С.УРТНАСАН

 

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш, “Алма-Матер” оны шилдэг оюутан шалгаруулах ёслолын арга хэмжээ энэ сарын 22-ны өдөр боллоо. Энэ жил олон улсын зэрэглэлтэй болж, гадаадад  мэргэжил эзэмшиж байгаа монгол оюутан тэнцэж орсон. Мөн монголд мэргэжил эзэмшиж байгаа гадаад оюутнууд оролцох боломжтой болсноороо онцлогтой. “Алма-матер” шагналын үр дүн нь онц сурахаасаа илүүтэйгээр хамт олон найз нөхдөдөө зөв үлгэр дуурайлал үзүүлж нөлөөлж чаддаг, бусдад хамгийн сайхан итгэл, боломжийг үзүүлж уриалан дуудаж чаддаг ирээдүйн удирдагчийг гаргаж ирдэг гэж ойлгож болно. Нийгэмдээ зөв нөлөөллийг үзүүлж чаддаг залуучуудыг гаргаж ирэхэд энэ шагналын зорилго оршино.

Энэ жилийн “Алма-Матер” шагналын эздийг танилцуулъя.

 

 

“АЛТАНГАДАС” ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ ТАВАН БАГШ

 

Отгончулууны Мөнхчимэг
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль Англи хэлний тэнхимийн багш

Тэрээр боловсролын салбарт 14 жил англи хэлний багш мэргэжлээрээ ажилласан ба хэл шинжлэх ухааны доктор юм. Өөрийг нь “Алтангадас” шагналыг авахад тодорхойлж өгсөн оюутны хөгжлийн төвийнхөндөө болон сургуулийн хамт олон хүмүүнлэгчүүддээ талархал илэрхийлсэн бөгөөд “Монгол орон даяар 51 салбартай залуучуудын холбоо гэх том айлд орж шагнагдаж байгаадаа баяртай байна” гэв. О.Мөнхчимэг 2024 онд бусдыгаа манлайлсан эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээс дурдвал, Тайландын Бангкок хотод болсон Sustainable Education хуралд болон энэ жил тус хотод зохиогдсон Олон улсын “Universal Youth Leadership Summit 2024”-д өөрийн илтгэлээ тавьжээ. Тэрээр энэ онд The 4th international conference on language teaching and learning - the role of modern technology in language teaching: innovations and challenges болон өөр дөрвөн өгүүлэл илтгэлүүдийг хэвлүүлжээ.

Рэнцэндондовын Батмягмар
“Монос” группийн харьяа Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Сагсан бөмбөгийн дасгалжуулагч арга зүйч

Р.Батмягмар нь Төв аймгийн Залуучуудын Холбооны нэрэмжит “Төв аймгийн аварга шалгаруулах сагсан  бөмбөгийн тэмцээнд Угтаалцайдам сумаас оролцож тэргүүн байр эзэлсэн. Мөн баруун бүсийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд Угтаалцайдам сумаа төлөөлөн оролцож оролцож тэргүүн байрыг эзэлж байжээ. Цаашлаад Монголын залуучуудын холбооны нэрэмжит 21 аймаг, есөн дүүрэг оролцсон сагсан бөмбөгийн тэмцээнд Төв аймгийн шигшээ багаа төлөөлөн амжилттай оролцож өөрийн авхаалж самбаа, хүчин зүтгэлээр салбараасаа тодрон гарч энэхүү шагналын болзлыг хангаж чадсан юм. Тэрээр “Энэ жил олон лигт дасгалжуулагчаар ажиллаж, ихийг хийж бүтээж амжуулсан жил байлаа. Тэр хэрээрээ амжилт гаргалаа тусалж дэмждэг байгууллагын хамт олон болон ар гэрийнхэндээ талархлаа” гэсэн юм.

Ширчингийн Номин-Эрдэнэ
Дотоод хэргийн их сургуулийн цагдаагийн сургуулийн мөрдөх арга зүйн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D) цагдаагийн хошууч

Ш.Номин-Эрдэнэ нь 2024 онд эрдэм шинжилгээ, судалгааны “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь шүүгч, прокурор, мөрдөгчийн ажлын ачаалалд дүн шинжилгээ хийх” судалгааны ажлаараа бусдыгаа удирдан манлайлсан юм. Мөн судалгааныхаа ажлын хүрээнд “Сэтгэл зүйн анхны тусламж” өгүүлэл ОХУ-ын ДЯЯ-ны харьяа Москва хотын ИС-ийн эрдэм шинжилгээний хурал, “Гэмт хэрэгтний сэтгэл зүйн хөрөг гаргах аргачлал нь гэмт хэрэг илрүүлэх уламжлалт бус аргын нэг болох нь” илтгэлийг БНКазУ дахь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болон Дотоод явдлын яамны харьяа Карагандинскийн академиас зохион байгуулсан “Инновационные технологии в криминалистике” гэх олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад амжилттай оролцжээ.

