Т.САЙХАН

Эрүүл мэндийн байгууллагуудаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр /01.13/ ээлжит мэдээлэл хийлээ. Нийслэлийн эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн газрын дарга Б.Батцоож "Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин 2025 оны нэгдүгээр долоо хоногийн байдлаар нийслэлийн хэмжээний дэгдэлтийн түвшинд байна. Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 76943 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 7860 тохиолдол оношлогдсон буюу нийт үзлэгийн 10.2 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дундажаас 2.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Нийт өвчлөгсдийн 22.8 хувийг 0-1 нас, 18.1 хувийг 2-4 нас, 14 хувийг 5-9 нас, 20.2 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байна. Түүнчлэн нийслэлийн түргэн тусламжийн төвд сүүлийн долоо хоногт нийт 15025 дуудлага ирснээс 21 хувь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна. Вируслогийн шинжилгээнд томуугийн A(H1N1)pdm09, амьсгалын замын синцитиаль вирус, SARS-CoV-2, аденовирус, риновирус, ижтомуугийн вирус тус тус эргэлтэнд байна. Нийслэлийн хэмжээнд 21 эмнэлгийн хүүхдийн хэвтэн эмчлүүлэх үндсэн 1329 ор дээр нэмэлтээр 1430 ор дэлгэж нийт 2759 ор дээр тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тодруулбал, 2025 оны нэгдүгээр сарын 13-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 21 эмнэлэгт 1517 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс Эрүүл мэндийн яамны харьяа 4 эмнэлэгт 567, бусад яамдын харьяа 4 эмнэлэгт 126, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 13 эмнэлэгт 824 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нийт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 85.9 хувийг амьсгалын замын өвчлөл эзэлж байна. Орны ачаалал үндсэн орноос тооцоход өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад  13.7 хувиар буурсан байна. Түүнчлэн амралтын өдрүүдэд 21 эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн хэсгээр нийт 1885 хүүхэд үзүүлсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 18 хувиар буурлаа" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn