Б.БАЯРЖАВХЛАН

 

Жилийн дөрвөн улиралд үүрийн гэгээнээс үдшийн бүрий тасартал хөдөө хөхөрч, гадаа гандаж явдаг энэ цагийн чимээгүй баатрууд бол байгаль хамгаалагчид билээ. Нэг ч болтугай амьтныг эсэн мэнд байлгахын төлөө борви хийх чөлөөгүй хөдөлмөрлөнө. Хулгайн ан, элдэв зөрчил гаргагчидтай тэмцэнэ. Хууль бус зүйл хийгээд байгаль хамгаалагчид баригдсан хүн хэзээ ч сайн санадаггүй. “Чамаас болж баригдлаа. Чи намайг бариад өгчихлөө” л гэдэг ажээ. Төрдөө өргөсөн үүргээ биелүүлж, ажлаа хууль ёсны дагуу хийснийхээ төлөө сувдаг сэтгэлтнүүдэд байнга л адлуулна. Тэд ийм л өдрүүдтэй нүүр тулж ажилладаг билээ.

Тиймээс энэ удаагийн “Монгол Улсын төлөө” буландаа Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багийн байгаль хамгаалагч Л.Билэгдэмбэрэл болон Ховд аймгийн Булган сумын байгаль хамгаалагч Б.Болд нарыг онцолж байна.

Монголын том нууруудын нэг Хар ус нуур нь дундаа аралтай, урд захаараа хулс, шагшуургатай нуур юм. Зэгсний гахай зэрэг ховор амьтадтай, цөлжүү хээр, заримдаг цөлийн нуур бөгөөд Хар нуур, Дөргөн нууруудыг оролцуулан 1997 онд улсын тусгай хамгаалалтад авсан. Тус цогцолбор газарт 54 зүйлийн хөхтөн амьтан, 268 зүйлийн жигүүртэн шувуу, 455 зүйлийн өвс ургамал, дөрвөн зүйлийн загас, зургаан зүйлийн мөлхөгч амьтан, 131 зүйлийн шавж амьдардаг байна. Хар ус нуурыг хамарсан уг цогцолбор газрын байгалийн тогтоцыг судлаачид гайхамшигтай хэмээн дуу алддаг. Энд цэнгэг уст нууруудаас гадна ус намгархаг газар, говь хээр, тал хээр, Алтайн мөнх цаст сарьдаг уулс байдаг бөгөөд байгалийн гайхамшигт урлан мэт оршдог. Зарим тохиолдолд үзүүлэн болгож зориуд урласан мэт харагддаг. Энд ирсэн гадаадын жуулчид Хар ус нуурыг “газрын диваажин” хэмээн шагшин магтдаг билээ.

 

Агваш арлыг 24 жил хамгаалсан Л.Бэлэгдэмбэрэл 

Л.Бэлэгдэмбэрэл Ховд аймгийн Дөргөн сумын хүү ажээ. Хүн болгосон аав, ээж, хүй цөглөсөн нутгаа хамгаалаад 24 жил болж буй нь энэ. Уг нь тэрээр Налайхын техник мэргэжлийн дунд сургуулийг дизель, цахилгаан станцын машинистаар төгссөн. Тухайн үед эзэмшсэн мэргэжлээрээ нутагтаа ажиллах гэсэн боловч орон тоо байгаагүй тул 2000 онд МУБИС-ийг байгаль хамгаалагч мэргэжлээр дүүргэжээ. Энэ тухайгаа “Монголчууд бидний ондоошил бол онгон дагшин байгаль, мал, нутаг ус шүү дээ. Залуучууд бид хот суурин газар бараадах юм бол хэн энэ нутаг усыг хамгаалах билээ гэж бодож л нутагтаа амьдрахыг хүссэн. Ингэхдээ бүр байгаль хамгаалагчаар ажиллахаар шийдсэн дээ талархдаг даа. Бидний ажил өөрт хэцүү ч бусдад тустай нь сайхан шүү” гэсэн юм.

