П.АМГАЛАНБАЯР
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хөгжим хэмнэл” буландаа “Chinzo’s records room” дэлгүүрийн үүсгэн байгуулагч Г.Чинзориг онцолж байна. Тэрээр барилгын инженер мэргэжилтэй ч сонирхлоороо пянзны дэлгүүр ажиллуулж байна.
-Та хэзээнээс пянз сонирхож, цуглуулж эхэлсэн бэ?
-Намайг бага байхад л манай гэрт пянз тоглуулагч байсан. 1960-аад оны сүүлчээр гэсэн үг. Анх ах маань надад нэг оросын пянз авчирч өгч өөрийн гэсэн пянзтай болж байлаа. Миний пянзны багш бол Үндсэн хуулийн цэцийн гишүүн байсан Ш.Цогтоо ах. Цогтоо ахын гэрт очин пянз сонсоно. Тэр үеэс л пянзны дуугаралт ямар байдаг, сайн хөгжим яаж дуугардаг гэдгийг мэддэг. Тэгээд надад тухайн үеийн хит түүвэр болж байсан пянзыг бэлэглэж байлаа. Оюутан болохдоо ч гэсэн баахан кассет чемодандаа хийгээд ирж байсан.
Тухайн үед дэнжийн 1000-ийн зах дээр пянзны булан байлаа шүү дээ. Ховор пянзнуудаа зардаг, солилцдог байсан. Тэгээд хамгийн анх оюутан байхдаа 150 төгрөгөөр хамтлагийн нэг альбом авч байлаа. Энэ миний өөрөө авсан хамгийн том худалдан авалт болж байсан. Пянзаа сугавчлаад л оюутны байрандаа урилгаар очиж диско тавьж өгдөг байлаа. Тэгээд 1990 онд нийгмийн том давалгаанд цохиулаад хөгжимтэй манатай болсон доо.
-Сонирхолтой дурсамж байна. Гэхдээ л та сонирхлоо орхилгүй пянзны дэлгүүртэй болжээ?
-2015 онд хүмүүс пянзны тухай мэр сэр ярьдаг боллоо. Тэгээд л сонирхлоо дагаад Оросын нэг сайтаас анхныхаа 50 ширхэг пянз, пянз тоглуулагч худалдаж авсан. Тэр үеэс хойш хойш пянзаа цуглуулаад эхэлсэн. Гэхдээ пянз ховор байсан үе л дээ. Энэ тэндээс хүмүүс пянз авчирсан байна гэвэл өрсөлдөөд л авдаг тийм үе байлаа. Би бас Германд сурдаг байсан нэг дүүдээ пянз захиалж авдаг байсан юм. Нэг удаа дүү маань “Ах аа хоёулаа пянзны дэлгүүр хамтарч нээх үү” гэж байна. Тэгээд 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд дэлгүүрийнхээ нээлтээ хийнэ гээд бүх зүйлээ төлөвлөчихсөн байтал ковидын анхны хорио тогтоочихсон. Гэхдээ манай пянз сонирхогчид бол хүрээд л ирсэн. Тэгээд л нээлтээ хийж байлаа. Түүнээс хойш дөрвөн жил болж байна.
-Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн газар бий. Танай дэлгүүрийн ялгарах онцлог гэвэл?
-Манай дэлгүүр пянз болон пянз тоглуулагчаа Германаас оруулж ирдэг. Мөн монголынхоо уран бүтээлчдийн пянзыг Германд хэвлүүлэх ажлаа 2021 оноос эхэлсэн. Мөн Испани Швед, Голландад хэвлүүлж байна. Ер нь Америк, Герман, Япон бол пянзны чанар, дуугаралт чанарын хувьд дэлхийд тэргүүлдэг. Одоогоор 20 гаран пянз хийсэн байна. Зарим нь замдаа явж байна. Аналог дуугаралт, амьд дуугаралт нь хамгийн ээлтэй гэдэг утгаараа хүмүүс пянзыг сонирхож эхэлснээс хойш одоо хуучны пянзнуудыг ч дахиж шинээр үйлдвэрлэж байна.
2014 онд “Хурд” хамтлагийнхан алтан пянзаа гаргасан. Орчин цагийн пянзны эхлэлийн хамгийн анхны пянз гэж хэлж болно. Дараа нь “Лемонс” хамлаг, “алтернатив” Отгоо гээд шилдэг дууныхаа түүвэр пянзаа гаргасан. Рок попынхон түлхүү пянзаа хэвлүүлдэг байсан бол одоо үндэсний урлагийнхан ч мөн пянзаа хэвлүүлээд эхэлчихсэн байгаа. Удахгүй Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа хоёрын пянз Германд хэвлэгдээд ирнэ. Ер нь пянз хийлгэе гэвэл одоо бүгд л чөлөөтэй шүү дээ. Гэхдээ пянзанд тавигддаг шаардлагуудыг сайн судлах хэрэгтэй.
