Өргөдөл, гомдлыг хэрхэн хянан шийдвэрлэдэг вэ? 
Өргөдөл, гомдлыг хүлээн авсан албан тушаалтан дараахь байдлаар хянан үзнэ:
1/өргөдөл, гомдол нь тухайн байгууллага, албан тушаалтны эрх хэмжээнд хамаарах болон албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргасан эсэхийг тогтооно; 
2/өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй бөгөөд албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргаагүй өргөдөл, гомдлыг харьяалах газар нь З хоногийн дотор шилжүүлнэ;
3/өөрийн харьяалан шийдвэрлэвэл зохих өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрд дүн шинжилгээ хийж, холбогдох газраас магадлах, судалгаа, тодорхойлолт шаардан авах зэрэг үйл ажиллагаа явуулна;                 
4/өргөдөл, гомдол гаргагчаас тодруулах боломжтой баримт сэлтийг шаардан авч болно.

 

Өргөдөл, гомдлыг ямар тохиолдолд хянан үзэхгүй вэ? 
Дор дурдсан үндэслэл байвал өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байж болно:
1/өргөдөл, гомдол нь тодорхой нэр хаяггүй;
2/бага насны хүмүүс буюу шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг, эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй бол;
3/төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй;
4/өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа.

 

Өргөдөл, гомдлыг ямар тохиолдолд буцаах вэ?
Өргөдөл, гомдол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, тухайн төрийн байгууллагын хуулиар тогтоосон эрхлэх асуудалд хамаарахгүй, үүний улмаас өргөдөл, гомдлыг шийдвэрлэх боломжгүй бол өргөдөл, гомдол гаргагчид З хоногийн дотор шалтгааныг тодорхой тайлбарлан буцаана.


Өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэж, хариу өгөх вэ?
Өргөдөлд дурдсан асуудлыг шууд шийдвэрлэх боломжтой бол зохих шийдвэрийг гаргана.
Шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудал /орон сууц олгуулах гэх мэт/-аар гаргасан өргөдлийг тусгай бүртгэлд бүртгэж, шийдвэрлэлтэд хяналт тавина.
Гомдлыг албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ.
Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсвэл шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудал бол энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ.
Хариуг амаар, харилцах утсаар мэдэгдсэн бол энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ.
Саналын шинжтэй өргөдлийг хүлээн авч хэрэгжүүлэх боломжтой эсэхийг судалсны үндсэн дээр зохих арга хэмжээ авах аль тохиромжтой хэлбэрээр хариу өгнө.

 

Төрийн байгууллагууд иргэдийн өргөдөл, гомдлыг ямар хугацаанд шийдвэрлэж, хариу өгөх вэ?
Хуульд зааснаар өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө. Өргөдөл гомдлыг шийдвэрлэх хугацааг сунгасан тохиолдолд өргөдөл, гомдол гаргагчид энэ заавал мэдэгдэх үүрэгтэй байдаг. 

 

Өргөдөл гомдлыг шалган шийдвэрлэсэн төрийн байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол хаана гомдол гаргах вэ?
Өргөдөл, гомдол гаргагч нь өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах эрхтэй. Гомдлыг тухайн шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтны дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд, дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол тухайн захиргааны актыг гаргасан байгууллагад, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана гэж хуульд заасан байдаг.

 

Өргөдөл, гомдлын талаархи төрийн байгууллагын шийдвэрийг хэрхэн биелүүлэх вэ?
Өргөдлийг шийдвэрлэсэн шийдвэрийн биелэлтийг түүнийг шийдвэрлэсэн буюу эрх бүхий бусад албан тушаалтан хариуцна. Гомдолд дурдсан зөрчигдсөн эрхийг нь сэргээлгэх талаар гаргасан шийдвэрийг холбогдох этгээд биелүүлэх үүрэгтэй гэж хуульд заасан байна.

 

Иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагаанд хэн хэн хяналт тавьдаг вэ?
Төрийн байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд тухайн байгууллагын эрх баригч болон эрх бүхий албан тушаалтан хяналт тавина. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад өргөдөл, гомдол шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж удирдах үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хүлээдэг.
Сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нь өөр байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхээр хуульд шууд зааснаас бусад өөрийн эрхлэх асуудлын хүрээ, хуулиар хүлээсэн чиг үүрэгт нь хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг доод шатны байгууллага, албан тушаалтанд шилжүүлэхгүйгээр эцэслэн хариу өгнө.

 

Хаяг: Д.Сүхбаатарын гудамж 11/1
Шуудангийн хаяг: 46 - 835, Улаанбаатар хот 14201, Монгол Улс
Цахим хаяг: info@hssmongolia.mn
Цахим хуудас: https://mongolia.hss.de/mn