“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үндэсний зөвлөл”, ХНХЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас жил бүр яамд болон 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн дэргэдэх дэд болон салбар зөвлөлүүдээс “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй оны шилдэг”-ийг шалгаруулах ёслолын ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай.

Зам, тээврийн салбар нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар санаачлагатай ажиллаж, 2024 оны “Шилдэг дэд зөвлөл”-өөр шалгарлаа. Тухайлбал, “Автотээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрэм”-д хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх зохицуулалт тусгах, “Нийтийн тээвэр: Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5012:2021” стандартад өөрчлөлт оруулах, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих шаардлага хангасан автобусны тоог нэмэгдүүлэх, жишиг автобусны зогсоол болон цогцолбор байгуулах, зорчигч тээврийн төвүүдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нөхцлийг бүрдүүлэх гэх мэт олон ажлуудыг хийж хэрэгжүүлснээр ийнхүү шилдэг дэд зөвлөлөөр шалгарлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 242 (7486)