Б.БАЯРЖАВХЛАН

 

“3200 гр хүү” хэмээн шинэ хүн мэндэлснийг Л.Цэвэлмаа эмч зарлав. Ийнхүү Монгол Улсын хүн амын тоо нэгээр нэмэгдэж, нэгэн цоо шинэ амьдрал эхэллээ. Энэ бол Эх нярай, эмэгтэйчүүдийн эмнэлгийн нэг өдөр. Тэд өдөрт 10-20 шинэ иргэнийг энэ дэлхийд, ээж аавтай нь эсэн мэнд уулзуулдаг билээ. Энэ удаагийн кесар хагалгаагаар төрсөн эмэгтэй Булган аймгаас тус эмнэлгийг зорьж ирж амаржсан юм.

Л.Цэвэлмаа

Энэ талаар Жирэмсний эмгэг эмчлэх тасгийн эрхлэгч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Л.Цэвэлмаа “Өнөөдрийн анхны хагалгаа байлаа. 36 настай энэ ээжийн хувьд өмнө нь умайн хүзүүндээ хагалгаа хийлгэж, түүнээсээ үүдэлтэй умайн хүзүүний сорвижилттой болсон учир кесар хагалгаагаар дөрөв дэхь хүүхдээ төрүүлж байна. Үүний дараа хоёр хагалгаа хийнэ. Эх барих эмэгтэйчүүдийн эмч нар бусад эмч нараас онцлогтой. Учир нь хоёр хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж байдаг. Ээжийг эсэн мэнд амаржуулж, эрүүл нярайг гардаж авах нь бидний үүрэг. Тиймээс маш хариуцлагатай, сэтгэл зүтгэлтэй ажилладаг. Ээж, хүүхэд хоёр эсэн мэнд амаржиж, хүүхэд хорвоо дээр ирээд анхны амьсгалаа аваад часхийн уйлах үед “За энэ хүүхэд эсэн мэнд сайхан амаржлаа” гээд бид чинь баярлана шүү дээ. Тэр үед ямар ачаалалтай, яаж ядарч байсан бүгдийг нь мартаад сайхан болчихдог юм. Дөнгөж төрсөн улаан нялзрай амьтныг эхийнх нь цээжин дээр тавих мэдрэмж хамгийн сайхан нь. Миний хувьд Эх нярай эмэгтэйчүүдийн эмнэлэгт 2021 оноос хойш ажиллаж байна. Бид өдөрт 7-10 хагалгаа хийдэг. Эмнэлэг маань байгуулагдаад удаагүй учир залуу боловсон хүчин олонтой. Тэднээсээ эрч хүч авч, гар нийлэн ажиллаж байна.” гэсэн юм.

 

19 жилийн дараа охинтой боллоо

Г.Мөнгөнтэгш 40 настай. Тэрээр хоёр хүүтэй бөгөөд 19 жилийн дараа охинтой болжээ. Энэ тухайгаа “19 жилийн дараа өөрөөрөө төрж охинтой боллоо. Анх төрж байсан үеийг бодоход эмнэлгийн тусламж үйлчилгээ сайхан болжээ. Жишээлбэл, Өдрийн 60 мянган төгрөг төлөөд нөхрөөрөө асруулаад тусдаа өрөөнд байж болдог юм байна. Хүүхдээ түрээд явдаг тэрэг, хоол унд, тухтай сайхан орчинтой болжээ. Мөн эмч нар маань уч ур чадвар сайтай болсон байна. Ямар ч урагдалгүй төрүүлж өгсөн эмч, эмнэлгийн ажилчдадаа баярлалаа” гэсэн юм. Харин түүний нөхөр М.Буянхишиг “Хүсэж,  хүлээн байж 42 насандаа охинтой боллоо. Сайхан байна. Хоёр хүү дээрээ эмнэлгийн гадаа хоол цайгаа хийгээд л цонхоор л хүүхдээ хардаг байлаа шүү дээ. Энэ удаа төрөхөд нь, төрснийх нь дараа гэргийтэйгээ хамт байж асарч байна. Яаж байгаа бол гээд санаа зовоод байх биш хамт байх нь үнэхээр сайхан байдаг юм байна” гэсэн юм.

