Ц.БАЯР

2023 онд Монгол оронд 621 мөстөл, мөсөн гол тоологджээ. 1945-2000 он гартал 60 жилд манай орны мөстөл, мөсөн гол 23 хувиар багассан бол сүүлийн 20 жилд нэмж 30 хувиар багассан гэв. Мөстлийн талбайн алдарлын зэрэг сүүлийн 10 гаруй жилд 3 дахин нэмэгдсэн. 80 жилд Монголын мөстөл 50 хувиар хайлсан гэв. Энэ тухай Дэлхийн усны өдөрт зориулсан "Цэнхэр алт" Үндэсний II чуулганд Мөстөл, мөсөн голууд хайлж буй судалгааг танилцуулсан Цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн судлаач, доктор Х.Пүрэвдагва илтгэлдээ онцолсон. Түүнтэй энэ тухай тодруулж ярилцав.

- Мөстөл багасаж байгаа шалтгаан нь?

⁃ Уур амьсгал, дулааралтай холбоотой. Дээр нь хуурайшилттай холбоотой газрын гадаргын хөрсний доройтлоос үүдэлтэй маш их тоосонцор агаарт дэгддэг. Эдгээр нь мөстлүүдийн гадаргуу дээр бууснаар мөстлийн гадарга дээр зохиомол халалт бий болгодог. Мөсний гадарга дээрх нарны цацрагийн шингээлтийг нэмж зохиомол халалт үүсгэж мөс их хэмжээгээр хайлдаг. Мөстөл багасахаар яах вэ? Далайн түвшин нэмэгдэж, зэрлэг ан амьтны амьдрах орчин, биологийн олон янз байдал алдагдана. Байгаль цаг уурын гамшигт үзэгдлийн давтамж ихээр нэмэгдэж, зарим газар үер, зарим газар усны гачаалд орж хуурайшна. Сүүлийн үед хөрсний гулгалт ихээр нэмэгдэж байна. Мөстлийн гаралтай нууруудад байгуулсан усан сан энэ их өндөр хайлалтыг дийлэлгүй задрах гээд аюултай үзэгдлүүд бий болсон.

-Манайд мөстлийн хайлалт хэр хурдан байна?

-Дэлхийн хуурай газрын 10 хувь буюу 15 сая км2 талбай мөсөөр хучигдсан. Энэ том талбайн мөс жилд дунджаар 1.2 м-ээр хайлж байна. Гэтэл Монгол орны хувьд Алтай Таван Богдын мөсөн гол, Хархираа, Түргэний мөсөн голууд жилд дунджаар 2,5-3м хайлж байна. Харин Сутай, Цамбагарав гээд 3800м түүнээс дээш харьцангуй өндөрт оршдог мөстлүүдийн хувьд 0,5-1м орчим хайлалттай байна.

⁃ Тийм огцом хайлж байна гэж үү?

⁃ Таван таван богдын Потанины мөсөн голоор жишээ авахад 3200-3500 хүртэл м өндөрт жилд 5-6м мөс тэр чигээрээ урсаад хайлаад алга болчхож байгаа юм. 3500 -аас дээш бол бэлдээ 2м, 3800м орчимд очихоор 00 болно. 3900м-ээс эхлээд мөс хуримтлагдаж эхлэх ёстой. Гэхдээ 2023 он хүртэл ингэж явсан. 2024 оны зунаас эхлээд оройных нь мөс нэмэгдэж эхлэх байтал бас хайлалтад өөртөөд эхэлсэн. Дараа жилээс хэр зэрэг хайлах бол... эсвэл энэ чигээрээ явбал хайлалтын бүс нь томроод хуримтлалын бүс жижгэрээд явна гэсэн үг.  Ёлын ам зэрэг газарт мөсөн голоо үзэж харж чадахаа болино гэхээр гунигтай санагдаж байна.

- Ирээдүйн тооцооллыг хийсэн үү?

⁃ Монгол орны хувьд ийм тооцоо хийгээгүй, хийх ч нөхцөл муу байна. Дэлхийн том төвүүдийн судалгаагаар Азийн өндөр уулын бүс Төвөдийн өндөрлөгийг тойрсон өндөр уулын бүсэд 1,5-2 градусаар агаарын температур нэмэгдээд байгаа. Энэ түвшинд байвал 2100 он гэхэд тэр том мөстлийн талбай 50 хувь багасна гэсэн тооцоо байгаа. Тэр том мөстөлтэй харьцуулахад манай өндөр уулын мөстөл өчүүхэн. Гэхдээ мөстөл нь нөхөн сэлбэгдэж байдаг нөөц гэж ойлгох хэрэгтэй. Хангалттай хуримтлагдаж чадвал доод мөстлөө тэжээнэ. -Монгол орны хамгийн өндөр хайлалттай мөстөл мөсөн гол? Алтай Таван богдын хүн болгоны очих дуртай цагаан голын эхэнд байгаа Александр, Потанин гэсэн монголын хамгийн том хоёр мөсөн гол л хамгийн их хайлалттай байна даа. Цагаан гол өөрөө мөсний урсгал шүү дээ.

-Нээрээ тэр гол яагаад цагаан юм бэ?

-Мөсний хөдөлгөөнтэй холбоотой. Тэр их том олон зуун сая тн жинтэй мөс байнгын хөдөлгөөнд оршдог. Хөдлөх явцдаа газрын хөрс чулуулгийг бутлаад гурил шиг нунтаглачихдаг. Тэгэнгүүт дээрээс хайлах ус мөсний ан цав ангалаар урсаж гарахдаа цагаан нунтгыг угааж хамаад явчихдаг. Энэ нь цагаан өнгөтэй болгоод багаа юм.

-Мөстөл, мөсөн голын хамгаалалт биднээс ахадсан ч гэж бодож болох юм зарим нь. Яаж хамгаалах вэ?

-Мөсийг хамгаалах нь зайлшгүй гээд дэлхийгээрээ ойлгоод энэ жил ийм уриалгыг гаргаад байна л даа. Хамгаалах ганцхан боломж нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах. Үүний тулд хүлэмжийн хийг багасгана. Хамгийн түрүүн нүүрс, газрын тос зэрэг шатах түлшний хэрэглээг бууруулах, сэргээгдэх эрчим хүчээр нөхөж, нүүрс төрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх ёстой. Өндөр уулын бүст байгаа уул уурхайг болиулах ёстой. Өндөр уулын бүс дэх бэлчээр ашиглалтыг зүй зохистой болгохгүй бол хөрсний элэгдэл доройтолд ихээр өртөнө. Өндөр уулын бүсийн хөрс доройтож ядуурсан тохиолдолд маш их хуурайшилт бий болж тоос тоосонцор агаарт дэгдэж, салхинд туугдаж мөсөн гадарга дээр буухаараа зохиомол халалт үүсгэдэг. Зөвхөн цацрагийн нөлөөгөөр хайлалтыг нэмчихдэг. Мөн өндөр уулын бүст тоос тоосонцрын ажиглалтыг маш яаралтай эхлүүлэх ёстой. Тодорхой мониторингийн мэдээ гарсны дараа нөлөөг тодорхойлж, шинжлэх ухааны үндэс, баримттай тоо судалгаан дээр үндэслэх ёстой.

Эх сурвалж: zms.mn