-Пянзны хадгалалтын тал дээр та зөвлөгөө өгвөл?
- Пянзыг босоогоор хадгалдаг. Нарны шууд тусгал болон дулаан ялгаруулдаг төхөөрөмжөөс хол байлгах хэрэгтэй. Пянзны материал нь нэг төрлийн хуванцар учраас хэлбэрээ алдана, гажилт өгнө. Пянзыг тэр нарийн хөндий зам дотор биччихсэн байгаа шүү дээ. Тэр дотор тоосонцор ороод хуримтлагдахаараа пянзны дуугаралтад нөлөөлөөд эхэлдэг.
Пянзыг сайн хадгалж чадвал хэдий удаан цаг хугацаа өнгөрсөн ч чанар, дуугаралт нь хэвээрээ байна гэсэн үг. Хоёрдугаарт, цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэн нь илүү өсдөг. Пянзыг ямар аппаратураар сонсох вэ гэдэг нь л их чухал болж байна. Сайн хөгжмөөр сонсоно гэдэг ялгаатай.
-Пянз худалдан авахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?
- Пянз тоглуулагч авахдаа гэртээ хаана тавих гэсэн орон зайгаа болон санхүүгээ төлөвлөх хэрэгтэй. Ер нь зурагтын хоёр талд хоёр спикерээ тавьчихвал орон зайны хувьд гоё сонсогддог. Боломжтой гэвэл зурагтын өмнөх мөлхөө тавилгаа пянзны тавиур болгоод дотор нь пянзаа хийгээд тавьчихвал буйдан дээрээ суугаад сонсоход тохиромжтой.
Хамт ажилладаг Гэсэр найз маань тэдэн оны, тийм альбомд, тийм дуу байгаа гээд сайн мэддэг. Тийм учраас үйлчлүүлэгчдээ зөвлөгөө өгөөд ажиллаж байна.
-Танай дэлгүүрт ховор, содон зүйлүүд их байна. Кассетнууд бас их сонирхол татаж байна?
-Сүүлийн үед соронзон бичлэг буюу кассет эргээд дэлгэрч байна. Манайх ч гаргасан пянзнуудаа кассетаар дахиж гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Монголын хамтлаг дуучдаас миний мэдэж байгаагаар “The Hu” хамтлагийн кассет гарчихсан байгаа. Мөн “Лемонс” хамтлаг кассетаар цөөн тооны альбом гаргачихсан, зах зээл дээр гараад дуусчихсан. Кассет пянзыг бодвол арай хямд. Дуугаралтын хувьд бол яг адилхан аналог.
-Таны сонирхлын тухайд асуухад, пянз сонсохын сайхан мэдрэмж нь гэвэл?
-Пянзны дуугаралт гоё шүү дээ. Пянзыг сонсохдоо гаргаж ирээд л гадна ковер уутыг нь харна. Тэр чинь өөрөө урлаг болчихсон. Доторх агуулгаасаа үл хамаараад зөвхөн пянзны ковер артаар шилдгүүдийг тодруулсан байдаг.
Тэгэхээр пянзаа сонсохын тулд эхлээд ковероо харна. Дараа нь пянзаа гаргаж тавиад, тохируулаад л тэр бүхнийг бодитоор мэдрээд явах нь өөрөө их сайхан санагддаг. Пянзыг хүмүүс хоёр янзаар цуглуулаад байгаа. Студи альбомоор нь цуглуулж байгаа хүмүүс байна. Эсвэл шилдэг дуугаар нь цуглуулдаг.
-Таны хувьд ямар төрлөөр цуглуулдаг вэ?
-Зарим нэг хэдэн хамтлаг дуучдын пянзыг студиэр студи альбомоор нь цуглуулдаг. Бусдыг нь бол шилдэг дуугаар нь цуглуулж байна.
-Таны цаашдын төлөвлөгөөг хуваалцмаар байна?
-Хүмүүст сонголт хийхэд нь туслах зорилгоор пянз тоглуулагчийг хэрхэн сонгох, тохиргоог яаж хийх, өсгөгч спикерийн тохиргоог яаж хийх талаар богино хэмжээний рийл, подкаст хийх талаар төлөвлөсөн ажил байгаа. Ер нь олон уран бүтээлчдийн уран бүтээлийг пянзны порматаар хэвлээд гаргачихвал нийтэд хүртээмжтэй болох байх. Тэр тал дээр л ер нь түлхүү жаахан ажиллаасай гэсэн хүсэлтэй байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 53 (7550)