Т.САЙХАН
УИХ-ын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, электрон тамхитай холбоотой асуудлаар санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр хуралджээ.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 132 улс электрон тамхины хэрэглээг хуулиар зохицуулдаг, 32 улс хориглодог бол 48 улс онцгой албан татвар ногдуулдаг тухай Сангийн яамны мэдээлэлд дурдсан байна. Мөн улс орнууд электрон тамхинд шингэний хэмжээ, түүнд агуулагдсан никотин болон бүтээгдэхүүний тоо хэмжээг харгалзан татвар ногдуулж байгаа юм.
Мөн татварын хэмжээг тогтмол болон холимог хэмжигдэхүүнээр тогтоодог байна. Тус яам электрон тамхи болон түүний төхөөрөмж, сэлбэгүүдэд онцгой албан татвар ногдуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.
Тамхи, электрон тамхины төрөл зүйл өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа боловч электрон тамхи болон түүний дагалдах хэрэгсэлд онцгой албан татвар ногдуулдаггүй, Тамхины хяналтын тухай хуульд хамааруулж үздэггүй байна. Гаалийн байгууллага электрон тамхийг тамхины төрөлд хамруулан үзэж, хуулийн зохицуулалтад оруулах, татвар ногдуулах, мөн зөвхөн аж ахуйн нэгжүүд импортолдог байхаар журамлах шаардлагатай гэж үзэж байгаа юм байна.
Эх сурвалж:www.polit.mn