Базарбямбын НЯМСҮРЭН

 

Аав ээж, ах дүү нарынх нь аль нэг нь Солонгос руу ажиллаж хөдөлмөрлөх гэж зориогүй айл Монголд ховор. Монгол Улс БНСУ-д албан ёсоор ажиллах хүч илгээж эхэлсэн 2000 оны үеэс ч өмнө хангуг нутгийг чиглэсэн их нүүдлийн цуваа тасралгүй өдгөө тэнд өсөж торнисон дараа дараагийн үеийнхнийг өсгөн бойжуулсаар байна.

Дэлхийн залуусыг байлдан дагуулах болсон К culture ч бидний хувьд шинэ зүйл биш юм. 2000 оны эхэн үеэс шил шилээ даран Монголд үүдээ нээсэн солонгос хоолны газрууд, “Өвлийн хайрын дуу”, “Анхны хайр”-аас эхлэлтэй солонгос цувралууд зэргээс бид энэ соёл, амьдралтай илүү ойр танилцаж эхэлсэн. Өмнөд Солонгос бол гадаад улс орнуудаас хамгийн олон монгол хүн амьдарч байгаа улс. Манай улсын нэг аймгаас ч олон буюу 58 мянган монголчууд тэнд ажиллаж, ахуй амьдрал ар гэрээ өөд татан, цаашлаад Монголын валютын эх үүсвэрийн тодорхой хувийг нааш явуулж ар гэрээ ар нуруундаа үүрсээр явна.

Тиймээс ч өдгөө Стратегийн түншлэлд хүрсэн хоёр улсын харилцаа иргэдийн урсгал, соёлын солилцоогоор бүр ч илүү ойртож, хил залгаа хөршүүдээс дутахгүй хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа билээ.

Өнгөрсөн сард тус улсад албан томилолттой ажилласан хугацаандаа тэнд ажиллаж сурч байгаа монголчуудтайгаа уулзаж, аж амьдралын нөхцөл байдалтай танилцах хүсэлт гаргасныг минь БНСУ-ын “Үндэсний Төмөр зам” (Korea National Railway) байгууллагынхан уриалгахан хүлээн авч тус улсын  төмөр замын хувийн хэвшлийн компаниудад ажиллаж байгаа монголчуудтай уулзуулснаар нэгэн үдшийг нутаг нэгтнүүдтэйгээ хуучлан өнгөрөөв.

“Солонгосын Үндэсний төмөр зам” (Korea National Railway) хэмээх төрийн байгууллага бол хаана төмөр зам барьж байгуулах, ямар менежментээр хөгжүүлэх, ямар шинэ технологиор өргөжүүлэх гээд үндсэндээ улсынхаа төмөр замын гол бодлогыг зангиддаг газар. Манай улсын төмөр замын салбартай нягт хамтран ажиллаж, хоёр ч төслийн ард гарч, цаашид хамтрах төслүүдээ ч харилцан ярилцсаар байна. Лав нийслэлийн төвд барих 17 км Метроны төсөлд “Солонгосын Үндэсний төмөр зам” (Korea National Railway) байгууллага зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр болсон бол шинэ нийслэл Хархорум хотыг Улаанбаатар хоттой холбох төмөр зам барих чиглэлд хамтрах сонирхлоо илэрхийлээд байгаа. Тухайлбал, 2021 онд Тавантолгой Зүүнбаян чиглэлийн төмөр замын Холбоо дохиоллын төслийг хэрэгжүүлсэн бөгөөд тэнд ажиллаж байсан монгол чадварлаг инженерүүд одоо Солонгосын төмөр замын компаниудад гэрээгээр буюу албан ёсоор гэр бүлийн хамт ажиллаж амьдарч байна. Бүс нутагтаа байтугай дэлхийд тэргүүлэгч болон хөгжсөн энэ улсад эзэмшсэн мэргэжлээрээ хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэн, тэр тусмаа гэр бүлийн хамт халуун бүлээрээ амьдарч байгаа монгол залуусынхаа яриаг сонсох ч сэтгүүлч миний хувьд таатай байлаа.

Сөүл хотоос цаг гаруй зайтай газарт машинаар давхисаар “Хёгшин” компанийн байранд очив. Биднийг очиход тус компанийн ерөнхийлөгч ноён У Сэ Хуа (Sea Hwa Oh) болон Харилцаа, маркетинг хариуцсан захирал Виктор Парк (Victor Park) нар монгол ажилчидтайгаа хамт өөрийн биеэр угтан авав.  Том компанийн ерөнхийлөгч гээд өрөөндөө тухлаж болох авч ирсэн зочноо үүднээсээ тосон хүлээж байгаа нь их энгийн хүн юм даа гэсэн эерүү бодлыг  төрүүлэв.

