Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Сүрэнгийн Зэвсэг

Нэгэн цагт Булагуудын Хэцээ:

Адуу нь багширч

Айраг нь сэнгэнэсэн

Ариун дагшин нутаг минь

Хонь нь бэлчээрлэж

Хот нь налайсан

Халхын сайхан нутаг минь

Булаг нь бургилж

Бух нь урамдаж

Бурхи нь хошгорсон

Буян хурсан нутаг минь... хэмээн хэдэн мөр хэлхэж явсан сан.

Оршилын оронд онцлох нь. Хуучин Түшээт хан аймгийн Говь Түшээ гүний хушуу, өнөө цагийнхаар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт Булагуудын Хэц гэж газар бий. Энд бусдаас онцгой сонин содон байгалийн тогтоц сүрлэг сайхан хад асга, цэнхэртэх их уулс, цэлэлзэж давалгаалсан том нуур, түнэл ногоон ой мод, алаглаж найгасан цэцэг ногоо, бидэртэн урсах гол мөрөнгүй, хаа ч байдаг л говь тал хээрийн өнгө төрх. Тос даасан бор толгод, бие биенээ түшиж торолзох бэсрэг уулсын хяр, таанын толгой цэвцийх цайдам хөндий, салхины аясаар тоос босч хуйларсан шалан тойром, элс хайрга улайрах сайр хоолой, хурмастын аясаар ил гарч далд орсон булаг шанд. Харин хаана л бол хаана налайн бэлчээрлэх үй олон мал сүрэг, энд тэнд цайран харагдах цагаан гэрийн яндангаар аргалын цэнхэр утаа тэнгэрт цойлсон, гүүний зэлээр адуу багширч, уяан дээрээ толгой хаялан эргэлдэх хүлэг морьд эгнэсэн, ийм л нэг өнгө төрх. Төв халхын бидэнд заяасан эгэл даруухан нутгийн минь өнгө төрх. Тэгсэн хэрнээ сум аймаг ойр орчиндоо, улс орондоо нэр алдартай нутаг. Монгол нутгийнхаа хаана ч явж байсан бараг л хүн бүр мэддэг, дуулсан сонссон байдаг нь гайхмаар... Өргөн Сэлэнгэ нутгийн Ерөө сумын Базар гуай аль тэртээ өнгөрсөн зууны жараад оны дундуур ярьж хөөрч сууснаа “Аа, чи чинь нөгөө алдартай Эрдэнэдалай сумын Булагуудын хэцийн хүү байх нь ээ” (Ерөөгийн Сангийн аж ахуйд намрын ажлаар ирж гэрээ санан бэтгэрч яваа би, энэ үгийг сонсоод нулимс унагаж байлаа. 1967 он) гэж байхад Хан Хэнтийн Дадал сумын Балдандорж баавай “Булагуудын Хэцийг дуулсан мэднэ. Эрдэнэдалай гэхээр бодоход их баян чухам л эрдэнэс бялхаж мал сүрэг налайсан нутаг юм биз” (2022 он) гэж суусан. Алс баруун хязгаар, Ховдын Дарвийн Бямбадорж “Би танай нутагт очиж байсан. Булагуудын хэц ч бас өвөрмөц сонин газар шүү” (2015 он) гэж хуучилна. Гэтэл Хөвсгөлийн Галтын Цэвэгдорж  “Танай Булагуудын Хэц гэж сайхан нутаг дуулддаг. Очиж үзэж чадахгүй л юм даа” (1984 он) гэсэн бол Увсын Зүүнхангай Самданжамц уулзах бүрдээ “За Булагуудын Хэцийн хүү сайхан зусч байна уу. Та, Булагуудын Хэцээрээ ойрд очив уу. Таныг асууж сураглах бүрд Булагуудын Хэц рүүгээ явчихсан гэх юм...” (1993 он) гэж байхад Өвөрхангайн Баян-Өндөрийн Отгонхүү “Танай Цонжийн Хэц ч жинхэнэ тарваганы орон байж билээ. Социализмын үеийн дааж давшгүй даалгавартай тарваганы арьсны даалгаварыг манайхан Дөрвөлжингийн Шандны аман дээр отголож буугаад түүдэг сэн. Одоо юу ч байхгүй болоо биз” (2011 он) Архангайн Хашаатын “Аранзан” хэмээх Улсын заан Гомбодорж тэртээ далаад онд нэг тааралдаад “Тээврийн жолооч гэдэг тэнэмэл ажлынхаа буянаар танай Булагуудын Хэцийн айраг, нэрмэлийг мөн ч их хүртсэн дээ. Одоо ч тагнайд амтагдах шиг болдог. Бас л буян хурсан, баян нутаг даа” (1974 он) гэж хуучилдаг сан. Харин залуу жанжин Ж.Лхагвасүрэн “Сэтгэлд шингэсэн он жилүүд” (1984 он. Улаанбаатар) номдоо “Манай Сайханы айргийг саахалтын газраас ханхалдаг гэцгээдэг. Тэгвэл Эрдэнэдалайн Булагуудын Хэцийн айраг гэж бас зүйрлэшгүй сайхан идээ байдаг” хэмээн дуу алдсан бий. Ердөө энэ хэдхэн үгнээс харахад манай Булагуудын Хэц бол хэн нэг хурган дарга үл тоож “Илүү харж, билүү долоон...” голж давхихаар газрын өөдөс, уулын тасрхай биш. Түшиж тулдаг түмнийхээ ариун дагшин хайрхад, рашаан булагийнх нь эх сав, таанат цэнхэр талын минь дэнхэр хөх уулс юм шүү.

 “Өвгөдийн өглөг өлгий сайхан нутгаа мэдэж дээдэлж явъя”. Манай Булагуудын Хэц, их шүтээн Баргилт Хайрхан уул, мяралзан урсах Их Булагийн бэлчир минь ус ургамал, уул толгод хосолсон элбэг дэлбэг бэлчээр (Өнгөрсөн зууны жар далаад онд Цонжийн Шандны хоолой, Гуагийн мухар, Ар Өвөр Сундлаагийн орчмоос олон машин хадлан хаддаг сан), эртний түүх соёлын дурсгал бүхий өгөөмөр сайхан нутаг. Нутгийн уугуул иргэд малчид энэ сайхан хангайгаа олон мянганы турш биширч шүтэж, дээдэлж хүндэтгэнэ. Ухаж төнхөх нь бүү хэл дэргэд нь нэрийг хэлэхээс цээрлэж, дээр нь зорилгогүй давхиж гарахаас ч болгоомжилж ирсэн өвөрмөц дэг жаягтай, буян хурсан баян хангай. Өвөг дээдэс, аав ээж, хуучцуул маань биднийг мэдээ ороход л “Хайрхан уулынхаа нэрийг дэргэд нь хэлж болдоггүй, улаан юм (Түүхий мах харуулдаггүй, мал муулахдаа гэрийнхээ эсрэг талд төхөөрдөг) харуулдаггүй, эмэгтэй хүн дээр нь гардаггүй, сүү цагаан идээгээр дээж өргөдөггүй. Зөвхөн бор цайны дээж, сархадаар сэржим өргөдөг юм шүү” гэж зааж захиж сэтгэл зүрх, яс маханд минь шингээж өгсөн.

Харин манай сумын нутгийн зарим залуус, удирдлагууд энэ сайхан нутгаа төдийлөн тоож анзаардаггүй, бүр мэдэхгүйгээр ам таглах байдаг нь харамсалтай. Тухайлж заримаас нь асуувал “Аан, тийм. Тийм газар байдаг”, “Би хажуугаар нь зөндөөн явсан. Нэг их анхаарч анзаардаггүй шүү” гэдэг бол нөгөө нэг нь “Дуулсан юм байна. Яг хаана байдаг билээ. Би тэнд байдаг гэж онож санахгүй байна” гэх жишээтэй. Дарга том, нас залуу, ааш бардам дээрэлхүү, мөнгө элбэг халаас дүүрэн, дуулсан нь хомс, уншсан нь ядмаг. Зан нь том болохоор эх дэлхий, эцэг тэнгэрээс дээгүүр бүр цаана хардаг байх. Ялангуяа сумын аль ч шатны удирдлагууд гэх хүмүүс орон нутаг, иргэдийнхээ итгэл найдварыг хүлээсэн том үүрэгтэй, өндөр хариуцлагатнууд. Иргэдээ баян хоосон, хөгшин залуу, дээр дор гэхгүй хүн бүрт хүрч анхаарал халамж тавьж, нутаг усныхаа тал хээр, уул толгод, булаг шанд, ус унд бүрийг арван хуруу шигээ мэдэж алхам бүрдээ хайрлан хамгаалах учиртай бус уу. Харин яагаад тэр бүхнийхээ төлөө санаа тавьж онож харах билгийн мэлмий, ойлгож хүндлэх ухаан, биширч шүтэх сэтгэл дутдаг билээ. Харамсалтай! Энэ бүхнийг батлах ойрын хийгээд захын жишээ бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор бүтээж буй “Монголын баялаг-330-Дундговь аймгийн Эрдэнэдалай” нэвтрүүлэгт манай сумын удирдлага яаж хандсанаас тод харагддаг. Сум орон нутагт эзэн гэж байдаг бол энэ бүхнийг анхааран үзүүштэй. Энэ цагийн дарга даамлууд том жижиггүй л “Хүний төлөө санаа тавина, байгаль орчныг хамгаална, ариун дагшин байдлыг хадгална, түүх соёлын дурсгалыг хүндэтгэнэ, аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Мод ногоо тарина” гэж лоозогноцгоодог. Эсвэл тэрхүү талын жаахан уул толгодоос ухаж төнхөх алт мөнгө, эд баялаг өнөө хэр харагдахгүйн учир үл тоож, өөрийг өлвөлзөн хайж өлөн нүдээ өлбөлзүүлж явна уу. Нутгаа, олон түмнээ гэх өөриймсүү сэтгэл дутаж, хоноцийн санаагаар хоол хороож, хоног төөрүүлж яваа хэрэг үү?!

