Т.САЙХАН

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо арванхоёрдугаар сарын 12, 13-нд хуралдаж, бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах, гадаад валютын нөөцийн хэмжээг нэг нэгж хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна.  Энэ талаар Монголбанкнаас өнөөдөр /12.13/ мэдээлэл хийлээ. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Энэхүү бодлогын шийдвэрийг гаргахад гадаад, дотоод орчны нөхцөл байдал ирээдүйн төлөвийг харгалзан үзсэн болно. АНУ, Европ, Англи зэрэг томоохон эдийн засагтай орнуудад мөнгөний бодлого зөөлрөх чиглэлд өөрчлөгдөж байгаа нь глобаль эдийн засгийн байдалд эерэгээр нөлөөлж байна. Гэхдээ геополитикийн хурцадмал байдлыг дагасан гадаад орчны тодорхой бус байдал өндөр үргэлжилсэн хэвээр байна. Хятадын ирэх оны  эдийн засгийн төлөвийн талаар гаргасан эдийн засагчдын шинжээчдийн дүгнэлт өөдрөг бус байгаа нь экспортын нүүрсний эрэлт,  үнэ буурч болзошгүй.

Жилийн инфляц өнгөрсөн аравдугаар сард долоон хувь байсан бол арваннэгдүгээр сард  улсын хэмжээнд 8.1 хувь болж өсч гарсан. Энэхүү өсөлт нь цахилгааны үнийн нэмэгдэлтэй холбоотой бөгөөд цахилгааны үнэ аравдугаар сард жилийн инфляцийн  0.6 нэгж хувийг бүрдүүлж байсан бол арваннэгдүгээр сард 1.9 нэгж хувийг бүрдүүлж байна. Дотоод эрэлт, цалингийн өсөлтийн нөлөөгөөр үйлчилгээ, түрээсийн импортын барааны үнэ хүлээлтээс өндөр өссөн нь инфляц өсөхөд нөлөөллөө гэж үзэж байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn