“Зууны мэдээ” сонин 2024 ондоо ахиц дэвшил, амжилт бүтээлээр дүүрэн ажилласан байгууллагуудын үр дүнг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад бид Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2024 онд хийсэн ажлуудыг онцоллоо.

 

1. “ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛУУЛЖ, ЭНЭ ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчлэлээр хуулийн хамрах хүрээ, гэр бүл, нийгмийн орчин дахь хүүхэд хамгааллыг өргөжүүлж, хүүхэд хамгааллын тогтолцоо, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, хүүхэд хамгааллын үйлчилгээний хэлбэр, нийгмийн ажлын кейс менежмент, хүүхэд хамгааллын мэргэжлийн удирдлагыг шинээр хуульчилж, төр, хувийн хэвшлийн бүх байгууллага хүүхэд хамгааллын бодлогоо батлан мөрдүүлэх, хүүхдийн оролцоог ханган ажиллах хууль эрх зүйн орчныг бүрдүүллээ. 

Засгийн газрын 2024 оны 143 дугаар тогтоолоор 16.000 хүүхэд тутамд нэг хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллах орон тоог анх удаа тогтоолоо.

 

2. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТЫГ БОЛОВСРУУЛЖ, БАТАЛЛАА

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний стандартыг боловсруулж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны А/19 дүгээр тушаалаар баталлаа.

Мөн Хөдөлмөрийн хувийн биржийг бүртгэх, санхүүжилт олгох журмыг сайдын тушаалаар баталж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэв.

Жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны гуравдугаар тогтоолоор баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

 

3. ЦАЛИН , ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

Төрийн албан хаагчдын үндсэн цалинг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх зарчмыг баримтлан 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс төрийн нийтлэг үйлчилгээний  албан хаагчдын үндсэн цалинг 20 хувиар, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүллээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 689.0 мянган төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 572.4 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.

Засгийн газрын 122 дугаар тогтоолоор Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 375.000 төгрөг, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 302.500 төгрөг болгож нэмэгдүүлсэн.

Нийгмийн түншэлийн гурван талд үндэсний хорооноос Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 20 хувиар буюу 792 мянган төгрөг болгож нэмэх шийдвэр гаргалаа.

 

4. ОРОН НУТАГТ ТОГТВОР СУУРЬШИЛТАЙ АЖИЛЛАСАН ХҮМҮҮСТ МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОЖ ЭХЛЭВ

 

Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс тогтвор суурьшилтай ажилласны мөнгөн  урамшууллыг авч эхэллээ.

 

5. ХУРИМТЛАЛЫН САНГААР ДАМЖУУЛЖ ИРГЭДИЙГ ОРОН СУУЦЖУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Нийгмийн даатгалын багц хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт 64 дүрэм, журам, зааврыг батлуулан, мөрдөж эхэллээ. Үүнд: УИХ-ын Нийгмийн бодлогын Байнгын хорооны тогтоолын дагуу  ажил олгогч, даатгуулагчийн төлөөллийн байгууллагыг нээлттэй сонгон шалгаруулж урамшуулал олгох тогтоолыг баталлаа. Тэтгэврийн нөөц санг ажил олгогчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн 1 хувь, даатгуулагчийн 1 хувь нийт 2 хувь, сайн дураар даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн 2 хувийг, мөн даатгуулагчийн нэрийн дансны мөнгөжүүлсэн орлогоос тус тус бүрдүүлэн хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих эхлэл тавигдав. Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бэхжүүлж, Хуримтлалын сангийн реформыг хэрэгжүүлэх хүрээнд Хуримтлалын сангийн үйл ажиллагааг орон сууцны урт хугацааны санхүүжилттэй уялдуулах ажлыг эхлүүллээ.

 

6.АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА

 

Энэ хуулиар эрүүл, идэвхтэй насжилтад бэлтгэх, ахмад настанд үзүүлэх урт хугацааны цогц тусламж үйлчилгээг сайжруулах, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ахмад настны эсрэг үйлдэгдэж буй эдийн засгийн хүчирхийллийг багасгах, ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээг бий болгон хөгжүүлэх чухал зохицуулалтууд тусгагдав.

 

7. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 4 ТӨВИЙГ НЭЭЛЭЭ

Олон Улсын жишигт нийцсэн хөдөлмөрийн бирж, нийгмийн үйлчилгээний үндэсний платформыг нэвтрүүлж, төр-хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд нэгдсэн стандарт, платформын орчинд үйл ажиллагаа явуулах “Job center” хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв байгуулах бэлтгэл ажлыг ханган, эхний 4 төвийг Улаанбаатар хотод нээлээ.  

Мөн гадаад зээл, тусламжийн эх үүсвэрээр энэ онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, хөгжлийн нэгдсэн төвийн барилгыг ашиглалтад орууллаа.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд  “Нөхөн сэргээх, хүүхэд хөгжил, сургалтын төвийн барилга, Мөн  “Иргэдийн хөгжлийн төв”-ийг Хан-Уул дүүргийн гурван хороо, Сэлэнгэ аймгийн Мандал суманд барьж ашиглалтад орууллаа.

 

8. УЛС ОРНУУДТАЙ БАЙГУУЛАХ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ХЭЛЭЛЦЭЭР ӨРГӨЖИВ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Казахстан улсад албан ёсоор хөдөлмөр эрхэлж байгаа манай улсын 3000 гаруй иргэн хуримтлалын тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдэж, ирээдүйн нийгмийн баталгаа сайжрах чухал ач холбогдолтой хэлэлцээр болсон юм. Монгол Улс, Австралийн Холбооны Улсын хооронд “Нийгмийн хамгааллын хэлэлцээр” байгуулахаар тохиролцож, яриа хэлэлцээг эхлүүлсэн талаар албан ёсоор зарлалаа. “Нийгмийн хамгааллын хэлэлцээр” байгуулах анхны техникийн түвшний уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгуулав. Бүгд Найрамдах Австри Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах ажлыг эхлүүллээ.

 

9. 1.259 ӨРХИЙН САНХҮҮГИЙН ЧАДАВХ, ОРОЛЦООГ САЙЖРУУЛЖ ТОГТМОЛ ОРЛОГОТОЙ БОЛЛОО

Азийн хөгжлийн банктай хамтран “Төгсөлтийн аргачлал туршилтын хөтөлбөр”-ийг Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүллээ. Үүний үр дүнд  зорилтот бүлгийн 1.259 өрхийг нийгмийн болон санхүүгийн чадавх, оролцоог сайжруулах цогц арга хэмжээнд хамруулж, 80-аас багагүй хувийг нь бие даан тогтмол орлоготой болгож, тогтвортой амьжиргаанд хүргэхийг зорьж ажиллаа.

 

10.ОРОН ТООНЫ БУС МЭРГЭЖЛИЙН ХОРООНЫ ГИШҮҮД БОЛОН ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ ТОМИЛЛОО

 

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийг санхүүгийн хэрэгсэлд оруулах шийдвэр гаргахад шаардлагатай судалгаа, эрсдэлийг үнэлэх, санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий мэргэжлийн хорооны гишүүдийг анх удаа томиллоо. Мөн нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийг санхүүгийн хэрэгсэлд оруулах үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий олон нийтийн хяналтын зөвлөлийн гишүүдийг анх удаа томиллоо.

 

11.ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫГ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОЖ ШИНЭЧИЛЛЭЭ

Хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагчийг ирүүлэхгүйгээр хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, сунгах, цуцлахыг 2024 оноос мөрдөж эхэллээ. Хугацаагүйгээр тогтоох 97 өвчний оношоор даатгуулагч, хүнийг дахин магадлахгүй байх зэрэг шинэлэг зохицуулалтыг нэмж тусгасан. Мөн даатгуулагчийн  хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний зааврын жагсаалтыг мөрдөж эхэллээ. 

    

12. 650 ХИЙМЭЛ, ГАР ХӨЛ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙХ ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд “Жайпур фут” төслөөр хөгжлийн бэрхшээлтэй 650 хүнд хиймэл гар, хөл үнэ төлбөргүй хийж өгөх ажлыг амжилттай зохион байгуулав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 238 (7482)