Энэ бүхнийг эргэцүүлэн гайхаж элдвийг бодож суухдаа өвгөн бичээч би вээр орон нутагтаа төдийгүй улс орондоо алдартай Булагуудын Хэцийнхээ талаар эрж хайж ажигласан, асууж сураглаж сонссон багахан зүйлийнхээ заримаас зөвхөн газарзүйн тогтоц байрлал, өвс ургамал, булаг шанд төдийхний хүрээнд үзсэн дуулснаа чимхийн төдий бодлоо хуваалцъя хэмээн зориглолоо. Эх орон, унаган нутаг, ус ундныхаа тухай мэднэ гэдэг эгнэшгүй эрдэм, үр хойч үедээ өвлүүлэн ухааруулах цаглашгүй буян юм сан уу.

*                       *                       *

Сүсэг бишрэлийн алаг уулс минь. Булагуудын Хэц гэдэг маань Эрдэнэдалай сумын нутгийн хойд захыг эмжиж баруунаасаа зүүн тийш сунаж хэцлэн тогтож үргэлжлэх тал хээрийн бэсрэг уул толгод. Тэдгээрийн ерөнхий тогтоц, гол өндөрлөгүүд, хоорондын хэлхээс холбоо, төрх төлөвийн талаар дуулсан мэдсэн, мэдэхээр мэрийж бэдэрч олсноо тоймлон тэмдэглэж байна. Болсон болоогүй энэ тэрийг цөөнгүй бичсэн. Ингэж яваа минь, нутаг усныхан, үр ач, хойч үеийнхэнд минь бага боловч хэрэгтэй байх гэсэн бодол сэтгэл минь надад урам зориг хайрлаж, дайчлан дагуулсаар энэ тэмдэглэлийг тэрлэхэд хүрэгсэн юм.

