П.ЖАРГАЛ
Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зургийн тусгай үзэсгэлэнг энэ оны хоёрдугаар сарын 7-27-ны өдөр “Монгол арт” галерейд анх удаа олон нийтэд дэлгэсэн билээ. Нийслэл хүрээний 113 жилийн ойг тохиолдуулан гаргасан “Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг (XVIII-XX зууны эхэн үе)” сэдэвт энэхүү тусгай үзэсгэлэнг олны хүсэлтээр Зүүн хүрээ Дашчойлин хийдтэй хамтран дахин дэлгэж байна.
Үзэсгэлэн Дашчойлин хийдийн “Хүрээ Майдар” дуганы “Соёмбо” танхимд өнөөдөр 11.00 цагт нээлтээ хийж, дөрөвдүгээр сарын 13 хүртэл үргэлжлэх юм.
Анхдугаар Богд Жавзанндамба хутагтыг таван сүүдэртээ байхад долоон хошуу халхчууд Ширээт цагаан нуурт шашны тэргүүнээ өргөмжлөн залж, шар бөсийн хот өргөөг барьж өргөсөн ажээ. Тэр нь аажимдаа өргөжин Богдын хүрээ хэмээн нэрлэгдэх болсон юм. Өндөр гэгээн 1651 онд өргөөнийхөө зохион байгуулалтыг өөрчлөн ТөвӨдийн Жамъянцорж Брайбун хийдийг байгуулсан адилаар Андуу нарын, Жасын, Сангай, Зоогоо, Хүүхэн ноёны, Дархан эмчийн, Өрлүүдийн долоон аймгийг анхлан үүсгэсэн гэдэг. Хожим XIX зууны эцэс, XX зууны эхээр хүрээний хамгийн отгон аймаг болох Эх дагины аймаг 1903 онд байгуулагдсанаар их хүрээ нийт 30 аймагтай болсон билээ. Эдгээр гучин хүрээ аймгаас Вангай, Эрхэмийн аймгийн дуганы суурин дээр хурал номын үйл ажиллагаагаа сэргээн авч яваа Дашчойлин хийд “Зүүн хүрээ” нь энэхүү нэрийг залгамжлан хэрэглэж байгаа ажээ.
Эх сурвалж: zms.mn