Б.НЯМСҮРЭН
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп цагаачлалын бодлогоо чангатгаж байгаа ч хөрөнгө орлоготой гадаадын иргэдэд нээлттэй хэмээн мэдэгдэж “Алтан карт” гаргаж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл таван сая ам.долларын босготой энэхүү алтан картнаас нэг өдөрт 1000 ширхэгийг худалдсан болохыг тус улсын Худалдааны сайд Ховард Лютник мэдэгджээ. Ерөнхийлөгч Д.Трамп нэг сая ширхэг ийм төрлийн картыг худалдсанаар таван их наяд ам.доллар босгох боломжтой тухай өмнө нь мэдэгдэж байсан юм. Таван сая долларын өртөгтэй “Алтан карт” нь АНУ-д байнгын оршин суух эрхийг гадаадын иргэдэд олгох бөгөөд одоогийн “EB-5” хөрөнгө оруулагчийн визийг орлож байгаа юм. Энэ нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа инфляцийг тогтоон барих, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах боломжтой хэмээн эрх баригчид үзэж байна. Алтан картыг худалдан борлуулах үйл ажиллагааг илүү хялбар болгох үүднээс тодорхой программ ашиглахаар ажиллаж байгаагаа Худалдааны сайд Ховард ярьжээ.
Эх сурвалж: zms.mn