Х.ХАТАН

Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн Үүр төв нь орон нутгийн хэвлэл мэдээллийг дэмжих зорилготой "Жигүүр" төслийг хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөл нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Азийн сан, Олон улсын судалгаа, солилцооны хүрээлэн (IREX)-ээс хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.

Энэ хүрээнд арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Олон улсын судалгаа, солилцооны хүрээлэн (IREX)-гийн Хэвлэл мэдээллийн хөтөлбөрийн дэд захирал Брэд Виллиямс, Хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах зөвлөх Ж.Оюунцэцэг, Хөтөлбөрийн ажилтан Ж.Золзаяа болон “Үүр” төвийн үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо, Үнэлгээ, мониторинг хариуцсан менежер Ж.Өнөмөнх нар “Зууны мэдээ” сонины редакцаар зочиллоо.

“Зууны мэдээ” сонин нь "IFPIM Монгол" хөтөлбөрт оролцож буй өөрсдийн туршлага, суралцсан мэдлэг, ололт амжилт, бэрхшээл асуудлаа хуваалцсан юм.

Тус сонин "IFPIM Монгол" хөтөлбөрт хамрагдсанаар редакцын бодлогоо сайжруулж, олон улсын хөтөлбөрийн менторуудтай сар тутамд уулзалт хийж, зорьсон зорилго, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа тайлагнаж, илүү ихийг сурч мэдэж, хөгжсөөр байна.

Түүний нэг илрэл нь Олон улсын JTI сертификаттай Монголын анхны сонин болсон юм. Энэ нь сэтгүүл зүйд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, иргэдийн мэдэх эрхийг хангах зорилготой Хэвлэл мэдээллийн ил тод байдлыг баталгаажуулсан дэлхийн анхны ISO стандарт юм.

Тиймээс “Жигүүр” төслийг орон нутагт хэрэгжүүлэхэд юун дээр анхаарах, яаж сайжруулах талаар “Зууны мэдээ” сониноос туршлага судлахаар ирсэн нь энэ аж.

Эх сурвалж: www.zms.mn