Булагуудын Хэцийн хамгийн баруун үзүүр нь Эрдэнэдалай сумын нутгийн хувьд Тэнгэлэгийн Хяраас нэлээд хойш орших Хөөврийн голын эх, түүний зүүн хойно байх Хөшөөнө Хар гэдэг бэсрэг уулнаас эхэлдэг бололтой. Хөшөөнө Харын зүүн биеэр үргэлжлэн Улаан Шандны Өндөр залгана. Ар хөндийд нь аман яриа, домог бүхий Гүн нуур * оршдог. Харин Улаан Шандны Өндөр, Цонж Дөрвөлжингийн хэц хоёрын дунд буюу Цонжийн Баруун Овоотын баруун урд энгэрт Хөшөө булаг гэх жаахан зүлгэн дунд шанд байх. Одоо ч зарим жил даацлан гардаг гэсэн. Тэгээд Хөшөөнө Харын (Хөшөөнө Хар нь, Зараа Дэлгэрэхээс (Өнтийн голын эх Замт Ухаагийн баруун хойд хяр. Дээрээ арзгар барзгар хадан цохиотой) хойш үргэлжилсэн хярын хойд дээр байгаа уул. Хөшөөнө Хар энгэртээ бараг метр гаруй өндөр хөшөөтэй. Ер нь тэр хавийг хөшөөтэй холбон нэрлэсэн газар нэг биш байдаг байх. Мөн Дориуны булгийн орчимд нэг хөшөө бий) баруун хяраас зүүн тийш Хөөврийн голын эхрүү түрж орсон Татуур Цагаан Хушуу (Дээр үед бас жаахан булагтай байсан гэдэг. Одоо ч хур тундас элбэгтэй жил даацлан ундардаг юм байх), Хөшөөнө хар (Хөшөө булагийн урд, Шимтийн Хөх овооны зүүн доогуур урагшаа чиглэсэн хоолойгоор урсдаг жижигхэн булаг байх боловч Хөшөө булагтай нийлдэггүй) зэрэг бэсрэг уул толгод нь олон жижиг булгуудын эх ундарга болж үргэлжилсээр Цонжийн ** (Цонжийн Баруун, Дунд, Зүүн гэсэн гурван овоо нийлж Цонжийн хэц болдог. Энэ хэцийн Зүүн Овоо болох Дөрвөлжингийн Шандны Өндөр бол ноён оргил нь) гурван овоо болдог. Тэндээс зүүн хойш нилээд зайдуу Гуа Өндөр (Доктор Ш.Шагдар “Монголын газарзүйн нэрийн товч толь бичиг” гэдэг номдоо (97-р талд)  энэ уулыг Төв аймгийн Дэлгэрхаан сумын төвөөс зүүн урагш Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын хилийн дагуу оршдог 1798 метр өндөр уул гэжээ) гэж сайхан хайрхан бий. Дөрвөлжингийн Шандны Өндөр, Гуа Өндөр хоёр хоорондоо нийлэхгүй. Дунд нь Цонжийн шандны хоолой оршиж урагшаа Дөрвөлжингийн тал болж задгайрна. Бас Ар, Өвөр Сундлаагийн хяр гэж байгаа. Гуа Өндөрийн ар хоолойгоор Цамийн булаг урсана. Түүний хойд өндрийг Цамийн Хар овоо, баруун овоог нь Индэрт гэнэ. Гуа Өндөрийн зүүн хөндий хоолойтой Жамбаагийн Улаан залгана. Жамбаагийн Улааны зүүн хойно Савын Улаан, түүний урдхан Бүрдний Улаан тус тус оршино. Бүрдний Улааны зүүн хойно Хөндлөнгийн Улаан байх ба хоорондоо нийлэхгүй, дундуур нь Төв аймгийн Бүрэн, Эрдэнэсант сум ордог төв замтай хөтлөөр зааглагдана. Тэр бол Бүрдний хөтөл. Хөндлөнгийн Улааны зүүн хойд ард орших залгаа хоёр улааныг Холбоо Улаан гэнэ. Тэндээс зүүн хойш Хар Хашаатын Улаан-Овоо, түүний зүүн урд хяр нь Түмийн Улаан Овоо юм. Бүрдний Улааны зүүн урдаас Чигийн Хөх гэх тэрүүхэндээ онцгой гозгор хөх овоо залгана. Зүүн хойд болон зүүн талаар нь Хайрханы Хөх-Овоо, түүнээс зүүн хойш Оцонгийн (Хойшоо цувж тогтсон, хадтай хярыг хөгшчүүл “Дэлгэрхааны Долоон Давст орохоор цувж яваа хээр азрагатай адуу” гэх домгийг ярьдаг сан) хяр оршино. Энэ мэтээр баруунаас зүүн тийш чиглэж хэцэлсэн улаан, хар өнгө алагласан, хойно урдаасаа сундалж, баруун зүүнээсээ хэлхэлдсэн овоо хяр үргэлжилдэг. Тэдгээр бэсрэг уул хярыг, өвөр дунд хавиас нь түшин тулсаар энэ хэцийн хамгийн байралхуу том оргил Баргилт Хайрхан *** уул (Ш.Шагдар “Монголын газарзүйн нэрийн товч толь бичиг” номдоо (33-р талд) Баргилтхайрхан уул 1773 метр өндөр уул гэсэн бий) ноёлж оршино. Энэхүү их хайрханы оройгоос ойрын хүрээллээрээ Дундговь аймгийн Эрдэнэдалай, Төв аймгийн Бүрэн, Дэлгэрхаан сумдын нутгийн ихэнх уул толгод алган дээр байгаа юм шиг ил. Алсуураа бол Эрдэнэдалай, Бүрэн, Адаацаг, Баян-Өнжүүл, Эрдэнэсант, Дэлгэрхаан гэхчилэн зургаан сумын нутгийн зах бие харагддаг.

Баргилт Хайрханаас Баруун тийш буюу Бүрдний булагийн урдхан Бандагийн Хар онцгойдуу хараа бараатай оршино. Зүүн сүвээндээ Бандагийн Их ус гэж элбэг сайхан худагтай. Цонжийн зүүн овоот, Бандагийн Хар, Бүрдний Улаан зэрэг уулсын дундуур, тэр баруун хойно Гуа Өндөр бараа сүртэй харагдана. Бандагийн Харын зүүн урд хормойгоос Их Булаг, зүүн тийш Хөшөөтийн голыг чиглэн урсана. Харин Бандагийн Хараас нэлээн урагш, баруун урд руу Бага Хонгорын овоо харагддаг. Түүнээс хойш Хойд Өндөр, Майхан Хар гэх мэт хэцлэн үргэлжлэх хярыг Их Булгийн хяр гэх нь бий. Майхан Харын энгэр болон Их Булагийн хярын зүүн хойд хажуу руу буусан багахан хөндий хоолой нь бүхэлдээ ус цуглуулах талбай болдог, тал талаасаа орж ирсэн олон гүн жалга бүхий сайртай. Энд унаж бууж цугласан хурын ус, сайран доогуур шургаж арваад километрийн зайтай байгаа тэгш хөндийн эхнээс Их булагийн тархи ундарга тэжээл нь болдог байх. Бандагийн Харын баруун залгаа хэцэлсэн толгодын дундах хөтлийг Өвөр сундлаагийн хөтөл (2023 оны аравдугаар сарын 20-ны өдөр хүүхдүүдтэйгээ, Бандагийн Хар түүний баруун хойд Хөтөлийн Хар хоёрын дунд орших Сундлаагийн Хөтөлийн зүүн талаар явж байгаад хонгор алагнууд бүхий олон адуутай тааралдаж зургийг татаж билээ) гэнэ. Түүнчлэн Баргилт Хайрханы баруун урд руу Их Булагаас халз урд орших, хааш хаашаа харуул сайтай, байралхуу хөөрхөн шарга овоог Голын Овоот (Дээр үед тахидаг. Морь уралдуулж, наадмын их сунгаа үсэргээ хийдэг байсан) гэцгээдэг. Голын Овоотын урд өвөр энгэр, Хөшөөтийн голын баруун хойд талд нэн эртний нэгэн хөшөө (Ойролцоогоор 120 орчим сантиметр өндөр. Судлаачдын яриа тайлбартай жишиж ажиглахад Хүннүгийн үе түүнээс ч өмнөх үеийн дурсгал байх гэмээр) бий.