Э.Эрдэнэчимэг

Эх нярай эмэгтэйчүүдийн эмнэлэг жилдээ 5000 гаруй эмэгтэйчүүд амарждаг байна. 2025 он гарсаар 1200 гаруй ээжид төрөлтийн тусламж үйлчилгээ үзүүлээд байгаа ажээ. Энэ талаар тус эмнэлгийн төрөх тасгийн эрхлэг, Тэргүүлэх зэргийн эмч Э.Эрдэнэчимэг “Манай эмнэлэг өдөртөө 22-25 ээжид төрөлтийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Үүний 30 орчим хувь нь мэс заслаар буюу кесар хагалгаагаар төрдөг. Төрөх тасаг маань боловсон хүчний хувьд хангалттай хүний нөөцтэй. Тодруулбал, 22 эмч, сувилагч, асрагчтай” гэсэн юм. Э.Эрдэнэчимэг 20 дахь жилдээ эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж буй. Эх, нярай эмэгтэйчүүдийн эмнэлэгт багшийгаа дагаж ажиллахаар ирж байжээ. Учир нь шинээр байгуулагдаж буй эмнэлэгт байр сууриа олсон сайн эмч нар тэр бүр ирдэггүй ажээ. Энэ тухайгаа “2020 онд Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирлаар Ж.Оюунцэцэг багш маань томилогдсон. Тэр үед би багшийгаа дагаад ажиллахаар ирж байсан” гэв.

Ж.Оюунцэцэг

Хүний нөөцийн асуудал шинээр байгуулагдаж байгаа эмнэлэгт битгий хэл байр сууриа олсон эмнэлгүүдэд ч тулгамдсан асуудал хэвээрээ байгаа. Тэгвэл тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ж.Оюунцэцэг өөрийн шавь нарын хамтаар “Яармагийн 300 орт” гэсэн брэндийг бий болгож чаджээ. Энэ тухайгаа  “Шинээр байгуулагдаж буй эмнэлэгт байр сууриа олсон сайн эмч нар  тэр болгон  ирдэггүй. Тиймээс арга буюу өөрийн шавь Л.Цэвэлмаа, Э.Эрдэнэчимэг, Б.Төмөрбаатар, О.Алтанзул, А.Баянбаатар, Б.Лхагвасүрэн нарыг урьж  ирүүлсэн. Мөн эх барих ,эмэгтэйчүүдийн эмчийн гараагаа эхэлж байгаа залуус маань  зориг шулуудан ирсэн. Манай эмч нар сэтгэл зүрхээрээ маш сайн ажиллаж энэ хэмжээнд хүргэсэн. Тэр хэдийгээ дагуулаад л зааж, зөвлөөд ажиллаж байна даа. Манай эмнэлэгт төрөх юм сан гэж боддог ээжүүд олон болжээ. Тиймээс биднийг гээд зориод ирж буй хүнийг харьяаллын дагуу үзнэ гээд буцааж болохгүй  шүү дээ. Тиймээс бид харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлдэг болсон. Жишээлбэл, өнгөрсөн долоо хоногт Архангай аймгаас ус нь гарсан ээж манай эмнэлэгт төрнө гээд ирж байна. Үүнийг хараад бидний үйлчилгээ иргэндээ хүрч чадаж байна уу даа гэж бодсон” гэсэн юм.

Эх, нярай эмэгтэйчүүдийн эмнэлэг 500 гаруй ажилтантай бөгөөд өдөрт 1000 гаруй  хүнд үйлчилгээ үзүүлдэг байна. Тэд зөвхөн эх,нярайн чиглэлээр бус төрөлжсөн үйлчилгээ үзүүлдэг аж. Тухайлбал, хиймэл оюун ухаанд суурилсан хөхний маммографи, умайн хүзүүний дуран, ангиографи, MRI, комьпютор, шүдний дэлгэмэл компотоор,зөөврийн болон суурин рентген зэрэг улсдаа цөөхөн байх тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлдэг ажээ. Үүний нэг жишээ бол хүндрэлтэй мэс засал буюу савыг нь авахгүйгээр мэс засал хийх аргыг эрэлхийлж, умайг судасгүйжүүлэх хагалгааг хийж байна. Одоо 13 хүнд хийгээд байгаа аж. Хуучин стандартаар явсан бол дээрх хүний амийг аврахын тулд савыг нь авчихсан байх байсан гэсэн үг.

Хором мөч бүрд хоёр хүний амь насийг авран хамгаалж буй Эх, нярай эмэгтэйчүүдийн эмнэлгийн хамт олонд цаашдын ажилд нь амжилт хүсэе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 68 (7565)