Б.Нямсүрэн

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп худалдааны тэнцлийг бий болгох зорилгоор дэлхийн улс орнуудад 10-54 хувь хүртэлх татвар ногдуулснаа зарласнаар дэлхий даяар хөрөнгийн бирж дээр хувьцааны үнэ огцом унаж, санхүүгийн индексүүд тасралтгүй уруудах болсон. Улс орнууд харилцан татварыг эсэргүүцэн, өөрсдийн зүгээс тариф тогтоох тухай хэдэн маргаан мэтгэлцээн өрнүүлж, дэлхий нийтээрээ донсолж хэлэлцэв. Тэгвэл санхүүгийн нөхцөл байдлыг таамаглаж байгаагүй эрс өөрчлөлтөд оруулсан шийдвэрээ эргэн харж завсарлага авснаа АНУ-ын ерөнхийлөгч пүрэв гаригийн үдэш зарлалаа. Энэхүү шийдвэрийн дагуу АНу-тай эдийн засгийн харилцаанд ордог 60 гаруй оронд хамаарах татварыг 90 хоногийн хугацаатай завсарлах болсноо мэдэгдэв.

“Америкийг дахин агуу болгоё” гэсэн уриатайгаар сонгуульд ялалт байгуулсан Д.Трампын шийдвэр Америкийг үнэхээр агуу болгох уу эсвэл агуу уналт руу хурдтай хөтөлж байна уу хэмээн хэдэн өдөр донсолсон санхүүгийн нөхцөл байдал эргэн сайжирч, хөрөнгийн бирж дээрх компаниудын хувьцаа богино хугацаанд хамгийн өндөр өсөлт үзүүлсэнээрээ түүхэн дээд амжилтдаа хүрчээ. Тухайлбал, Трампын ойрын хүрээлэлд багтдаг дэлхийн хамгийн баян хүн Илон Маскийн орлого нэг өдрийн дотор 304 тэрбум ам.доллароор нэмэгдэж, түүхэн дэх нэг өдрийн хамгийн өндөр өсөлтөөр бүртгэгдэв.

Ийнхүү тасралтгүй уруудсаар байсан эдийн засаг тогтох тийшээ хандаж, байдал наашилсан таатай мэдээллүүд цуварч эхэллээ. Үүнийг эдийн засгийн хэллэгт “Volatility” буюу тодорхой үзүүлэлт богино хугацаанд урьдчилан тааварлах боломжгүйгээр өсөх буурах, савлах үзэгдэл хэмээн нэрлэдэг.

Харин 90 хоногийн шийдвэр худалдааны дайн эхлүүлээд байгаа БНХАУ-д хамаарахгүй. БНХАУ нь АНУ-ын хувьд гурав дахь том худалдааны түнш юм. Өнгөрсөн жил АНУ-БНХАУ-ын худалдааны эргэлт $582.4 тэрбум ам.доллар байснаас 143.5 тэрбум ам.долларын экспортыг Хятад руу гаргаж, 438.9 тэрбум ам.долларын импорт хийснийг Эдийн засгийн анализийн тоймоос харж болно.

Трамп энэ сараас эхэлсэн харилцан татварын хүрээнд БНХАУ-д 54 хувийн татвар ногдуулсан бол БНХАУ хариу барьж АНУ-д 84 хувийн татвар ногдуулахаа мэдэгдсэн. Үүний дараа Цагаан ордоны зүгээс татварыг хоёр дахин нэмж 104 болгосон байсан бол 90 хоногийн завсарлага зарлахдаа АНУ-ын ерөнхийлөгч Хятадын талд 125 хувийн татвар ногдуулахаар шийдсэнээ мэдэгдэв. Ийнхүү өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн үйл явдлаас хоёр их гүрний худалдааны дайн 2.0 эхэллээ хэмээн бичих болсон нь ч сүр оруулсан мэдээллүүд биш байлаа. Учир нь Бээжингийн зүгээс Цагаан ордоны шийдвэрийн эсрэг эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ илэрхийлээд байгаа. Дэлхийн эдийн засгийг атгаж байгаа хоёр том гүрэн харилцан татварын дайн явуулж эхэлсэн нь арифметик бус бүр геометрийн прогрессоор өсөн нэмэгдэж түгшүүрийн дохио хангинуулаад байгаа ч 90 хоногийн завсарлага нь БНХАУ-д дам байдлаар эерэгээр нөлөөлөх үзүүлэлт хэмээн дүгнэж байна. Арилжааны мэдээллээс үзэхэд, “Shanghai Composite” индекс 1.29 хувиар өссөн бол “Shenzhen Component” индекс 9 757.98 нэгжид хүрч, 2.29 хувиар өсжээ.

Хонконгийн хөрөнгийн биржийн индекс мөн өссөн байна. Пүрэв гаргийн арилжаа эхлэхэд “Hang Seng” индекс 3.76 хувиар өсөж, 21 026.69 нэгж болжээ. Ийнхүү Трампын тарифыг 90 хоног хойшлуулах шийдвэр БНХАУ-ын худалдааны түнш орнуудад эерэг үзүүлэлт өгч байгаа нь эргээд Хятадын зах зээлд ч сайнаар нөлөөлж эхэлжээ.

Ямартай ч Трампын явуулж байгаа бодлогыг шууд дүгнэхэд эрт боловч 90 хоногийн хугацаагаар хойшлуулсан нь гэнэт өөрчлөгдсөн нөхцөл байдалд эерэг үр дүн авчирч эхлэв.

Эх сурвалж: Zms.mn