*                       *                       *

Баргилт Хайрханы халз араас залгаад зүүн хойшоо Хар Хашаатын Улаан Овоо, Ухаа Овоо үргэлжилнэ. Мөн Хайрханы зүүн, зүүн хойд ар доогуур буусан хадтай эргэлсэн гүн жалга, жижигхэн булаг шандтай хоолойг Хайрханы Мөрөгцөгүүд гэнэ. Дунд хэрд нь Хайрханы Мөргөцөг гэж нөмөр дулаан сайхан өвөлжөөтэй. Тэдгээр булаг шанд бүхий мөргөцөг хоолой, зүүн хойшоо явсаар Бор Хужир, Хөх Усны хоолойтой нийлж Булагуудын Хэцийн арын Гурван Хүрийн дэнжийн (Нам, төрийн гарамгай зүтгэлтэн Ж.Самбуу гуайн төрсөн газар) урдуур Түмийн голруу уруудна. Цаашаа Түмийн голын адаг Таруугийн талаар үргэлжилж задгайлан Жарангийн хөндийтэй нийлнэ. Энэхүү Мөргөцөгүүд өвөр тал руугаа буюу урагшаа эргэж салаалан Цагаан Хадын (Тариа бригадын туурины) урд руу уруудах хөндийг мөн Мөргөцөгийн (Дээр дурдсан Мөргөцөгийн хоолойн урагшаа эргэсэн салаа нь) хоолой гэнэ. Энэ хоолой Баргилт Хайрханы зүүн, зүүн урд энгэр тал, Эргийн Хар хоёрын дундуур урагшаа чиглэн Зүлэг, Хуурай Мөргүү, Хур Нуурын булан, Хөшөөтийн гол, Хар, Улаан Чих (Сонор Хайрхан)-ийн хоорондуур урагшилж Бумбатын Цагаан Даравгайн хоолойгоор 60 гаруй километр үргэлжлэн Ширгүүний говийн Улаан нуур **** хүрдэг гэцгээнэ.

Их Булагтай хүйн холбоотой Хур нуур.

Баргилт Хайрханы зүүн талд Мөргөцөгийн хоолойн зүүн талаас залган Эргийн Хар хэмээх орой энгэр дээрээ өвөлжөө бууцтай (Манайх 1954 онд өвөлжсөн. Яг энэ үеэс би, жаахан мэдээ орж, ойр зуурыг анзаардаг ажигладаг, учрыг нь олохыг хичээж эхлэсэн байх. Би, Эргийн Харын өвөлжөө бууцыг Өндөр Магнайн өвөлжөө гэж андуурч ярьж бичиж байснаа залруулж байна) өндөр хар овоо бий. Тэндээс зүүн тийш залгаад Номтын Хар гэж нэлээд ноёлогдуу хар овоо байдаг. Араас нь Арын Булаг ундран урсана. Номтын Хар гээд Шивнүүрийн Хар, Өлийн Хар, Шивээт ***** уул гэхчилэн Булагуудын Хэцийн үргэлжлэл зүүн тийш чиглэж мөн л хэцэлсэн улаан, хар уул толгод үргэлжлэн явсаар Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутгийн баруун урд захын Баян-Өндөр Хайрхан (Тахилгат уул гурван сумын хилийн дундын овоо ч байж магадгүй) болон түүний ойр залгаа уул толгодтой залгана. Баян-Өндөрийн хэцийн зүүн урд руу цэлийх Борын хөндий урд зах, Даацын хоолой зэрэг уудам хөндий Их Адаацагийн уулсыг зааглана. Харин Баян-Өндөр Хайрханаас зүүн хойшоо Асгат, Дунд Булангаа, Үнэгдийн Хэц, хуучин Өнжүүлийн төв Их Булангаа хүрч, цаашлаад Алтан уул, Баянгийн уулаар дамжин Зоргал Хайрхан уул хүрдэг. Энэ бүхэн үнэн байх аваас бидний яриад байгаа Булагуудын Хэц 80 орчим километр бус, бүр 100 гаруй километр үргэлжилдэг байж магадгүй таамгаа, нутгийн газар сайн мэддэг иргэд, судлаачдын сонорт хүргэж байна. Болгоох биз ээ.