Хар ус нуурт том жижиг 10 гаруй арал байгаагаас хамгийн том нь Л.Бэлэгдэмбэрэлийн хариуцаж буй Агваш арал. Байгаль хамгаалагч хариуцсан нутаг дэвсгэртээ гал түймэр, хууль бус мод бэлтгэл, хууль бус агнуур зэрэг байгаль орчинд учирч болзошгүй аливаа аюулаас сэргийлэх, эргүүл хяналт хийх, хуулийн хэрэгжилтийг хангах, зэрлэг амьтны мониторинг судалгаа хийх, орон нутгийн ард иргэдтэй хамтран ажиллах үүрэгтэй. Тиймээс тэд байгаль хамгааллалын үйл хэрэгт хамгийн тэргүүн эгнээнд ажилладаг. Л.Бэлэгдэмбэрэлийн хамгаалдаг Агваш арлын нутаг дэвсгэрт заарт харх, нугас, загас, зэрлэг гахай, бөхөн зэрэг амьтан их байдаг байна. Мөн хаврын хуурайшлын улиралд зэгсний түймэр гарах магадлал өндөр учир болзошгүй цэгүүдэд эргүүл хийж ажилладаг ажээ.  “Манайд хууль бусаар загас болон гахай, заарт харх агнах нь элбэг. Зарим тохиолдолд иргэд тэдгээр амьтдыг агнаж болохгүйг мэддэггүй. Өөрөөр хэлбэл, мэдээ мэдээлэл муутай байдаг. Тиймээс байгаль хамгаалагч зөвхөн хууль бус анчидтай тэмцэж, амьтдаа хамгаалах бус иргэдэд мэдээлэл өгөх ажлыг ч хийдэг. Өнгөрсөн сард зөрчил гарч болзошгүй цэгүүдэд хяналт шалгалт хийж 160 ширхэг сэрэмжлүүлэх материал, гарын авлага тараасан. Мөн Хар ус нуурын Юмын хоолой орчимд өвөлжиж байгаа усны шувуудад их хүйтний үед гангар хун олноор бөөгнөрсөн цэгт гурван удаа харз ус задгайлж био техникийн арга хэмжээ авч ажиллалаа” гэв.

Байгаль хамгаалагч гэдэг тухайн бүс нутгийнхаа байгаль цаг уур, газар нутаг, ан амьтны хөдөлгөөнийг гарын таван хуруу шигээ мэддэг ажээ. Л.Бэлэгдэмбэрэл “Анх ажилд орох үед тэрэг техник муу, туршлагагүй байж ээ. 2000 онд байгаль хамгаалагчаар ажилд ороод олон хоногоор хяналтад гарна. Хяналтад байх ёстой амьтдаа хаашаа явсныг нь дурандаж хайна. Нэг мэдэхэд 10 гаруй хоночихсон байдаг сан. Одоо бол техник, тоног төхөөрөмж сайжирсан. Би ч туршлагатай болж хяналтад байдаг амьтдаа хаана явааг нь түвээггүйхэн олдог болсон. Хэд хоногийн өмнө манай Агваш арлын хяналтын цэгт монгол бөхөн байдаг юм. Тэр хэд маань харагдахгүй байхаар нь хяналтын бүсээс гарчихлаа гэж таамагласан. Удалгүй хоёр газар байж магадгүй хэмээн таамаглаж очиход нэг газарт нь байж байгаа юм. Нэг үгээр, бараг л тэдний алхаа гишгээг хараад л хаачсаныг нь, юу нь өвдөөд байгааг, хаашаа явах гэж байгааг мэддэг болсон доо” гэж байлаа.

Сүүлийн үед орон нутгийг зорих боловсон хүчин бага байгаа нь түүний санааг зовоож буйгаа энэ үеэр хэлж байлаа. “Сүүлийн жилүүдэд байгаль хамгаалагч нарын ажлын багаж хэрэгсэл, хувцас хунар, цалин хөлс сайжирсан. Гэхдээ би тэтгэвэрт гарахад энэ ажлыг үргэлжлүүлэх боловсон хүчин байхгүй байгаа нь сэтгэл эмзэглүүлдэг тухайгаа бидэнд ярьсан юм. Тодруулбал, орон нутгийг зорьж ирж ажиллах залуус олдохгүй байна. Тиймээс төр засаг үүн дээр анхаараасай хэмээн биднээр үг дайлаа.

Ховд аймгийн Дөргөн сум аймгийн төвөөсөө 100 км зайтай. Гэвч тус сумыг зорьж ирэх боловсон хүчин бага байдаг аж. Тиймээс шинээр ирж буй ажилчид амьдрах орон сууц барьж өгөх шаардлагатай байгааг сумын иргэд болон байгаль хамгаалагч Л.Бэлэгдэмбэрэл хэлж байсан юм.

Эх орон, газар шороо гэдэг дахин олдошгүй үнэт эрдэнэ. Тиймээс Ховдын цэнхэр хязгаарт Агваш багийн амьтан, ургамлыг хамгаалан суугаа Л.Бэлэгдэмбэрэлийг онцолж буй нь энэ.

 

Буянт сумын анхны байгаль хамгаалагч Б.Болд

Хүн бүрийн амьдрал өөр өөрийн өнгөтэй. Түүнийг ямар өнгөөр будах нь хүнээс өөрөөс нь хамаардаг. Б.Болдын хувьд байгаль хамгаалагч гэдэг мэргэжлийг эзэмшсэн нь өөрийн амьдралыг гэрэлтүүлэх өнгийг олсон гэлтэй. Тэрээр “Хүн бүрд өөрийн гэсэн үнэт зүйл бий. Тэр үнэт зүйлээ хамгаалж явахдаа бусдын нөлөөнд автаж болохгүй” хэмээн ярина. Учир нь Б.Болд Ховд аймгийн Буянт сумын нарийн голын анхны байгаль хамгаалагч. Тэрээр хууль бус анчидтай 20 гаруй жил тэмцэхдээ бусдын нөлөөнд автаж байгаагүй аж. Энэ тухайгаа “Манай бүс нутагт хун, бор галуу, төрөл бүрийн цахлай, нугас, зуун хурга, хөх, цагаан дэглий, нэн ховордсон хотон зэрэг шувууд зусдаг. Дээрх шувууд нь загас иддэг. Гэтэл иргэд хууль бусаар загас агнах нь их. Хэрэв загас үгүй болбол дээрх шувууд устаж үгүй болоход хүрнэ. Тиймээс энэ олон жил хууль бус анчидтай тэмцэж ирлээ. Зарим нь “Та намайг барьж өгөөд байхдаа яах вэ дээ” гэх зэргээр хэлдэг л юм. Гэхдээ би хүн бүрийг за энэ минь гэж хандвал энэ нутагт байгаа нэн ховордсон амьтад үгүй болно шүү дээ. Тиймээс бусдын нөлөөнд авталгүй, төрийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийг эрмэлздэг” гэж байлаа.

