Б.НАНДИН
Турк улсын Истанбул хотын дарга Экрем Имамоглуг өнгөрсөн пүрэв гаригт баривчилсан бөгөөд түүнийг авлига, террорист бүлэгтэй холбоотой гэсэн үндэслэлээр буруутган шалгаж байна. Түүнийг баривчлагдсаны дараа нийслэл Истанбулаас гадна Анкара зэрэг хэд хэдэн хотод эсэргүүцлийн жагсаал болж, эмх замбараагүй байдал бий болж эхэлсэн байна. Одоогоор 10 мянга гаруй иргэн Экрем Имамоглуг суллахыг шаардаж, жагсаж байна.
Эрх баригчдын зүгээс эмх замбараагүй байдлыг даамжруулахгүй байхыг анхааруулж буй. Хотуудад болж буй үймээнтэй холбоотойгоор одоогоор 343 иргэнийг баривчилсан тухай тус улсын Дотоод яамнаас бямба гарагт мэдээлэв. Мөн мөрдөн байцаалтын явцад улстөрч, сэтгүүлч, бизнесмен зэрэг 100 хүнийг баривчилжээ.
Экрем Имамоглуг Туркийн ерөнхийлөгч Т.Эрдоганы гол өрсөлдөгч хэмээн үздэг бөгөөд Истанбулын гудамж талбай, их сургуулийн хотхон, метроны буудлууд засгийн газрын эсрэг уриа лоозонгоор дүүрчээ. Жагсагчид “Эрдоган бол дарангуйлагч. Имамоглу чи ганцаараа биш” зэргээр эсэргүүцлээ илэрхийлж байна.
Имамоглуг саяхан ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэний дараа баривчлах үйл ажиллагаа явуулсан нь улс төрийн зорилготой хэмээн түүний тэргүүлдэг Иргэний бүгд найрамдах ардын нам үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 53 (7550)