Баргилт Хайрханы арын залгаа Оцонгийн хяр

*                       *                       *

 “Булагуудын Хэц” гэхийн учир. Энэ хэцийн төв болон баруун хэсгийн орчмоос эхлэж нэрлэн тоочвол Арын булаг, Нуурын зүлэгтийн булаг, Хөшөө булаг, Дориуны булаг, Цамийн булаг, Бүрдэний булаг, Шийрийн хөв, Сайханы гол, Их булаг, Нүхэнгий булаг, Баруун Ар булаг, Зүүн Ар булаг, Лянхын булаг, Энгэр булаг, Цагаан Хадын булаг, Ургамалын Хөвийн булаг, Хөндлөн  Хөвийн булаг, Хадна Хөвийн булаг, Бүнзэн булаг, Адгийн Хөвийн булаг түүнчлэн Булагуудын хэцийн ар талаас Төв аймгийн Бүрэн сумын нутаг руу Тал булаг, Баруун, Зүүн шандны булаг, Булаг сүүж, Хөх ус, Түмийн гол зэрэг олон булаг эх авдаг бол яг Эрдэнэдалай сумын нутагт хорь гаруй булаг шанд ундран эх авч урсдаг байжээ. Тэгэхээр Булагуудын Хэц нь энэ хавьдаа их усны эх ундарга хагалбар байжээ гэмээр. Харамсалтай нь уур амьсгалын өөрчлөлт их хуурайшилт, хүний буруутай үйлдэл зэргээс шалтгаалан  ширгэсээр өнөөгийн байдлаар дөнгөж арваад нь тухайн жилийн хур тундсаас хамааран жаахан гарч урсдаг бололтой.

Баргилт Хайрханы араас эх авч урсдаг Хадны Хөвийн булаг.

Төр нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор Н.Тогтох “Булгуудын Хэц бол их өргөн цартай том нутгийг хамардаг. Зөвхөн булаг шанд нь гэхэд Тарамцагийн уулын зүүн доогуурх Цайдамын хөндийн зүүн талын уулсаас Булагуудын хэц эхэлдэг гэвэл Эрдэнэдалай сумын нутгийн баруун хойд захад орших Хөшөөнө Хар түүний баруун Уруйт, хойд талын Ханжин, Будант хавийн уул толгодын булаг шандыг оруулан тооцвол бараг 40 гаруй булаг шанд байсан юм билээ. Булагуудын Хэц гэсний учир энд л байгаа. Түүнчлэн Булагуудын Хэцийн газрын нэрийг улаан, хараар нь эсрэгцүүлэн нэрлэсэн нь эртний арга билгийн ёсыг баримталдаг монголчуудын сэтгэлгээний онцлог энд илэрч байгаа юм. Бас ягаан чулуутайг нь ухаа овоо, улаан чулуутайг улаан овоо гэж нэрлэсэн нь ажиглагддаг. Хар хашаатын Улаан овоо, Ухаа овоо гэх мэт. Өөр нэг зүйлийг сонирхуулан хэлэхэд Булагуудын Хэцэд хойноосоо урагшаа чиглэсэн салхины хагалбар болдог гурван хөндий хоолой байх шиг санагддаг. Энэ бүхнийг хүмүүс “Салхит гурван өндөр, Шуургат гурван хоолой” гэцгээдэг. Тэднээс “Чухам алийг нь тэгж нэрлээд байна” гэхээр янз бүрээр тайлбарадаг. Энийг хоёулаа боломжтой үедээ явж үзэх юм шүү. Жишээ хэлэхэд Баргилт Хайрханы арын мөргөцөг салаалан Эргийн харын баруун суугаар урагшаа орж ирээд Хөшөөтийн гол хүрдгийг чи дээр дурдсан байна. Тэгвэл Хөшөөтийн голоос халз урагш, бууны овоо мэт холхи алсад Гучингийн Цагаан Овоо харагддаг. Гучингийн Цагаан Овооноос хойш Баргилт Хайрхан хүртэл 60 гаруй километр, Баргилт Хайрханаас хойшоо Төхөмийн хөндий, Тал Булаг (Энэ бол Талын булаг биш, бас ямар нэг юмны тал ч биш. Харин Тал, Булаг хоёр хоорондоо хамааралгүй болохыг илэрхийлсэн утгатай нэр байж магадгүй. Н.Т) гээд мөн 60 орчим километрт Бүрэнгийн уулс хөндөлсөн цэнхэртээд гайхамшигтай гоё харагддаг. Нутгийн өвгөд хөгшид минь Булагуудын Хэцийг аргагүй л адуу, хонины эх нутаг” гэж ярьцгаадаг байлаа. Булгуудын Хэцийн хар халзан, хар нүдэн зүстэй догшин цагаан хонины эсгийрсэн ноос нь ноолууртай тул салхинд үс нь ярагдадгүй. Энэ нь дээрх шөргөлсөн хоёр их салхины үйлчлэлээс болж байгалийн шалгарлаар үүссэн ноолуур юм. Манай Дундговийн хонины ноолуураар 100 номерийн утас ээрч болдогийг үйлдвэрлэлийн туршилтаар нотолж төрөл бүрийн нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Нэхмэл сүлжмэл эдлэлийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Италийн үйлдвэрүүд “Танай хонины ноолууран ээрмэл утас болон даавуу драпыг авъя” гэсэн саналыг албан ёсоор ирүүлсэн байдаг. Энэ бол Дундговь аймаг, Эрдэнэдалай сум, Булагуудын хэцийн айраг, махнаас ч илүүтэй дэлхийн брэнд бүтээгдэхүүн мэндлээд байгаа юм биш үү. Энэ бол бахархал” хэмээн ярьж байна.