1955 оноос эхтэй Хёгшин компанийг 40 гаруй жил удирдаж байгаа тэрбээр Төмөр замын дохиолол, цахилгааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, салбартаа танигдсан мундаг инженер хүн юм байна. 

Компанийнхаа товч танилцуулга болон бусад мэдээллийг ч дэлгэрэнгүй танилцуулж, монгол ажилтнуудынхаа талаар бахархан ярих тэрээр монголчуудад ч их элгэмсэг хүн юм. Монголд хэд хэдэн удаа ирсэн, Монголын талаар муугүй мэддэг ч өвөл хэр хүйтэн болдгийг бол сайн мэдэхгүй байна аа хэмээн инээж байна лээ. Тэр “Бид монголчуудыг яг л солонгос хүмүүс шиг бодож, ижилхэн нөхцөлд ажиллуулж, адил цалин өгдөг. Ялангуяа гадаад улсад амьдарч байгаа хүмүүст гадных гэж ялгаатай байдлаар хандах нь хүний ёс биш. Тэр тусмаа монгол ажилчдаа эх орондоо очоод Монголоо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулаасай гэж их хүсдэг хэмээн ярих нь цаанаа л өөриймсөг санагдана.

Зочломтгой найрсаг захирал ноён У Сэ Хуа (Sea Hwa Oh)-тай цөөн хором хуучилснаа хүргэе.  

-Юуны өмнө монгол залуучуудыг маань өөрийн улсын иргэнээс ялгалгүй ижил түвшинд үнэлж, ажиллуулж байгаад их баярлалаа. Монгол ажилтантай байх ямар ялгаатай санагддаг вэ танд?

-Би монгол хүмүүст ямар нэг ялгаа зааг гаргаж харьцахыг компанийн дотоод журамд байж болохгүй гэж үздэг. Манайд ажиллаж байгаа залуучуудын хувьд яг эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байгаа учраас энэ нь тэдэнд хөрөнгө оруулалт болж байгаа гэж би хувьдаа боддог. Ажлын талбар дээр ч их олон зүйлийг сурч байгаа учраас маш сайн бэлтгэгдсэн гэж итгэж байгаа. Энд байгаа тав, Монголд байгаа нэг нийт зургаан инженер маань Монголдоо буцаж очоод цагаа олсон зөв төсөл дээр ажиллаад сурсан мэдсэнээ зориулаад явах байх гэж боддог. Оногдсон ажлаа бардам хийгээд явна гэдэгт ч эргэлздэггүй.

-Солонгост ажиллах хүсэлтэй монгол залуучууд олон. Тэр дундаа мэргэжлээрээ ажиллаж, эргээд их зүйл сурна гэдэг том боломж юм. Таны хувьд цаашид бусад монгол залуучуудыг хүлээн авахад итгэл дүүрэн байна уу. Ер нь Монголоос ирж ажил сурахыг хүссэн залуучуудад юу хэлмээр санагдаж байна вэ?

-Манай залуучууд бүгд албан ёсны визээр ажиллаж байгаа. Солонгосын Гадаад харилцааны яамнаас 10 солонгос хүн тутамд нэг гадаад хүн ногдох боломжтой гэсэн хязгаар тавьсан байдаг учир ажилчдын тоондоо тааруулж гадаад ажилтнууд авдаг. Цаашид үйл ажиллагаа өргөжөөд хийх ажил ихсэх тусам монгол хүмүүсийг авч ажиллуулах боломжтой. Монгол залуучуудыг Солонгосыг зорьж ирэхдээ дан ганц мөнгө бодож биш шинэ зүйл сурах, мэдлэг хураах хүсэл эрмэлзлэлтэй ирээсэй гэж хүсэж байна.

-Энд байгаа залуус бүгд өмнө нь Монголд ажиллаж байсан инженерүүд гэж байсан. Танай компанийн хувьд Монголтой хэрхэн хамтарч ажилладаг вэ. Одоогоор манай улсад метро барих ажил дөнгөж эхний шатандаа явж байгаа. БНСУ-ын, тэр дундаа Сөүлийн метро дэлхийд дээгүүрт үнэлэгддэг. Ялангуяа  холбоо, дохиоллын чиглэлээр тэргүүлдэг юм билээ. Метро байгуулах төсөлд Солонгосын туршлага танай компанийн зүгээс ямар оролцоотой байгаа вэ?

-Метро байгуулах зөвлөх үйлчилгээг үзүүлэхэд Солонгосын байгууллага шалгарсан. Манай компанийн хувьд дохиолол мэдээлэл, хяналтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учир энэ чиглэлээр хамтран ажиллах боломжтой.

Солонгосын Үндэсний төмөр зам” (Korea National Railway) хэмээх төрийн байгууллага бол хаана төмөр зам барьж байгуулах, ямар менежментээр хөгжүүлэх, ямар шинэ технологиор өргөжүүлэх гээд үндсэндээ улсынхаа төмөр замын гол бодлогыг зангиддаг газар. Манай улсын төмөр замын салбартай нягт хамтран ажиллаж, хоёр ч төслийн ард гарч, цаашид хамтрах төслүүдээ ч харилцан ярилцсаар байна.

 “Хёгшин” компанид ажиллаж байгаа Д. Бямбадорж, Н.Цэдэнжав, Г.Цогтбаатар, Г.Ганзам, О.Төгс-жаргал, Б.Хишигдорж нарын монгол залуусынхаа сэтгэгдлийг хуваалцъя.

-Та бүхэн албан ёсоор гэрээгээр ажиллаж байгаа, тэр тусмаа дан инженерүүд юм байна. Монголынхоо нэрийг хүний нутагт өндөрт өргөөд, компанийн удирдлагууд ч сэтгэл хангалуун байгааг сонсоход бахархам байна шүү?

Н.Цэдэнжав:

-Манайд нийт зургаан монгол хүн ажиллаж байгаа. Дөрөв нь цахилгааны, нэг нь IT инженер байгаа. Систем дээр бүх ард талд нь монтажны кабель хэдтэй ордог, үйлдвэрлэл яаж явагддаг вэ гээд анхнаасаа бүх юмыг зааж өгдөг болохоор их амар байдаг.

Миний хувьд энд ажиллаад хоёр жил болж байна. 2022 оны дөрөвдүгээр сард, бусад нь зургаа болон арваннэгдүгээр сард ирсэн.

IT инженер Б.Хишигдорж бид хоёрын хувьд Солонгост дээд сургууль төгссөн. Бусад гурав нь Монголд цахилгааны иненерээр ажиллаж байгаад ирсэн.

Г.Цогтбаатар:

-Бид гурвын хувьд наашаа ирсэн зарчим яг ижил гэж хэлж болно. Компаниас сонгон шалгаруулалт явуулаад, тэр дагуу нь материалуудаа өгөөд тэнцээд ирсэн. Би ШУТИС төгссөн. Манай сургуулийн диплом олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг учраас диплом бүх зүйлээ дүйцүүлээд мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн.

Г. Ганзам:

-Манай компани өмнө нь Монголд төмөр замын төсөл хэрэгжүүлэхэд тэнд нь ажиллаж байсан. Тэндээсээ хүмүүс сонгоод авахад нь тэнцэж ирсэн.

 

Гадаадын ажилтан гэж бодогдуулахгүйг хичээдэг

 

Н.Цэдэнжав:

-Хишигдорж бид хоёрын хувьд Солонгост төгсөөд шууд эндээ ажиллаж байгаа учраас харьцуулах зүйл бараг байхгүй. Солонгос хүмүүсийн боловсролын ялгаа гэж байдаг. Бид оюутан байхдаа хар бор ажил хийдэг байсан бол энд орж ирээд яг дээд боловсролтой, мэргэжлээрээ ажиллаж байгаа инженер гэдэг байдлаар бүх хүмүүстэй харьцаж байгаа болохоор харилцааны хувьд ялгаатай зүйл бий. Мэргэжлийн хүмүүстэй ажиллаж байгаа

О.Төгсжаргал:

-Гадуурхсан янз бүрийн асуудал гаргахгүй байх тал дээр ерөнхийлөгч У Сэ Хуа (Sea Hwa Oh) байнга захидаг, компанийн дотоод хурал, мэдээллийн үеэр чат байнга бичнэ. Торгууль нь хүртэл өндөр гэж хэлдэг.

-Гэр бүлээрээ амьдарч байгаа гэсэн. Гэр бүлийнхэн нь өөр ажил хийх боломж байгаа юу?

Г. Ганзам:

-Визний нөхцөлөөр бол гэр бүлийн хүн ажил хийх эрхгүй. Гэхдээ бусдаар бүх юм нээлттэй. Хүүхдүүд ирэнгүүтээ сургуульд хамрагдаж болно.  Е-7 буюу мэргэжлийн ажилтны визтэй учраас санаа зоволтгүй ажилладаг.

-Цалингийн ялгаа байдаггүй гэсэн үнэн үү?

Б. Хишигдорж: 

-Цалингийн хувьд мэдээж албан тушаалаараа л өөр өөр цалин авахаас биш гадаад, дотоод ажилтнууд гэж ялгадаггүй.

-Та бүхэнд тулгамдаж байгаа ч юм уу, шийдвэрлэхэд төвөгтэй асуудлууд хэр гарч байна вэ?

Г. Ганзам:

-Виз нь өөрөө бүх нийгмийн харилцаанд оролцоход нээлттэй учраас харьцангуй амар шүү.

Б. Хишигдорж:

-Бидний хувьд Е-7 буюу нэлээд мэргэжлийн өндөр шалгууртай визтэй учраас тэр хэрээрээ тулгараад байх асуудал багатай. Гэр бүлээрээ амьдрахад илүү давуу талтай гэж хэлж болно.Банкин дээр очоод карт нээлгэх, зээл авах гээд бүх зүйл боломжтой.

О. Төгсжаргал:

-Дөнгөж хэдхэн хоногийн өмнө хүүгээ авчирсан. Хүүгээ нэг настай байхад нь анх ирж байсан бол одоо гурван настай болчихсон, гэр бүлээрээ хамт амьдарч байгаадаа их баяртай байна.

Г. Цогтбаатар:

-Миний хувьд гэр бүлээрээ амьдарч байгаад хүүхдүүдээ Монгол руу буцаачихсан. Өсвөр насны хүүхдүүд дөнгөж ирээд хэл сурахдаа голлон анхаарахаар бусад хичээлүүд орхигдчих болов уу гэж үзээд бас өөрсдөө ч Монголд дассан ангидаа суръя гээд буцчихсан. Гэхдээ визний давуу тал нь гэр бүлийнхэн маань хүссэн үедээ ирж очих нь чөлөөтэй, виз мэдүүлэхгүй орж гарах боломжтой болохоор надад их амар байдаг. Манай эхнэрийн хувьд хүссэн үедээ ирж очдог.

-Та бүхний цаашдын зорилго юу вэ? Түрүүнд захирал нь монгол залуучууд сурах зүйлээ сураад эх орноо хөгжүүлнэ гэдэгт итгэдэг гэсэн. Үүнтэй хэр санал нэг байна. Монгол руугаа буцаж очих бодол ер нь бий юу?

Н. Цэдэнжав:

-Монголын төмөр замтай хийсэн гэрээ бол гурван жилийн хугацаатай. Гэхдээ бидний одоо байгаа визний нөхцөлөөр цаашдаа сунгаад хамгийн ихдээ 10 жил хүртэл байх боломжтой. Тэр хугацаандаа ажиллаад буцна гэж боддог.

Миний хувьд холбооны чиглэлээр МСҮТ төгсөөд Улаанбаатар төмөр замд ажиллаж байгаад ажлынхаа хажуугаар техникум төгсөөд 2013 онд цахилгааны инженерээр төгссөн. Цаашдаа миний анх сурч байсан мэргэжил болохоор мэргэжлээ гартаа оруулаад Монголдоо очих бодолтой.

Г. Цогтбаатар:

Би өмнө нь хөдөө орон нутагт уул уурхайн компанид ажиллаж байсан. Тэгээд өөрийгөө сорьмоор санагдаад сонгон шалгаруулалтад ороод тэнцээд энд ирсэн. Анх ирэхдээ гурван жил ажилчихаад Солонгосын их дээд сургуульд магистрт сурна гэсэн зорилготой ирсэн. Одоо гэхдээ хамт олондоо уусаад ажлаасаа гармааргүй санагддаг болсон.

Г. Ганзам:

-Манай гэр бүл ирээд хоёр жил гаран болж байна. Эхнэр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг.

О.Төгсжаргал:

-Би Монгол руугаа буцна гэж боддог. Ер нь шууд хэлэхэд сурах зүйлээ сураад, эх орондоо заавал очно.

Б. Хишигдорж:

-Ойрын хэдэн жилдээ энд амьдарна байх. Хуучин ажиллаж байсан газруудын хүмүүс Зам тээврийн яамныхан хааяа томилолтоор ирнэ. Ирээд хэзээ буцах вэ Монголдоо очиж мэргэжлээрээ ажиллаарай гэж байнга захьдаг. Мэдээж эх орондоо очилгүй яахав.

Амралтаараа Монгол руугаа яваад, Хөшигийн хөндийд буухад Монголоо саначихсан байдаг хэмээн ярьсаар бидний яриа өндөрлөсөн юм.  

“Энэ хэд маань хэзээ нэгэн өдөр Монголдоо очсон ч байнга холбоотой байна гэдэгт итгэдэг. Монгол, Солонгос хоёр улс эртнээс харилцаатай, монгол ажилчид гэж бодохоос илүү ах дүүс шиг гэж боддог” хэмээн хуучилсаар Хёгшин компанийн захирал биднийг мөн л үүднээсээ үдсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 239 (7483)