилцан адилгүй хураамж төлнө. Иймд бизнес эрхлэгчид энэ хураамжийг ч судлах шаардлагатай.Тарифын бус арга хэмжээ гадаад худалдаанд чухал нөлөө үзүүлдэг. Манай улс 2015 онд Японтой Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан ч тус улсын тарифын бус арга хэмжээний улмаас экспортоо өсгөж чаддаггүй. Үүнд стандартууд, хорио цээрийн дүрмүүд багтдаг. Тэгвэл ОХУ-д нийт 800 орчим  тарифын бус арга хэмжээ мөрддөг. Зөвхөн адууны мах худалдах бол нийт 38 төрлийн шаардлага хангах ёстой. Үүний 33 нь өвчингүй бүсээс мах нийлүүлэх зэрэг эрүүл ахуйн хорио цээрийн шаардлагууд юм. Эдгээрийн бүгдийг биелүүлсний дараа л адууны махны гаалийн тарифаа хөнгөлүүлнэ. 2028 он хүртэл үйлчлэх, түр гэрээг Евразийн гишүүдтэй байгуулснаар импорт 95 хувиар өсөх талаар танилцуулсан. Одоо ОХУ-аас манайд архи худалдахад 40, сүү, сүүн бүтээгдэхүүнийг 15 хувийн гаалийн татвар төлж байна. Гэрээ байгуулснаар дараах барааны импорт одоогийнхоос хэд нугалж өснө. Тухайлбал, алимны шүүс 1.2 сая,  цагаан архи 1.3 сая, иогурт хоёр сая ам.доллараар, хөлдүү  тахианы махны импорт 3.0 сая ам.доллараар, авто бензин, дизель түлшний хэмжээ 83 сая ам.доллараар тус тус өснө.

Импортын давуу талтай бүтээгдэхүүнд тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, мах ордог.

Манай улсын тухайд импортын харьцангуй давуу талтай бүтээгдэхүүнүүдэд тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслүүд, суудлын автомашин, ган, төмөр бүтээгдэхүүнүүд төмөр замын сэлбэг хэрэгслүүд болон модон тавилга, гулууз, өрөөл мах ордог. Бидний экспортлох хүсэлтэй барааг Евразийн орнууд ч хилийн чанадад худалдах сонирхолтой, адилхан бараанууд байгааг дээрхээс харж болно. Энэ нөхцөлд худалдааны хамтрагчид биш өрсөлдөгч улсууд болно гэсэн үг юм.

Манай бизнес эрхлэгчид цаашид ОХУ болон бусад гишүүн орнуудын хэрэглэгчийн зан төлөвийг судлах шаардлагатай. Жишээ нь, хивс экспортлох бол ямар зориулалтын, ямар хэмжээтэй хивс түлхүү худалдаж авдгийг судлах хэрэгцээ бий. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийг ОХУ болон манай улс 50, 50 хувь эзэмшдэг. Иймд тус улсаас манай улсад болон БНХАУ руу нийлүүлдэг барааны дийлэнхийг УБТЗ зөөж байна. УБТЗ дотоодын ачааг тээвэрлэхээс илүүтэй ОХУ-ын барааг тээвэрлэж, тус улсын аж ахуйн нэгжүүдэд  давуу тал олгож болзошгүй хэмээн болгоомжилж байна. Гэхдээ эдийн засагч Н.Энхбаяр хоёр талт, чөлөөт худалдааны гэрээнээс илүүтэй АСЕАН гэх мэт олон талт, эдийн засгийн гэрээнд нэгдвэл Монголд илүү ашигтай гэсэн байр суурьтай байна гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 70 (7567)