Үнэндээ Эрдэнэдалай сум бараг дөч гаруй жил нийт мал, хонь адууныхаа тоогоор улсад тэргүүлж явсан түүх биднээс нэг их холдоогүй байна. Гэхдээ манай Булагуудын хэцийн хонь голдуу хар нүдэн, хар халзан зүстэй, бусдаас онцлогдуу цагаан үс ноостой, жилбэ чалба, төл сайтай болохыг малд ойрхон өссөн хэрнээ сүрхий хол хөндий өтөлж яваа байгаа хэдий ч өчүүхэн бичээч би вээр ажиглаж л явдаг. Тэгэхдээ мал мэддэггүй, тэр талын мэргэжлийн зах сэжүүргүй мань мэтэд зүс нь голдуу ижил төстэй байгаа нь сонин санагддаг байлаа. Тухайн үеийн нам засгаас малаа эрүүлжүүлэх, үүлдэр угсааг сайжруулах, нутгийн онцлог удам омгийн малын талаар их анхаарч системтэй бодлого явуулж дэмжиж байсан социализмын үед Эрдэнэдалай сумын хөдөө аж ахуйн байгууллагууд, мал эмнэлэг, үржлийн чиглэлийн мэргэжилтнүүд жаахан ажил хэрэгч, оюунлаг хандсан бол нутгийн монгол хонины дотроос өөрийн онцлог бүхий нэгэн омог тодорч, шинжлэх ухааны судлагдахуун болох, ашиг шим нь сайжирч нутгийнхаа нэрийг гаргах байсан ч юм билүү гэж бодогдох үе ч байдаг. Тэр үед Донын хар ямаа, хасгийн цагаан толгойт (Энэ үхрийн сүрэг Хэнтий, Дорнодын талд бөөн бөөнөөрөө бэлчээрлэж явахыг 2023 онд харж сонирхож байлаа), зохиомол хээлтүүлэг энээ тэрээ гээд л сүржигнэцгээдэг байсан. Тэр бүхний үр дүн өгөөж, ач буян манай сумын хувьд (Хасгийн цагаан толгойтын удам байх гэхээр ганц нэг үхэр малын захад хааяа тааралдадгийг эс тооцвол) өнөөдөр ер нь юу байдаг юм бол... Гэтэл Булагуудын Хэцийн хар халзан, хар нүдэн хонь маань талаар нэг бэлчиж, хот дүүрэн налайж л байх юм. Өнөө цагийнхны ярьдгаар ориг (нутгийн уугуул) юм гэдэг арай л өөр байдгийн жишээ энэ байх.

Адууны тухайд манайхан голдуу уналга эдэлгээний, сүү саалийг нь голлон ашиглах чиглэлээр анхаарч ирсэн учраас хурдан удмын юм уу, махны чиглэлийн гэх мэт онцгой юм байдаггүй байх. Орон нутгийн чанартай уралдаан наадамд гайгүй давхидаг морьд мэр сэр дуулддаг. Улсын их баяр наадамд гэвэл М.Самдангийн хүрэн азарга (1959 онд гуравт давхисан), Р.Рашийн хүрэн азарга (2001 онд аман хүзүүдсэн), Б.Өнөрбаянгийн халтар хээр морь (2011 онд түрүүлсэн), Ц.Ганболдын зээрд шүдлэн (2005 онд аман хүзүүдэж, мөн хүрэн морь нь 2006 онд тавд давхисан), Б.Чинзоригийн хээр хязаалан (2024 онд түрүүлсэн), бүсийн чанартай томоохон наадамд С.Гомбо-Очирын саарал морь (Гурван удаа түрүүлсэн) гэхчилэн зөндөөн айраг түрүү сонсогддог. Гэхдээ эдгээр адууны удам гарвал нь голдуу зүүн зүгийн угшилтай байж мэдэх юм.

*                       *                       *

Төгсгөлийг төлөөлж өгүүлэх нь. Миний бие Булагуудын Хэцийн дунд хэр орчимд төрж өссөн, тэр хавиар хурга ишгэнд гүйж, хонь хариулж, адуу тэмээнд давхиж бага насаа өнгөрүүлсэн хэдий ч олон газрын нэрийг мартаж, сольж хольж мунгинах явдал их байна. Би ер нь нутгаасаа гараад бараг жаран жилийг хол давж явна. Одоо тэр хавийн газар нутгийг сайн мэдэх хүн цөөн болж. Тийм учраас Булагуудын Хэцийн зарим газрын нэр байршил зэргийг, баруун үзүүр хавиар нь голлон нутаглаж байсан, одоо ч тэр хавиар байнга эргэлдэж байгаа Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор Н.Тогтох, БНМАУ-ын “Аварга малчин” Ц.Баярсүх, дунд болон зүүн үзүүр хавиар нутагладаг Монгол Улсын хошой “Аварга малчин” Г.Сампил, бас нутаг усандаа тогтвортой ажиллан амьдарч уул тал, ус ургамал, жалга судаа тэр байтугайг эргүүлж тойруулж яваа багын анд Ө.Лхагвасүрэн, малчин Б.Даваадорж нарын зэрэг нөхдөөс асууж тодруулснаа онцлон хэлмээр байна. Бидний энэхүү санаа тавьж учир начирыг нь тодруулж ядаад байгаа Булагуудын Хэц болон тэр хавийн нутаг ус төдийгүй... Нутаг усандаа амьдран сууж, мал сүргээ хариулан аж төрж яваа залуус, ажил амьдрал хувь тавилангийн эрхээр алс хол яваа Эрдэнэдалайчууд маань нутаг усаа мэдэж, уулзсан тааралдсантайгаа дурсан ярьж хууч хөөрч, шүтэн биширч яваасай, үр ач, хойч үедээ зааж захиж байгаасай гэсэн нэгэн үзүүрт сэтгэлд хөтлөгдсөн юм шүү.

Мэргэн уншигчид минь, буруу ташаа тэмдэглэсэн зүйл байх аваас санал бодол, хувь зөвлөмжөө нэмэрлэх, өөр өөрсдийн үзэж сонирходог чиглэл сэдвээрээ гүнзгийрүүлэн магадлаасай, судлагааны эргэлтэд оруулаасай хэмээн хүсэх байна. Нутгийн минь уул ус, бодол дурсамж тээсэн алаг толгод, таана анхилсан тал минь ивээх болтугай.

 

* Гүн нуурын тухай 1985 онд “Ботгон мэлмий нуур” гэдэг эсээ нийтлэл бичсэн. Эрт цагт Гүн нуур эргээ халин өмнө зүгт урссаар Өлзийтийн гол, Хурдангийн хадат хавцлаар дамжин Хүрийн тал, Шургуулын амаар урссаар Ширгүүний Улаан нуурт цутгадаг байсан гэх домог яриа бий. Үүнийг судлаачид болгоож магадлаж тогтоовол бас сонин байж мэдэх юм.

** Цонж гэдэг нь хил хязгаарыг сахин хамгаалахад зориулж барьсан байгууламж. Алс холоос бие биеэнээ харж болохуйц өндөр газруудыг хэлдэг. Толь бичигт: Цонж болох уулнууд дээр өртөөлүүлэн ялангуяа цэрэг дайны зориулалтаар гал утаа тавьж  дохио мэдээллийг богино хугацаанд дамжуулан хүргэдэг байсан” гэж тайлбарладаг. “Цогт тайж” кинонд гардаг шиг.

*** Хайрхан гэж алс холын бараа харуул бүхий сондгой онцгой өндөр газрыг нэрлэдэг тухай газарзүйн эрдэмтэд тайлбарласан бий.

**** Ширгүүний Улаан нуур гэдэг нь ойролцоо орших хоёр томоохон шалан тойром. Хур бороо элбэгтэй жил тойрмууд дүүрч хоорондоо нийлж том сайхан нуур болдог. Хур бороо багатай бол бараг хуурайшиж сайндаа л ширэг ногоо ургадаг. Тэгээд “Ширэгийн говь”, “Ширгүүний говь”, “Ширгүүний улаан нуур” гэх зэргээр нэрлэж ирсэн гэх таамаглал бий. Миний бие тэртээ 1966 оны зун хоёр нуур нийлчихсэн цагаан хөөс хаялан оволзон долгиолж байхыг үзээд “Гадаад их далай гэдэг ийм л байдаг байх” гэж бодож сүрдэн айж байсан сан.

***** Шивээ гэдэг нь цэргүүд нуугдах, хориглон байлдахад тохиромжтой газар. Мөн харуулын нуувч, хамгаалалтын байгууламжийг хэлдэг гэнэ. Дээр дурдсан Шивээ уулын оройн хаданд баруун урагшаа харсан багахан агуйтай. Дотор нь чоно үүрлэж зулзагалсан дуулддаг. Цас шуурга, бороотой үед хоёр гурван хүн орж тэнгэр арилтал хоргодох боломжтой байх.

 

2024 оны 12 сарын 12

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 244 (7488)