“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагын үйл ажиллагааны гол чиглэл бол тус байгууллагын бүх түвшнийг хамарсан нөлөөллийн кампанит ажил байдаг. RSF нь нөлөөлөл хийх, дэмжлэг туслалцаа үзүүлэх, редакцын бүтээл туурвих, тусгай төсөл хэрэгжүүлэх, мэдээлэл харилцааны үйл ажиллагаа явуулах зэргээр хэвлэлийн эрх чөлөө, баталгаатай мэдээлэл авах эрхийг хэрэгжүүлэхэд тулгарч буй гол асуудлуудыг шийдвэр гаргагчид болон олон нийтийн анхааралд хүргэж ажилладаг. Тус ТББ нь 2025 онд байгаль орчны сэтгүүл зүйг хамгаалах, дүрвэн гарсан хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүдэд дэмжлэг үзүүлэх, Энэтхэг дэх сэтгүүлчдийн эсрэг цахим орчны дарамттай тэмцэх хүчин чармайлтаа бэхжүүлнэ. Мөн шоронд хоригдож буй сэтгүүлчид, тэр дундаа Севинж Вагифгизи (Азербайжан), Френчи Мэй Кумпио (Филиппин), Пхам Доан Транг (Вьетнам), Сандра Мухоза (Бурунди) нарын сэтгүүлчдийг суллахыг шаардах ажлаа үргэлжлүүлнэ.
"RSF нь 2024 онд эрүүгийн маргаанаас эхлээд сэтгүүлчдэд газар дээр нь тусламж үзүүлэх хүртэл, хямралын хариу арга хэмжээ авахаас эхлээд хаагдсан сайтуудыг нээх хүртэл, төрийн тэргүүнүүд, тэр дундаа авторитар дэглэмүүдтэй яриа хэлэлцээ хийхээс эхлээд сэтгүүл зүйн үйл ажиллагааг хамгаалсан шүүхийн стандартыг санал болгох хүртэл үйл ажиллагаа явуулж, нийгмийн хөдөлгөөн өрнүүллээ. 2025 он шинэ шийдэл гаргах, нийгмийн хөдөлгөөн өрнүүлэх шинэ арга замуудыг эрэлхийлэх жил байх болно. Тэргүүлэх чиглэлийн кампанит ажил шинээр өрнүүлэх нь чөлөөт, хараат бус, олон ургальч сэтгүүл зүйг хамгаалах, сэтгүүлчдийг дэмжих, хүн бүрийн баталгаатай мэдээлэл авах эрхийг хамгаалах стратегийн салшгүй хэсэг юм" гэж RSF-ын Ерөнхий захирал Тибо Бруттин хэллээ.
“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага нь 2024 оны турш өндөр үр нөлөө бүхий үйл ажиллагаа явуулсан ба 2025 онд сэтгүүл зүйн үйл ажиллагаа, дэлхий даяар баталгаатай мэдээлэл авах эрхийн өмнө тулгарч буй сорил бэрхшээлийг даван туулах арав орчим тэргүүлэх чиглэлийн кампанит ажлаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Тус байгууллага нь 2025 онд хиймэл оюун ухаан ба сэтгүүл зүй, Сахелийн бүс, Украин, Газын зурвас зэрэг зөрчилдөөнтэй бүс нутагт ажиллаж буй сэтгүүлчдийг хамгаалах, Францад хэвлэл мэдээллийн олон ургальч, хараат бус байдлыг дэмжин хамгаалах, АНУ-д Трампын засаглал хэрэгжиж эхэлснээр хэвлэлийн эрх чөлөөнд учрах саад бэрхшээлд хариу үйлдэл үзүүлэх кампанит ажлуудыг хэрэгжүүлнэ.
Энэ жил дараах сэдэвчилсэн кампанит ажилд хүчээ нэгтгэхийг RSF зорьж байна:
-Нүүн шилжсэн, эх нутгаасаа дайжсан сэтгүүлчдийг дэмжих нь: RSF 2024 онд яаралтай тусламжийн сангийнхаа 70 хувийг дэлхий даяар хавчигдан гадуурхагдаж буй сэтгүүлчдийг нүүлгэн шилжүүлэхэд зориулжээ. Энэ жил тус ТББ-аас амь насанд нь аюул учирсны улмаас нутгаасаа дайжихаас өөр аргагүйд хүрсэн сэтгүүлчдэд анхаарал хандуулах, тэдэнд үзүүлэх тусламж дэмжлэгийг бэхжүүлэх тэргүүлэх чиглэлийн кампанит ажил зохион байгуулж байна.
