Б.Дамдин

 

Цагдаагийнхан “Ноорог.мн”-ийг нэгжиж, техник хэрэгсэл, эд зүйлсийг нь хурааж аваад, ажилтнуудыг нь саатуулсан ажиллагааны дуулианаар энэ долоо хоног эхэлсэн. Хэрэг явдлын дараа хэвлэлийнхэн, олон нийт дургүйцээд эхлэхээр Цагдаагийнхан эв хавгүй, хүч түрэмгий мэдэгдлүүдээр бөмбөгдөв. Үүнд Хууль зүйн сайд ч оролцов. “...Би худлаа яриагүй, худлаа бол хариуцлага хүлээнэ” гэж байгаад “Ноорог.мн”-ийнхныг сэрдэж байгаа гэмт хэргүүдийг зарлав. Мөн “...Энэ ажиллагаа нь тус сайтын залуусыг хэвлэл, мэдээллийн үйл ажиллагаатай нь холбоогүй” гэж мэдэгдэв. Сайдын амнаас гараагүй ч нөгөөх цахим сүлжээгээр тарсан мэдээллээр энэ сайтын залуусыг өнөөх “М-Си-Эс”-тэй наагаад авлаа. Гэхдээ яг ямар сүлбээгээр “Ноорог.мн”, “М-Си-Эс” хоёр холбогдоод авсан нь нарийн тодорхой болоогүй байна. Нөгөөх “М-Си-Эс” нь ч “...Тийм ээ”, эсвэл “...Хамаагүй ээ” гээд тайлбар гаргачихгүй л байна. Уг нь, аль ч “үг”-ээр нь дуугарсан “Ноорог.мн”-д хамгаалалт болох байв.

 

Тэр хооронд “Ноорог.мн”-тэй холбоотой асуудлаар олон нийт байтугай, хэвлэлийнхэн ч талцаад амжлаа. Яг л Ухаахудаг дээр улсаараа хуваагдсан шиг болов. Хамгийн гол нь үүнээс болоод тэдний хэвлэн нийтлэх буюу контент бүтээх үйл ажиллагаа тасалдсан.

 

Яахав, Хууль зүйн сайд, цагдаагийн байгууллагынхны хэлээд байгаа асуудал нь тэгж байгаад нэг тийш болно. Урьдын иймэрхүү явдлуудын жишгээр тэр чигтээ нам жим болж ч мэдэх юм. Хамгийн гол нь цагдаагийн энэ ажиллагаанд манай хэвлэл мэдээллийн эрх чөлөө нэгжүүлээд, саатуулагдаад, хураалгачихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний байж байгаа царай, унаж хүрсэн түвшин энэ. Өнөөдөр дэлхий нийтийн хэвлэл мэдээллийн салбарынхны эдэлдэг наад захын эрх, эрх чөлөө манайд алга. “Хэн нэгэн” гомдол гаргахад мөрдөх албаныхан өдөр, шөнө хамаагүй хаалга өшиглөөд л ороод ирнэ. Нэгжинэ, хураана, байцаана. Яг үнэндээ, хэвлэн нийтлэх, мэдээлэх эрх маань шүүхийн шийдвэрийн хүрээнд л “тойм мэдээ” бичих хэмжээнд оччихсон. Шүүхээс урдахыг нь бичвэл шууд эрүүгийн хэрэгт унана. Монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөө ердөө л энэ.

 

Яг одоо Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн шинэ төслийн хэлэлцүүлэг явагдаж байна. Хэвлэл мэдээллийн салбарынхан ч идэвхтэй оролцож, хэлэлцүүлэг, уулзалтад нь очиж мөрөөдлөө яриад байгаа харагдана. Харамсалтай нь энэ хуулийн ирээдүй бүрхэг. Бүтэхгүй. Өмнөх “амьдрал”-аа эргээд нэг бодох хэрэгтэй. “...Гоё хуультай болно” гэж сэтгүүлчид хэдэн “үе”-ээрээ улстөрчдөд итгэж гүйсэн билээ лээ. Худлаа л байдаг. Тэгээд ч өнөөдөр манайд часхийсэн дөрвөн заалттай Хэвлэлийн эрх чөлөөний хууль бий. Гэхдээ нэг ч заалт нь хэрэгждэггүй, зөрчигддөг. Тийм учраас сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхан хуульгүй аж төрөөд байгаа юм. Дөрөвхөн заалттай хууль дахь эрхээ “тэг”-лүүлчихсэн байж 40 заалттай хуулиар эрхээ эдэлж чадах уу. Тэр худлаа. Товчхондоо, Монголд хэвлэлийн эрх чөлөө гэж байхгүй. Тиймээс, энэ удаад ч хулхидсаар байгаад л дуусна. Баталдаг юм гэхэд дөрвөн заалтаар ногтлуулж байснаа 40 заалтаар хазаарлуулна. Бүр чөдөрлүүлнэ. Тиймээс одоо байгаа хуулийнхаа дөрвөн заалтыг хэрэгжүүлж чадах аваас л Монголын хэвлэл мэдээллийн салбар одоо байгаа ёроолоосоо өндийнө шүү. Тэгэхгүй бол улс төр хэвлэл мэдээллийн салбараар “оролдсоор, тоглосоор” л байх болно. Улстөрчид батлан гаргаж буй хууль бүрээрээ хэвлэлийн эрх чөлөөнд хаалт тавьдаг. Ганц жишээ хэлье. Тэд ковидын үеийн Хэмнэлтийн хуулиар өдөр тутмын сонинуудад “буудан алах ял” оноочихсон. Хэмнэлтийн хэмээх тэр хуульд “...Хэвлэл захиалгыг хориглосугай” гэсэн үг хийсэн. Ийм “ял” шийтгүүлсэн хэдэн сонин сүүлийн таван жилд дурандаа л амьтай голтой явж байна. Угтаа, энэ бол зөвхөн өдөр тутмын хэдэн сонины асуудал биш. Үүгээр, монгол хүнд Үндсэн хуулиар олгогдсон үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх хийгээд хэвлэн нийтлэх, мэдэх, мэдээлэх зэрэг үндсэн олон эрхийг зөрчсөн. Гэтэл өдөр тумын сонинуудын захиалгын үнэ гэж хөгийн “юм” байдаг. Аль нэг өдөр тутмын сониныг аяга кофе, аятайхан жигнэмэгтэй авах үнээс ч хямдханаар бүтэн улирал захиалах боломжтой. Хэмнэлтийн хуулиар хэвлэл захиалгатай хамт спортын тэмцээн уралдаан, өөр юу юуг ч билээ дээ, хориглосон. Гэвч өнөөдөр хэвлэл захиалгаас бусад хориглосон арга хэмжээ төрийн бүх байгууллага зохиосоор байна. Тэд аргалж хийгээд байгаа юм л даа. Товчхондоо, Хэмнэлтийн хэмээх хууль төрийн байгууллагуудыг хулгайд л сургаж байна. Нэг үгээр хэлбэл, өнөөдөр “Ноорог.мн”-д оногдож байгаа хэвлэлийн эрх чөлөөг сэтгүүлчид энэ хэвээрээ байгаад байвал маргааш, нөгөөдөр бүгдээрээ эдэлнэ.

 

Түүнчлэн, хэвлэлийн эрх чөлөөтэй хамт хүний эрх бараг л “морг”-т орчихлоо. Монгол Улсын иргэдэд хотын түгжрэл, хортой утаанаас өмнө хууль хяналтын байгууллагын өмнө хүний эрх өчүүхэн зүйл болж хувираад байгаа юм. Хамгийн гол нь тэр бүхний тухай мэдээлэх ёстой сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад үүргээ хэрэгжүүлэх эрх нь хаалттай. “...Монгол хүний эрх” гээд хашгирвал өөрсдөө хуульд дуудагдана. Энэ нь, сэтгүүлч уг сэдвээр мэдээлэл авах, хэвлэн нийтлэх байтугай өөрсдийнх нь монгол хүний эрх ч байхаа больсон хэрэг. Ийм л Монголд амьдарцгааж байна, хэдүүлээ. Шулуухан хэлэхэд, засаг, “М-Си-Эс” хоёрын зодоонд хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө хоёр “хэрчүүлж” байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин