Ц.БАЯР
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Дэлхийн усны өдрийг “Цэнхэр алт” Усны үндэсний II чуулганыг “МӨСТӨЛ, МӨСӨН ГОЛОО ХАМГААЛЪЯ” уриан дор Усны салбарын төр болон хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл бүхий 1200 гаруй хүний оролцоотой амжилттай зохион байгууллаа.,Төрийн ордонд болсон уг чуулганаар Монгол орны уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход Усны нөөцийн нэгдсэн менежментийн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, Монгол орны мөстөл, мөсөн гол, цэвдгийн төлөв байдал, өөрчлөлт, ирээдүйн хандлага, Туул голын өнөөгийн байдал, Усны салбар дахь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, цаашдын зорилтыг тодорхойлон хэлэлцэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганд хэлсэн үгэндээ "Уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын нөлөөгөөр хуурайшилтын давтамж нэмэгдэж, дэлхийн цэнгэг усны нөөцийн 70 хувийг бүрдүүлдэг мөстөл, мөсөн гол хайлж, цэвдгийн алдрал эрчимжиж байгаа нь тогтвортой хөгжлийн зорилтод томоохон эрсдэл учруулж, ундны усны хүртээмж буурч, дэлхийн 3.6 тэрбум хүн усны хомсдолд өртөөд байна" хэмээн онцолсон. Цаашид энэ тоо 2050 он гэхэд таван тэрбумд хүрч, дэлхийн хүн амын 40 хувь нь цэвэр усны дутагдалд орох эрсдэлтэй байгааг судлагааны дүн мэдээ харуулж байна. Усгүйгээр хүн төрөлхтөн, ан амьтан, байгаль дэлхий дээр оршин тогтнох боломжгүй бөгөөд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын нөлөөгөөр хуурайшилтын давтамж нэмэгдэж, гол горхи, нуур, булаг шанд ширгэж, мөстөл, мөсөн голууд хайлж байгаа энэ цаг үед усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, хуримтлуулах асуудалд онцгой анхаарал хандуулсан нээлттэй, бодит үр дүнд хүрэхэд чиглэсэн, гарц шийдлүүдийг хэлэлцсэн чуулган боллоо хэмээн дүгнэж байна. Чуулганаас Хууль эрхзүй, засаглалыг сайжруулах, Усны нөөцийг хомсдол, бохирдолоос хамгаалах, хуримтлуулах, Салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэх, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, Олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлүүдээр эрчимжүүлэх, сайжруулах, хэрэгжүүлэх, шинэчлэх 14 ажлыг онцоллоо.
Эх сурвалж: zms.mn