Базарбямбын НЯМСҮРЭН

 

Солонгост томилолтоор ажиллах үеэрээ тэнд ажиллаж амьдарч буй нутаг нэгтнүүдтэйгээ уулзахаар зорьсон нэгэн компани бол төмөр замын салбартаа өсөн дэвшиж яваа “Bellution Networks” компани байлаа. Тус компанийн хувьд 20 гаруй жилийн түүхтэй бөгөөд дотоод болон гадаад холбооны төмөр замын систем, дамжуулах төхөөрөмж зэргийг үйлдвэрлэж, угсарч, нийлүүлдэг.

Компанийн гүйцэтгэх захирал Шинь Хён Чанг (Hyun Chang Shin), үйл ажиллагаа хариуцсан захирал Ким Жүну (Kim Junoh) гээд Монголд олон удаа ирж ажиллаж байсан Монголын талаар сайн мэдэх залуу захирлууд өөрсдийн компанийн талаар танилцуулав.

“Bellution networks” нь дотооддоо “Солонгосын үндэсний төмөр зам”, Сөүл, Бүсаны төмөр замын компаниудад тоног төхөөрөмж нийлүүлэх, зураг төсөл гаргах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэргээр бүх талаар хамтран ажилладаг. Ялангуяа богино төмөр замын төслүүдийн 80-90 хувьд гар бие оролцож ажилладаг бөгөөд мөн хурдны галт тэрэг, метроны төсөлд ч хамтрагчаар оролцдог аж.

“Bellution networks” компанийн гүйцэтгэх захирал Шинь Хён Чангтай Монголын төмөр замын төслийн талаар товчхон ярилцав.

 

Шинь Хён Чанг: Монголтой алсыг харсан харилцаатай ажиллана

-Танай компани Сөүлийн метроны төсөлд ажиллаж байсан туршлагатай юм байна. Мөн Монголын Тавантолгойн төсөлд хамтран ажиллаж байсан гэсэн. Энэ талаараа товчхон танилцуулахгүй юу?

-Манай компани гадаад улсуудаас Бангладеш болон Монголын нийт 11 зөрлөгийн дохиолол холбооны ажил дээр ажилласан. Мөн Монголын Тавантолгой Зүүнбаян төмөр замын төсөл дээр дохиолол холбооны чиглэлээр ажиллаж байсан. Цаашдаа Монголд хөдөлгөөн зохицуулах төв, метро барих төсөлд хамтран ажиллах боломж гарвал өөрсдийн сэтгэл зүрхээ гарган ажиллахад бэлэн.

-Монгол Улс метро барихаар дөнгөж эхэлж байгаа ажил. Танай компанийн зүгээс Монголын метроны төсөлд яг ямар чиглэлээр ажиллах боломжтой вэ? Мөн мэргэжлийн хүмүүсийн нүдээр харахад яг юун дээр илүү анхаарвал илүү урагштай байх боломжтой гэж харж байна вэ?

-Монголд очоод харж байхад радио, антенын суурилуулалт хийхэд цаг агаар өөр,  эрс тэс, хүйтэн өвөл болдог учир аль болох бат бөх байхад илүү анхаарах шаардлагатай гэж би харсан. Мэдээж үүн дээр Монгол Улсын стандартад нийцүүлэх, одоо үед ашиглаж болох өндөр хүчин чадалтай байх гэдэг зүйлсийг бас анхаарах байх. Бидний хувьд ямар ч газар ажилласан нөхцөл байдалдаа тааруулаад, тухайн газар байршилдаа тохирсон хамгийн сайн тоног төхөөрөмж нийлүүлэхийг хичээдэг. Жишээлбэл, Зүүнбаянгийн төслийн хувьд бидэнд гэрээгээр 155 мегабайтын хүчин чадалтай хуучны маягийн тоног төхөөрөмж нийлүүлж өгөөч гэсэн хүсэлтийг Монголын талаас ирүүлсэн байсан. Тэгэхэд бид түүнийг 20 нугалах хэмжээний хүчин чадалтай, одоо орчин үед ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж суурилуулсан. Цаашдаа ч гэсэн орчин үедээ тохирсон, 10-20 жил ашиглагдах боломжтой байдлаар илүү алсыг харсан байдлаар ажиллана гэж бодож байна.

-Манай улсын төмөр замын тоног төхөөрөмжүүдийг Солонгосынхтой харьцуулахад ер нь хэр зөрүүтэй санагдаж байна вэ?

-Солонгос улсын хувьд ачаа тээврээс гадна метро, хурдны галт тэрэг гээд зорчигчийн төмөр замыг илүү хөгжүүлсэн. Монголын хувьд ачаа тээврийн төмөр замын вагоныг илүү хөгжүүлсэн болохоор тодорхой хэмжээний ялгаа байгаа. Минийхээр энэ ялгаа арилахад 30 орчим жил хэрэгтэй болов уу. Солонгосын хувьд ихэнх галт тэрэг цахилгаанаар ажилладаг бол Монголд одоо ч түлшээр явдаг галт тэрэг бий. Монголд цахилгаан галт тэрэг баригдаж эхлэхийн тулд цахилгааны эх үүсвэрээ барьж байгуулах гээд эхний шатны ажлуудаас харахад ойролцоогоор ийм хугацаа шаардагдах болов уу гэж харж байна гэв.

 

Д.Оюунбаяр: Далайд гарцгүй манай улс төмөр замаа хөгжүүлэх нь чухал гэдгийг ойлгосон

“Bellution networks” компанид ажиллаж байгаа эрчим хүчний залуухан инженер Д.Оюунбаяр “Bellution Networks” компанид ажиллаж буй ганц монгол инеженер бөгөөд бүр хэд хэдэн төслийг удирдаж дуусгасан амжилтыг нь компанийн удирдлагууд нь ихэд сайшаах юм билээ. Мөн тэрээр Сөүлийн метроны есдүгээр шугамын төслийг хариуцаж ажиллаж байгаа тухай сонсоход бахархам байлаа. Залуухан инженер бүсгүйтэй цөөн хором ярилцав.

-Солонгост төмөр замын компанид ажилладаг инженер бүсгүйтэй уулзана гэж бараг төсөөлж байсангүй. Өөрийнхөө талаар товч танилцуулахгүй юу? Анх хэрхэн Солонгост ирж энэ компанитай холбогдож байв?

-Би Чежугийн их сургуульд хэлний бэлтгэлээр анх ирсэн. Дараа нь Дэжоны Хамбат их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Өмнө нь хэрэгжүүлсэн Тавантолгойн төсөлд өөр компанийн шугамаар орчуулагчаар ажиллаж байсан. Тэр үед “Bellution networks” компанийнхан маань өөрсдөө манай компанид ажиллаач гэж санал болгосон. “Чи магистраа төгссөн, инженер болох хүсэл зорилготой юм байна. Манай компанид ажилд орвол бид өөрийн ажилчид шиг хүлээж аваад, сургаад авна” гэж хэлсэн.

Би Монголд цахилгааны инженерээр төгссөн. Монголд бол дохиолол холбоо, цахилгаан ерөнхийдөө хамтдаа явдаг. Би нэг жилийн хугацаанд өмнөх компанидаа орчуулагчаар ажиллаж байхдаа төмөр замын төслийн талаар багагүй судалчихсан, ялангуяа надад холбооны салбар илүү сонирхолтой санагдсан. Тийм болохоор надад яагаад дунд нь орж ажиллаад, сураад явж болохгүй гэж бодогдсон.

-Солонгос компанид ажиллахад байгууллагын соёл хэр өөр вэ?

-Манай компанид залуучууд голдуу ажилладаг. Ихэнх нь надаас дүү голдуу хүмүүс байдаг ч гэсэн солонгос соёлоороо би сүүлд орж ирсэн учраас ажилд түрүүлж орж ирсэн бол миний дээд курсын хүн болох жишээний авч үздэг. Энд байсан залуучууд маань маш мундаг, намайг үргэлж дэмжинэ, ойлгохгүй байгаа юмнуудыг самбар дээр тайлбарлаад бүр ердөө ч төвөгшөөхгүй зааж, сургаж тусалсан. Нэг, хоёр, гурван удаагийн оролдлогын дараа сурнаа, одоо илтгэл тавь, одоо асуудлаа танилцуул гээд шахаад зөвлөөд, туслаад ирэхээр үнэхээр урам авдаг юм билээ. Одоо ч тэр залуучуудтай хамт ажиллаж байгаа. 

-Монгол залуучууд дунд гадаад улс оронд очиж сурч, ажиллах хүсэл мөрөөдөл ихтэй болсон. Гэхдээ хамгийн гол асуудал хэл сурах, очоод хэлний бэрхшээлгүй ажиллах гэдэг том даваа бий.  Өөрийн тань хувьд солонгос хэлийг анх яаж сурсан бэ?

-Би анх Солонгост Чежүгийн их сургуульд хэлний бэлтгэлд “А” ч байхгүй ирж байсан. Гэхдээ оюутан учраас цагийн ажил их хийнэ. Би өөрөө их яриа хүн учраас очсон өдрийнхөө маргаашаас эхлээд л ярих гэж хичээж, оролдсон маань их тус болсон байх. Чежүгийн их сургуульд докторантурт сурдаг эгч маань намайг очингуут кофе шопт оруулчихсан учраас тэнд би маш сайн ярьж сурсан. Бараг нэг сарын дотор үсгээ гүйцэд үзээгүй мөртлөө текэн дээрээс захиалга авах хэмжээнд сурчихсан байсан.

-Гадаадын нэр хүндтэй компанид, тэр тусмаа эмэгтэй хүн эрчүүдтэй зэрэгцэн төсөл удирдаад инженер, менежер хийгээд явна гэдэг нэр төрийн хэрэг. Гадаадад сурах гэж зорьж байгаа залуучуудад юу гэж зөвлөх вэ?

-Ямар ч байсан өөрийнхөө хүсч байгаа бүхнийг оролдоод үзээрэй гэж хэлэхийг хүсдэг. Миний бодлоор Монголд мэргэжил сонгоход аав ээжийн хүсэл, оролцоо их байдаг юм шиг санагддаг. Тэгэхээр хийж чадах боломж олдож л байвал зөөгч ч хамаагүй бүгдийг туршиж үзээд өөрийнхөө хийж чадах юмаа олох юм бол амжилтад хүрэх үе шат арай хурдан юм болов уу гэж харсан.

Манай гэр бүлийнхэн их, дээд сургуулийн багш голдуу хүмүүс учраас намайг багш болвол дээр гэж зөвлөдөг байсан. Гэхдээ би гэрийнхнээсээ зөрсөөр байгаад цахилгааны инженерээр төгссөндөө харамсдаггүй. Манай компанид 100 гаруй инженер ажилладаг, ганц эмэгтэй нь би. Мэдээж хүний нөөц бусад салбарт эмэгтэйчүүд ажилладаг ч яг инженерүүд дунд ганцаараа эмэгтэй нь.

-Эмэгтэй инженер байхын давуу тал юу вэ?

-Нарийн чимхлүүр зүйл дээр илүү эв дүйтэй байдаг байх. Бид ажлын талбай дээр очоод тоног төхөөрөмжөө холбоно. Би ажлынхаа зарим залуучуудаас илүү бахь, отвирк эргүүлдэг гэж өөрийгөө боддог. (инээв) Бас нэг давуу тал нь ганц эмэгтэй болохоор манай залуучууд намайг хөөрхөн эрхлүүлнээ шүү.

-Нууц биш бол цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу. Ийм залуу чадварлаг инженер Монголдоо очиж эх орондоо ажиллах бодол бий биз дээ?

-Мэдээж байлгүй яахав. Манай улс далайд гарцгүй ч гэсэн төмөр замаа сайн хөгжүүлэх ёстой юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд би их ойлгосон. Энэ салбар руу эргэлт буцалтгүй орсон гол шалтгаан маань ч энэ. Бусад улс орнуудын хувьд дамжуулах тоног төхөөрөмжүүдээ дотроо үйлдвэрлэдэг байхад манайд одоогоор тийм боломж хараахан байхгүй. Гэхдээ цаашдаа энэ салбар маань улам өргөжөөд ирэхээр засвар үйлчилгээ явуулах гэх мэт байнга хэрэгтэй зүйлсээ өөрсдөө үйлдвэрлэдэггүй юм гэхэд угсрах гэх мэт бүхий л ажлуудад боловсон хүчин хэрэгтэй болно. Ирээдүйд улс орон хөгжих цагт монгол хүмүүс маань өөрсдөө хаана ямар асуудал үүсээд байгаа, хаана юу хийх вэ гэдгээ сурчихсан байх ёстой. Тэр утгаараа би Монголдоо заавал очиж, салбартаа ажиллана, энд сурсан мэдсэнээ боломжоороо хуваалцана, зааж сургана гэж боддог. Энэ маань эргээд эх орондоо хийх хөрөнгө оруулалт юм болов уу. Энд бид практик дээр ажиллаж байгаа учраас ямар л осол гэмтэл гарна тэр болгоноос суралцана, ялангуяа Монголдоо очоод ажиллахад асуудалгүй байх хэмжээнд сурахыг хүсч байгаа. Гэхдээ мэдээж ингэж их сурсных бидний эндээ авдаг цалин хөдөлмөрийн орчин нөхцөл зэргийг бүрдүүлээд өгчихвөл хэзээ ч гэсэн Монголдоо очно гэж боддог. Монголын төмөр зам шиг одоо ч гэсэн хуучны галт тэргийг ашиглаж байгаа газар Солонгост байгаа. Төмөр зам бол тасралтгүй хөгжиж явдаг учраас захирлын хэлж байгаа шиг арай ч 30 жилийн ялгаа байгаа гэж бодохгүй байна. Магадгүй 15 жилийн дотор бид өнөөдрийн Солонгосын хөгжилтэй зэрэгцээд оччих болов уу. Хамгийн гол нь бидэнд бүх технологи, сурах зүйлс нь бэлэн байна. Бид тэрнийг сураад, эх орондоо аваачаад хөгжүүлэх л хэрэгтэй гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 240 (7484)