Бариулын Алимаа
Хүмүүн сургуулийн сургалтын хөтөлбөр хөгжүүлэлт, үнэлгээ шинжилгээ хариуцсан менежер

Монгол Улсын бага боловсролын хөтөлбөр, арга зүйг орчин үеийн боловсролын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэчилж, сургуульд суурилсан судалгаанд үндэслэн олон улсын IB-Primary Years Programme хөтөлбөрийг Project-Based Learning арга зүйтэй уялдуулсан сургалтын шинэ хөтөлбөрийг хөгжүүлж буй салбарынхаа манлайлагч шилдэг багш юм. Тэрээр БШУЯ- ны харьяа БМТТ -ийн medle.mn ээлжит хичээлийн цахим контентын  зөвлөхөөр ажиллаж багш нарт цахим контент боловсруулах арга зүйн сургалтыг нийт 620 орчим багшид танхимаар, ЭХЦК боловсруулах эрх авсан 152 багийн 760 орчим багшид 619 920 орчим минутын /10,332 цаг/ онлайн сургалтыг мөн зохион байгуулсан юм. Тэрээр “Монгол Улсын үндэсний хөтөлбөр, олон улсын IB-Primary Years Programme хөтөлбөрийг Project-Based Learning арга зүйтэй уялдуулсан сургалтын шинэ хөтөлбөрийг Монгол Улсад анх удаа боловсруулж хоёр дахь жилдээ сайжруулан туршиж ЭЛФ бага боловсролын хөтөлбөрийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулж байгаадаа баяртай байна”гэсэн юм.

Батболдын Золжаргал
Нийслэлийн  165 дугаар цэцэрлэгийн Бүлгийн багш

Тэрээр өөрийн мэдлэг боловсролоо тасралтгүй дээшлүүлж сургуулийн өмнөх боловсролын салбарт найм дахь жилдээ ажиллаж байгаа юм. Б.Золжаргал нь  ажилдаа дуртай, хүүхдийн төлөө чин сэтгэлээсээ ханддаг, хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааг чанартай зохион байгуулж хүүхдийн хөгжил, төлөвшлийг зөв удирдан чиглүүлж аливаа ажилд хамт олныгоо манлайлан оролцдог тэргүүний багшаар шалгарчээ. 2024 онд ”Интеграцид суурилсан багшлахуй ба суралцахуй” илтгэлийн уралдаанд бүсийн тувшинд тэргүүн байрыг эзэлсэн амжилтыг гаргажээ. Бие даан даралтат хөгжим сурч хүүхдүүдэд хөгжмийн боловсрол олгох тал дээр анхааран ажиллаж байгаа. Мөн “Ноён талхны үсчний  газар” хүүхэлдэйн баатруудын хувцсыг санаачлан манлайлан оёсон ба боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны АДЗ0 дугаар тушаалын хавсралтаар ”Цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлж, дүгнэх журам”-ын дагуу гүйцэтгэлийн үнэлгээгээр Б.Золжаргал нь  2024 онд II түвшин буюу 94.11хувиар үнэлэгдсэн байна. Тэрээр “Үргэлж урамшуулж дэмждэг ажлынхаа хамт олонд болон гэр бүлийнхэндээ баярлалаа, энэ шагналыг авахад минь тусалж дэмжиж зааж зөвлөсөнд маш их баярлаж байна цаашид энэ эрчээрээ урам зоригтой ажиллана” гэв.

 

“АЛМА- МАТЕР 2024” ОНЫ ШИЛДЭГ ТАВАН ОЮУТАН

 

Батбаярын Есү
Дотоод хэргийн их сургуулийн шинжлэн магадлах ухааны сургуулийн 931 дүгээр дамжааны дэд түрүүч

Дотоод хэргийн их сургуулийн Шинжлэн магадлах ухааны сургуулийн “Шинжлэн магадлах ухаан” бакалаврын хөтөлбөрт элсэн орж гурав дахь жилдээ суралцаж байгаа Дотоод Хэргийн Их Сургуулийн “Сонсогч-Сурвалжлагч” клубийн идэвхтэй гишүүн юм. Тэрээр суралцаж байх хугацаандаа 2023-2024 оны Дотоод Хэргийн Их Сургуулийн “Марш-Тактик тусгай бэлтгэлийн тэмцээн”-д Цагдаагийн сургуулиа төлөөлөн, тасгийн захирагчаар амжилттай оролцож гуравдугаар байр, хүрэл медалийг хүртсэн бөгөөд энэ мэтчилэн олон уралдаан тэмцээнд орж өөрийн авхаалж самбаагаар анги хамт олноо тэргүүлсэн учир оны шилдэг сурагчийн болзлыг хангаж чадсан юм. Б.Есү “Би ярих дуртай болохоор сургуулийнхаа “Сонсогч -Сурвалжлагч клүбд явдаг. Намайг дэмждэг гэр бүл, найз нөхөд багш нартаа бүгдэд нь талархаж байна” гэсэн юм.