Түүнийг анх байгаль хамгаалагчаар ажиллахаар ирэхэд хүмүүсийн амьдралын боломж тааруу байж. Тиймээс иргэд заарт харх, загас агнах зэргээр амьдралаа залгуулдаг байсан гэдэг. Энэ талаар тэрээр “1995 онд байгаль хамгаалагчаар ирж байхад зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй хүмүүсийн амьжиргаа тааруу байсан. Амьдрах аргаа олоогүй байсан үе л дээ. Мөн хувьчлалаар авсан мал өсөж базаагаагүй байсан хэрэг. Олон малтай айл нь 300-гаар л тоолдог байлаа шүү дээ. 350 мал хараад хүмүүс “Пээ яасан их мал вэ” гэж байсан. Энэ үед манайх 150 бог, 20 гаруй адуутай тусдаа гарч, нарийн голын хэсгийг хариуцсан байгаль хамгаалагчаар ажилд орсон. Энэ үед нутгийн иргэд заарт харх их агнана. Учир нь арьс нь их үнэтэй байв. Тэр үед хууль ч тийм чанга байсангүй. Одоо бол тусгай хамгаалалттай газраас амьтан агнавал өндөр төлбөртэй болсон. Гэхдээ одоо заарт хархны арьс хямдхан учир агнах нь харьцангуй багассан боловч бөөрөнд сайн гэж Улаанбаатараас захих нь элбэг байна. Гэвч заарт харх нь элэгний B, C вирус тээдэг гэдэг. Үүнийг ойлгуулах гэж хичээж л байна” гэлээ.

Б.Болд байгаль дэлхийг онгон байдлаар нь хадгалж үлдэхийн тулд өөрийн амьдралаа зориулж явна. Ингэж хэлсний учир нь бүс нутгийн онцлогоос шалтгаалан бэлчээрийн даац хэтэрч экологийн тэнцвэрт байдал алдагдахад хүрч буйг учирлаж байлаа. Сүүлийн жилүүдэд Буянт сумын Нарийн голын Цагаан булан багийн бэлчээрийн даац гурав дахин хэтэрсэн байна. Энэ тухай “Манай багт нутаглаж буй айлууд дунджаар 400 орчим малтай. Нуурын хөвөө газар учир бод мал их. Тодруулбал, манай баг 10 гаруй мянган үхэр, 5000 адуу, 30 мянган ямаа тоолуулдаг. Малын тоо толгой өсөж байгаа нь экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байна. Тиймээс тусгай хамгаалалттай газрын тухай хуульд хадлан болон бэлчээрийн даацтай холбоотой хууль, дүрэм оруулбал зүйтэй гэж хардаг. Уг нь Тусгай хамгаалалттай газрын тухай хууль 2-3 удаа шинэчлэгдсэн ч санаанд нийцэх нь цөөн байна. Энэ нь судалгаа, шинжилгээ нь бодит байдлаас өөр байгаатай холбоотой болов уу. Тиймээс судалгааны багт байгаль хамгаалагчдыг оруулж өгөх хэрэгтэй. Миний бодлоор манай бүс нутагт ямаа байлгамааргүй санагддаг. Учир нь бургасыг хальслаад идчихдэг. Хонь газрын үндэс малтаад иддэг зэрэг асуудал байна” гэсэн юм.

Байгаль хамгаалагч наргүйгээр байгаль хамгааллын үйл хэргийг хөтлөн явуулах боломжгүй юм. Дэлхийн байгаль хамгаалах сангаас байгаль хамгаалагчийн ажлыг “Дэлхийн хамгийн алс бөглүү газар нутгуудад дэлхийд устах, ховордох аюулд өртсөн зүйлүүдийг хамгаалахаар хууль бус агнуур, зэрлэг амьтны хууль бус худалдаа наймаатай амь насаа эрсдэлд оруулан тэмцэн ажилладаг, байгаль хамгаалалд хамгийн чухал хувь нэмэр оруулж буй хүмүүс” хэмээн тодорхойлсон байдаг. Бидний онцолсон хоёр эрхэмгүйгээр Хар ус нуурын тусгай хамгаалалтад байх Агваш болон Нарийн гол багийг төсөөлөхийн аргагүй ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 246 (7490)