-Энэтхэгт сэтгүүлчдийг үй олноор нь мөшгөн хавчихтай тэмцэх нь: Сэтгүүлчид цахим болон цахим бус орчинд сүрдүүлэг заналхийлэлд өртөх нь нэмэгдсээр байна. Сэтгүүлчдийн ажлыг гутаан доромжлоход цахим орчин дахь дарамт, зохион байгуулалттай үзэн ядах кампанит ажил, тролл ажиллагаа, хуурамч бичлэг гэх мэт арга хэрэгслийг өргөнөөр ашиглах болсон. Үүний зэрэгцээ, тэдний дуу хоолойг шүүхийн дарамт шахалт ашиглан боомилох нь түгээмэл байна. RSF нь хавчигдан гадуурхагдаж буй эдгээр хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүдийн хэргийг эрэн сурвалжлах, илрүүлэн илчлэх, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэхийг чармайж байна.
-Байгаль орчны сэтгүүл зүйг хамгаалах нь: Энэтхэгт сүүлийн 10 жилийн хугацаанд амь үрэгдсэн сэтгүүлчдийн талаас илүү хувь нь байгаль орчны асуудлыг сурвалжилж байсан тухай, мөн Амазон дахь байгаль орчны сэдвээр эрэн сурвалжилга хийж буй сэтгүүлчид өндөр эрсдэлтэй тулгардагийг RSF тогтоожээ. Тус ТББ нь энэ чухал сэдвээр ажиллаж буй сэтгүүлчдийг хамгаалах, мэдээ сурвалжилга бэлтгэх чадварыг бэхжүүлэхийг зорьж байна. Түүнчлэн, арваннэгдүгээр сард Бразил улсад болох уур амьсгалын “COP30” уулзалтаар байгаль орчны сэтгүүл зүйг хамгаалах, хуурамч мэдээлэлтэй тэмцэх асуудлыг чухалчлан авч үзэхийг уриалахаар төлөвлөж байна.
Эмэгтэй сэтгүүлчдэд аюул тулгарч байна
RSF нь эдгээр сэдэвчилсэн кампанит ажлаас гадна анх удаа зөвхөн эмэгтэй сэтгүүлчдэд холбогдох кейсийн бүртгэлээ баяжуулав.
-Севинж Вагифгизи (Азербайжан): Авлигатай тэмцэх эрэн сурвалжлах Absaz Media ХМХ-ийн ерөнхий редактороор 25 жил ажилласан Севинж Вагифгизигийн кейс нь Азербайжанд 2023 оны арваннэгдүгээр сарын 20-нд эхэлсэн их хэлмэгдүүлэлтийн тод жишээ юм. Ерөнхийлөгч Ильхам Алиев булхай, луйвраар явагдсан сонгуулийн дараа эрх мэдлээ зузаатгаж буйн улмаас сэтгүүлчид, бусад шүүмжлэгчид хатуу шийтгэл хүлээх эрсдэлтэй тулгарч байна.
-Френчи Мэй Кумпио (Филиппин): 25 настай сэтгүүлч Френчи Мэй Кумпио "галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн", "терроризмыг санхүүжүүлсэн" гэх зохиомол хэргээр 40 жилийн хорих ял сонссон. Түүний кейс нь Филиппинд эрх баригчдын эмзэгт тооцдог сэдвүүдийг сурвалжилсных нь төлөө сэтгүүлчдийг хорлон сүйтгэгч, террорист хэмээн цоллодог "улаан шошго зүүх" ажиллагааны ноцтой байдлыг илтгэж байна.
-Пхам Доан Транг (Вьетнам): Сэтгүүлч, блог хөтлөгч, RSF-ын 2019 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналын эзэн Пхам Доан Транг 2020 оны аравдугаар сараас хойш шоронд хоригдож байгаа бөгөөд түүнд оногдуулсан есөн жилийн хорих ялаас эдлээгүй таван жил үлдсэн. Өдгөө 39 сэтгүүлч шоронд хоригдож буй Вьетнам улсад Пхам Доан Транг нь өргөн хүрээг хамарсан мөрдлөг, хавчлагыг сөрөх тэмцэлд дайчлан зоригжуулсаар байна.
-Сандра Мухоза (Бурунди): 2024 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс хойш саатуулагдан хоригдож буй “La Nova Burundi” онлайн мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчийг 2024 оны арванхоёрдугаар сард 21 сар хорих ялаар шийтгэсэн. Тус улсад 2025 оны тавдугаар сард сонгууль болохтой холбогдуулан RSF нь ерөнхийлөгч Эварист Ндайишимиед хандаж, Сандра Мухозаг суллахыг уриалав. Тус байгууллага өмнө нь мөн ерөнхийлөгчид хандан, 2024 оны наймдугаар сард сэтгүүлч Флориан Ирангабиег суллахад нөлөөлж байв.
2025 онд “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагын 40 жилийн ой тохиож байна. Энэ үйл явдлыг тохиолдуулан тус байгууллага оны сүүлээр сэтгүүлчид, олон нийтэд нээлттэй цуврал арга хэмжээ зохион байгуулна. Хөтөлбөрийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл egarcia@rsf.org хаягаар Хэвлэл мэдээлэлтэй харилцах, нөлөөллийн асуудал хариуцсан ажилтан Елена Гарсиатай холбогдоно уу. |
Эх сурвалж: RSF Asia-Pacific Bureau