Цэрэнчимэдийн Төгсхүслэн
МУИС-ийн химиийн боловсруулалтын технологийн ангийн оюутан

Тэрээр 2023-2024 онд “Хүрээлэн буй орчны инженерчлэл” эрдэм шинэжилгээний хуралд дэд байр, МУИС-ийн эрдэм шинжилгээний хуралд тэргүүн байр гээд энэ мэтчилэн олон амжилтуудыг гаргаж салбартаа түүчээлэн суралцаж байна. мөн Уурхайн хүчиллэг урсацаас шүлтгүйжүүлэлтэд ашиглах бактерыг гаргаж авах. Хагас үйлдвэрийн туршилт явуулах зохистой горимыг тодорхойлж, Багнан био- шүлтгүйжүүлэлтэд хэрэглэх бактерийн биомассыг бэлтгэх зэргээр төсөл хөтөлбөрүүдэд амжилттай ажиллажээ. Ц.Төгсхүслэн “Цаг үргэлж тусалж дэмждэг гэр бүлийн гишүүд дээ болон эрдэм шинжилгээ, судалгаа хийх боломж олгосон МУИС-ийн профессор Б.Эрдэнэчимэг багшдаа баярлалаа” гэв.

Баярмагнайн Бямбацогт
Их Засаг Олон Улсын Их сургуулийн  “Эрх зүй” 405-р бүлгийн оюутан

Б.Бямбацогт нь Их Засаг Олон Улсын Их сургуулийн төгсөх курсийн оюутан юм. Түүний суралцаж байх хугацаандаа гаргасан амжилтуудаас  дурдвал Дархан-Уул аймгийн буудлагын аварга шалгаруулах тэмцээний төрлүүдэд амжилттай оролцож эхний байруудыг эзэлж байсан. Мөн ИЗОУИС-аас жил бүр зохион байгуулдаг спортын тэмцээнүүдэд амжилттай оролцож олон жил үе тэнгийнхнээ манлайлж буй нь энэхүү шагналын болзлыг хангасан юм. Тэрээр “Оны шилдэг оюутан шагналыг авч байгаадаа маш их баяртай байна. Намайг үргэлж тусалж дэмждэг гэр бүлдээ баярлалаа. Энэ мэдээгээ хамгийн түрүүнд ээждээ дуулгана” гэв.

Отгонжаргалын Мөнгөнзул
Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Аюулгүй байдлын дээд сургууль авто инженерчлэлийн ангийн оюутан

О.Мөнгөнзул нь суралцаж байх хугацаандаа 2024 оны “ Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буй “УС- ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн XVIII бага хуралд амжилттай оролцжээ. Мөн “ Техник технологийн мэдлэг чадвар, чадамжийг дээшлүүлэх нь” сэдэвт ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМ-ийн оюутны эрдэм шинжилгээний бага хуралд амжилттай оролцож “ТЭРГҮҮН БАЙР” эзэлсэн байна. Оролцсон уралдаан тэмцээндээ өөрийн мэдлэг чадвар, эзэмшиж буй мэргэжилдээ эзэн нь байхыг салбарынхандаа батлан харуулж манлайлж буй оюутан маань “Намайг тусалж дэмждэг хайртай гэр бүлдээ болон зааж зөвлөдөг багш нартаа баярлалаа, амжилтаа улам ахиулж мэргэжилдээ мэргэшиж ажиллах болно” гэв.

GAO SHENGJI
Боловсрол соёл эрх зүйн сургууль Бизнесийн удирдлагын магистрант

Тэрээр БНСУ-ын Keimyung их сургуулийг аялал жуулчлалын менежмент мэргэжлээр сурч төгссөн. Одоо БСЭДС-д Бизнесийн удирдлага мэргэжлээр магистрын зэрэг хамгаалахаар сурч байгаа БНХАУ-н оюутан билээ. Өөрийн нутагтаа Их дээд сургуулийн багш, оюутнуудын цахим үнэмлэхийн мэдээллийг удирдах үүрэгтэй албан тушаалд ажилладаг бөгөөд түүнтэйгээ уялдуулан “Хүний нөөцийн удирдлагын дижитал өөрчлөлтийн стратегийн судалгаа” сэдвээр магистрын судалгааны ажлаа хийж байгаа анги хамт олноо үргэлж удирдан манлайлдаг, хичээл зүтгэлтэй, зохион байгуулах чадвартай оюутан юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 249 (7493)