Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ
Дэлхийн тайзнаа монгол хүний өвөрмөц хоолойн цар хүрээг гайхуулан яваа чадварлаг дуучдын үргэлжлэл бол УДБЭТ-ийн гоцлол дуучин Эрдэнийн Отгонбат билээ. Тэрээр өнгөрсөн сард ОХУ-д зохиогдсон “Орфей 2024” олон улсын дуурийн дуулаачдын тэмцээнд тэргүүн байр эзлээд байна.
-ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан “Орфей-2024” олон улсын уралдааны 32-38 насны ангилалд манай дуучид эхний гурван байрыг эзэлж, ганзага дүүрэн ирлээ. Монгол дуурийн дуулаачид онцгой байв уу?
-“Орфей-2024” нь таван орны 70 гаруй уран бүтээлч оролцож, энэ жилийн чансаа өндөр тэмцээн боллоо. Мэргэжлийн дуулаачийн ангилалд Монголоос дөрвөн уран бүтээлч оролцож, эхний гурван байрт завсаргүй орсонд баяртай байна. Монголчуудын ур чадвар, арга барил, хоолойны өнгө нь бусдаасаа ялгарч, гайхалтай байлаа гэдгийг шүүгчдийн бүрэлдэхүүн онцолсон. Монгол баритон хоолойны онцлог байдаг л даа. Дэлхийд алдаршсан Э.Амартүвшин, Г.Ариунбаатар, Ч.Бадрал гээд ах нар бүгд баритон хоолойтой. Нэг улсаас ирсэн адилхан хоолойтой дуучид хэр нь өөр өөрсдийн өвөрмөц тембэртэй байгааг гайхширч асуудаг. Манай орны жилийн дөрвөн улирал, хоол хүнс зэргээс шалтгаалдаг юм болов уу. Дуучин Ө.Цэрэнчунт саяхан монгол дуулаачдын дэг сургуулийн талаар Солонгост итгэл тавиад ирлээ. Өнө эртнээс дуулагдаж ирсэн монгол уртын дууны уламжлал дуурийн амьсгаатай холбоотой байгаа юм. Тэгэхээр офера нь манайхаас үүссэн байх магадлалыг онолын талаас судалж байгаа. Н.Жанцанноров гуай хүртэл дуулаачийн дэг сургууль уртын дуунаас эхлэлтэй гэдэг. Би ч мөн холбоотой гэж боддог. Монгол орны газар зүйн байршлаас хамаарч, тэр нутгаас төрсөн дуучдын хоолой ялгаатай. Хангай нутгаас нарийн хоолой төрдөг байх жишээтэй.
-Тэгвэл таны төрж, өссөн нутаг, дууны урлагт татагдах болсон түүхээр яриагаа үргэлжлүүлье?
-Миний аав Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул. Ээж минь хуучны Дорноговь аймгийн Сүмбэр сум, одоогийн Говьсүмбэр аймгийн хүн. Харин би Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн билээ. Багадаа лам нарын ном хурж байгаа унзад хоолойг сонсоод дуучин лам болно гэж ярьдаг байсан гэдэг. Гэр бүлийнхэн минь тэрийг их өхөөрдөж, дэмждэг байсан. Арван жилдээ тэмцээн уралдаанд орж явсаар дуулах хүсэлдээ хөтлөгдөн сонгодог урлаг руу оржээ. Миний нэг бэлгэшээдэг зүйл бий. УДБЭТ-д гоцлол дуучнаар ороод авсан анхны дүр “Ламбугайн нулимс” дуурийн Лодон. Ингэхээр өөрөө ч мэдэлгүй ярьж явсан дуучин лам болох хүслээ биелүүлчихсэн байна.
-Сонгодог урлагаар хичээллэдэг хэн бүхний мөрөөдөл УДБЭТ болов уу. Гэвч хэн дуртай нь ороод байдаггүй өндөр босготой энэ их айлд хөл тавьсан түүхээ хуваалцвал?
-Өөрөө дуртай болохоор бэлтгэл курсээсээ эхлээд их идэвх, зүтгэлтэй байлаа. Тиймээс багш нар маань ч гэсэн энэ хүүхдийг яаж цааш нь хөгжүүлж, дэмжих вэ гэж анхаарна. Мөн оюутны найзууд маань нэгнээ хурцалж, хөгжүүлнэ. Ингээд гурав, дөрөвдүгээр курсээсээ Монголдоо төдийгүй гадагшаа тэмцээнүүдэд оролцож, амжилт гаргаад ирэхээр өөрөө их урамшсан. Энэ бүхний үндсэн дээр төгссөн дараагаа театрт ажилд орох гэтэл миний хоолойнд орон тоо байгаагүй тул хэсэг хүлээгээд 2014 оныхоо арваннэгдүгээр сард гэрээ хийж байлаа. Ингэхдээ найрал дуучнаар орж хоёр жил ажилласан юм. Тэр хугацаанд гурван гол дүр бүтээж, шалгуулсны үндсэн дээр гоцлол дууны анги руу дэвшсэн.
-Энэ хугацаанд олон сайхан дуурьд тогложээ. Тэр дундаас хүсэн хүлээж бүтээсэн дүр бий юу?
-Баритон хоолойны хүчийг сорьсон дэлхийн бүхий л сонгодог дуурь сонирхол татдаг. Тэр дундаа Вердийн “Риголетто” дуурийг дуулах мөрөөдөл тээж байлаа. Гэтэл энэ оны аравдугаар сард тэр дуурийнхаа гол дүрд тоглож, нэг том мөрөөдлийнхөө ард гараад сууж байна. Миний цаашдын замыг нээж, олон улсын тавцанд гарах гүүр болсон гайхалтай дүр гэж бэлгэшээж, хичээж ажиллалаа.
-Дүр бүр өөрийн дотоод ертөнц, өвөрмөц онцлогтой байдаг. Тухайн нэг дүрийг бүтээсний дараа уран бүтээлчийн уран чадвар, мэдрэмж хэр хөгждөг вэ?
-Дуур болгоны дүр дахин давтагдашгүй. Риголетто гэхэд амин эрдэнэ болсноо охиноо хайрлаж буй эцэг хүн, түүний зовлон жаргал, шаналлыг гаргаж, дуулахын хажуугаар жүжигчний уран чадвараар дүрээ амилуулдаг. Би дүрээ яаж амьдруулснаар “Э.Отгонбатын Риголетто сайхан шүү. Очиж үзье” гэх үзэгчдийн таашаал, мэдрэмж шийдэгдэнэ. Дуурьд дуучны сайхан хоолойгоос гадна жүжигчний уран чадвар чухал. Иймээс дүрийн судалгаа их хийдэг. Өмнөх үеийн ах нар ингэж бүтээж байсан байна. Тэгвэл би энэ дээр нь ингэж ажиллавал илүү гоё болох юм уу гэж бодно. Эсвэл ах нарын тэр нь үнэхээр сайхан болсон тэрийг л суръя гэх жишээгээр хөглөгдөж, боловсордог. Тэр дүрээрээ тайзан дээр олон гарч, давтамж нь ихсэх тусам өөрийгөө чөлөөлөхөөс эхлээд сурч ханадаггүй.
-Бүх дүрдээ сэтгэлээсээ ажиллаж, үзэгчдийн сэтгэлд хоногшихыг хичээдэг байх. Гэхдээ өөрийн болон хамтран ажиллагсад, үзэгчдийн сэтгэлд илүүтэй хүрсэн гэж боддог дүрийнхээ тухай яривал?
-Мэдээж бүхий л дүрээ сэтгэлээсээ бүтээдэг ч тайзан дээр гарсны дараа үзэгчдийн алга ташилт, таашаал мэдрэмж ямар байгааг харж өөртөө дүгнэлт тавьж ажилладаг. Дуурь өөрөө нэгдмэл урлаг учир хамтран тоглогч, найрал дуу бүгд хамааралтай. Тэр бүх хүний итгэлийг тээж гоцолно гэдэг их хариуцлага юм. Тайзан дээр гарах бүрт сэтгэл догдолж, сандардаг ч түүнийгээ хянадаг. Ирээдүйд Э.Отгонбатын Риголетто гэхээр хүмүүс зорьж үздэг болоосой гэж хүсдэг. Харин “Үүлэн заяа” дуурийн Тэнүүнийг жоохон дөхүүлсэн шиг санагддаг. Хүмүүсийн баяр хүргэж байгаа, үзэгчдийн илэрхийлэмжээс хараад тэгж бодсон. Цаашид бүх дүрээ тэш сайхан бүтээж, Э.Отгонбат тэр дуурьд дуулна гэхэд хүмүүс зорьж үздэг болохыг мөрөөдөж, хичээж ажилладаг. Миний хувьд залуу уран бүтээлч. Энэ Э.Отгонбат чинь одоо л овоо гайгүй дуучин болох нь уу гэсэн зам дээрээ явж байна. Гэхдээ үзэгчдийн халуун сэтгэл, баяр хүргэсэн мэндчилгээ, дараагийн дуурийг минь асуух үзэгдэл их байдаг. Тэр дундаас багш нар маань миний тоглосон дуурийг үзэх гэж зорьж ирдэг. Үүнээс урам зориг авахын сацуу улам илүү хичээж, сайн уран уран бүтээл хүргэхээр зорьдог. Нэг үеэ бодвол сонгодог урлаг үзэхээр зорьж ирэх үзэгчид нэмэгдэхээс гадна залуужиж байна. Ганц үзээд шууд ойлгочихгүй ч цаг хугацааны явцад соёлжиж, түүнд татагддаг. Манайхан энгийн ойлголтоороо сонгодог урлаг, дуурийн театрыг дээш нь өргөөд тавьчихдаг. Гэвч энэ нь хэн бүхэнд нээлттэй. Би хоёр гурван найзыгаа гэр бүлийнх нь хамт дуурьд дуртай болгосон. Энэ мэтээр бид өөрсдөө дотроосоо үзэгчдээ бэлтгэх хэрэгтэй. Манай театрын маркетинг учраа олохгүй байгаа юм шиг санагддаг. Хүмүүсийг хүчээр биш энгийн, эвтэйхнээр татах хэрэгтэй байна.
-Дуурийн дүрийн сонголтыг яаж хийдэг вэ?
-Хөгжмийн зохиолч тухайн дуурийг бичихдээ хоолойны онцлогт зориулж бичсэн байдаг. Баритон хоолойнд гэхэд баатар, аав, хаан, жирийн ард жишээтэй дүр байдаг бол басс хоолойнд өвгөн, хаан байна. Харин сопранод 17,18-тай гэгээлэг, гэнэн хонгор дурлалт дүр байх жишээтэй. Гэхдээ Юндэнд миний хоолой тохирох ч нуруу намдана. Үзэгчид өндөр нуруутай, халхын сайхан залуу хүлээдэг. Тиймээс би худалдаачны дүрд тоглодог. Өгөгдсөн дүрээ тийм ийм гэхгүй тултал нь бүтээхийг зорьдог. Тайзан дээр харагдах байдал, биеийн онцлогоос хамаарч хоолойн дотроо дүр хуваарилалт явагдана. “Ламбугайн нулимс”-д анх тоглоход их хувь тохиосон л доо. Найрал дууны ангиас гоцлол руу орох эсэх нь шийдэгдэх шалгалт явж байсан тэр үед Лодонд тоглож байсан н.Сайнбаяр ахын бие өвдөөд хоолойн дотроо сонсгол явуулаад намайг арав хоногийн хугацаанд энэ дүрийг бэлдээд тоглож чадах уу гэсэн юм. Миний мөрөөдөл байсан тул чадна гээд л тоглож байлаа. Ингэхээр багын минь мөрөөдөл намайг энд авчирчээ гэж бэлгэшээдэг. Бүгд л тайзан дээр гарахыг хичээж, дотроо цагаахан өрсөлдөөн явагддаг тул өөрсдөө ч мэдэлгүй ахиж дэвшдэг. Мөн хоорондоо ярилцаж, зөвлөж байгаад нэгнийгээ хүссэн дүрд нь гаргах үе байна. Сүүлийн үеийн дуучид хөгжиж, хэлний мэдлэг, боловсролын түвшин өндөр болж. Ирээдүйд дэлхийн тайзан дээр дуулах дуучид улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнд хүрэх гүүр маань энэ дуурийн театр билээ.
-Таны хувьд уран бүтээлээ туурвихын зэрэгцээ олон улсын тэмцээн уралдаануудад амжилттай оролцож, дэлхийн тайзнаа дуулж яваа ах нарынхаа залгамж болж явна. Хувь уран бүтээлчийн эрхэм зорилго юунд оршиж байна?
-Дараагийн тэмцээн гэвэл энэ сарын 13-17-ны өдөр Монголын дуурийг үүсгэн байгуулагчдын нэг Пүрэвдорж гуайн нэрэмжит уралдаан болно. Түүнд мөн амжилттай оролцохыг зорьж байна. Тэмцээн уралдаанд орж өөрийгөө хаана явааг мэдэрч, чиг баримжаа, төлөвлөгөө гарахын зэрэгцээ илүү хөгждөг. 2019 онд Пласидо Домингогийн нэрэмжит уралдаанд Монголоо төлөөлж ганцаараа оролцож байлаа. Жил бүр зохиогддог дэлхийн шилдэг залуу дуулаачдын тэмцээн 2008 онд Бээжинд болоход Э.Амартүвшин ах түрүүлсэн юм. Түүнээс хойш манайхаас дуучид тэнцэхгүй байсаар найман жилийн миний бие Чехийн Прага хотод очиж өрсөлдсөн. Одоо л сайхан уралдъя гэхээр Дэлхийн “А” зэрэглэлийн тэмцээнүүд нас заачихдаг. Харин европт харьцангуй гайгүй болохоор бэлтгэлээ сайн хангаж байгаад амжилт гаргаж, олон улсын агентлаг, томчуудын нүдэнд тусах хэрэгтэй. Ирээдүйд дэлхийн хэмжээний дуучин болохыг зорьж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 241 (7485)