Б.НАНДИН
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Газад өгсөн Израилын агаарын цохилтын талаар мягмар гарагт хэлэлцжээ.
Газын эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын мэдээлснээр, агаарын цохилтын улмаас 404 хүн амь үрэгджээ. Палестинаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Рияд Мансур “Палестинчуудыг хавтгайруулан хөнөөж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээс татгалзаж, эрэмдэг зэрэмдэг болгож, хавтгайруулан баривчилж байна” хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Мөн олон улс орны төлөөлөгчид гал зогсоох хэлэлцээрийг үргэлжлүүлэх байр суурийг илэрхийлэв.
Их Британи, Франц, Оросын төлөөлөгчид байлдааны ажиллагааг нэн даруй зогсоохыг уриалсан байна.
Харин АНУ эсрэг байр суурьтай байна. НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Дороти Ши “ХАМАС иргэний дэд бүтцийг хөөргөх талбай болгон ашигласаар байгааг олон нийт сайн мэдэж байна. АНУ энэ үйлдлийг буруутгаж байна” гээд бусад улсыг ижил байр суурьтай байхыг уриалжээ.
Харин Изралын төлөөлөгч “ХАМАС бүлэглэлийнхэн барьцаанд байгаа хүмүүсийг суллахаас татгалзсаар байгаа тул цохилт өгөх шаардлагатай байсан” гэжээ.
ХАМАС-ын улс төрийн товчооны гишүүн Басем Наим “ХАМАС бүлэглэлд шахалт үзүүлснээр барьцаалагдсан хүмүүсийг суллана гэж Израил болон Америкийн эрх баригчид үзэж байгаа бол энэ бол төөрөгдөл. Бид тулалдахыг хүсэхгүй. Гэхдээ шаардлагатай бол бид бүх арга замаар өөрсдийгөө хамгаалах болно” гэснийг NHK дамжуулав.
Эх сурвалж: zms.mn