1. 1130 дахь тэтгэлгээ гардуулан, оюутан залуусын мөрөөдлийг дэмжлээ!

“Оюу толгой” компани 2010 оноос хойш Монголын ирээдүй хойч болсон залуусын боловсролд тууштай хөрөнгө оруулж байгаа бөгөөд дотоодын тэтгэлэгт хөтөлбөрөөрөө сургалтын төлбөр, дотуур байр, амьжиргааны зардлыг даахаас гадна зөөлөн ур чадварыг мөн олгодог. Нийт 451 оюутан залуус хамрагдаж байгаа бөгөөд энэ хичээлийн жилд 40 оюутан сонгогдон, батламжаа гардан авлаа.

“Говийн оюу” тэтгэлэгт хөтөлбөрт энэ онд 113 шинэ оюутан нэгдэж, нийт 630 оюутанд амжилтын гүүрийг бий болгосон.

Оюутнуудад дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад уул уурхайн чиглэлээр бакалаврын болон магистрын зэрэг хамгаалахад санхүүгийн дэмжлэг, хөгжих боломжийг бүрдүүлж өгдөг Гадаадын тэтгэлэгт хөтөлбөрөөрөө 2010 оноос хойш нийт 49 тэтгэлэг олгосон байна.

Залуусын хөгжлийн хөтөлбөрт 1,663 сурагч, оюутан оролцоод байгаа бөгөөд Дорноговь аймагт хүрээгээ тэлээд байна.

Мөн “Мэргэжлээ крашлая” үндэсний хөдөлгөөнөөр 16,500+ хүүхэд, залууст мэргэжлийн зөвлөгөө өгч, ирээдүйгээ тодорхойлоход нь тусаллаа.

 

2. Нийт 20.000.000 гаруй мод тарилаа

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Оюу толгой” компани 100 сая мод тарих амлалт өгсөн бөгөөд 2030 он гэхэд 63.5 сая мод бодитоор тарьж ургуулах, 40 сая модтой дүйцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг ойн салбарын хөгжилд оруулахаар зорин ажиллаж байна. Оюу толгой 2024 оны 10 сарын байдлаар сэрүүн бүсэд ойжуулалт хийх, цөлжилтийг бууруулан заг мод тарих, автозамын хамгаалалтын ойн зурвас байгуулах, суурин газарт ногоон байгууламж байгуулах зэрэг чиглэлүүдээр нийт 1,300,000 орчим мод бодитоор тарьж, 18,700,000 орчим модтой дүйцэх хэмжээний хөрөнгө оруулалтын төслүүд хэрэгжүүлснээр нийт 20,000,000 гаруй модыг “100 сая мод” хөтөлбөрийнхөө хүрээнд тарьсан байна. 

Дүйцүүлэх хүрээнд 2024 онд хийгдсэн онцлох ажлуудаас дурдвал:

-Өмнөговь аймгийн Цогт-Овоо болон Ханбогд сумдад тус бүр иж бүрэн тоноглогдож механикжсан мод үржүүлгийн газар байгуулан, сумдын удирдлагад хүлээлгэн өглөө. Цогт-Овоо сум дахь мод үржүүлгийн газар нь жилдээ 500,000 тарьц бэлтгэх хүчин чадалтай бол Ханбогд сумынх жилд 250,000 модны тарьц бэлтгэх хүчин чадалтай.

-Мод үржүүлгийн газруудын хүчин чадлыг сайжруулах, нөхөн сэргээлтийг дэмжих зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.

-Дархан-уул аймгийн Шарын гол сумын Хар Ямаатын ам, Хонгор сумын Хургад, Цэхэр, Бага Ноёны амуудад хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр олон жил хаягдсан 205.8 га талбайд газрын нөхөн сэргээлт хийж, орон нутагт хүлээлгэн өглөө.  

 

3. Өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих “Гэрэлт” төслийн ивээн тэтгэн, 5 дахь жилдээ хэрэгжүүлж байна

Энэ хичээлийн жилд Баянзүрх дүүргийн дөрвөн ЕБС-д уг төслийг хэрэгжүүлж буй бөгөөд өмнөх төсөл хэрэгжсэн сургуулиудын сэтгэл зүйчдийг чадавхжуулах, Баянзүрх дүүрэгт шинэ жюү жицүгийн клуб байгуулан, Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй клубуудын тасралтгүй үйл ажиллагааг хангахыг зорин ажиллаж байна. “Гэрэлт” төсөлд хамрагдсан сургуулиуд 100% сэтгэл зүйчтэй болсон ба өнгөрсөн хугацаанд нийт 23,656 хүнд сэтгэл зүйн эрүүл мэндийн дэмжлэг хүргэн, 17 сургуульд жишиг өрөөг тохижуулан сэтгэл зүйчтэй болох үүд хаалгыг нээж, Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн сургуулиудад 17 эрүүл мэндийн клуб байгуулж, 260 гаруй үе тэнгийн зөвлөх бэлтгэжээ.

 

4. Орон нутгийн тогтвортой хөгжлийг түүчээлсээр байна

“Оюу толгой” компани Өмнөговь аймгийн Ханбогд сумыг үе шаттайгаар хөгжүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. 2022 онд Ханбогд сумыг 2040 он гэхэд “Ухаалаг загвар сум” болгон хөгжүүлэх “Ханбогдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулан,“Оюу толгой” компаниас ирэх таван жилд 50 сая ам.долларын хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон юм. Өдгөө “Ханбогдын хөгжлийг дэмжих Оюу толгойн хурдасгуур” сан үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байна.  Тус сангийн 2024 онд хийсэн онцлох ажлуудаас дурдвал:

•Ханбогд суманд 5 га талбай бүхий усан оргилуур, ногоон бүс, 300 машины зогсоол, ариун цэврийн байгууламж, гэрэлтүүлгийг цогц шийдсэн Галба цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг бүрэн гүйцэтгэлээ.

•Ханбогд сумын төвийн явган зам, дугуйн зам мөн гадаргын ус зайлуулах систем бүхий 7.96 км автозамын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

•Орон нутгийн бизнесийн хөгжлийг дэмжих зорилгоор “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан” Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран Ханбогд суманд жижиг дунд бизнесийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Мөн ХасБанкаар дамжуулан жижиг дунд бизнесийн хөнгөлөлттэй зээлийг олгож байна.

•Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан”-ийн хөрөнгө оруулалтаар баригдах шинэ спорт цогцолборын шавыг тавилаа. Нэг дор 500 хүнд үйлчлэх хүчин чадалтай энэхүү орчин үеийн цогцолбор нь орон нутгийн иргэд болон Оюу толгойн ажилтнуудын эрүүл мэнд, тав тухтай амьдралд хувь нэмэр оруулж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой, орон нутагт жишиг болохуйц бүтээн байгуулалт болох юм.

 

5. Энэ оны эхний 3 дугаар улирлын байдлаар нийт 30 сая гаруй тонн хүдэр боловсруулж, 148,000 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэсэн байна

2024 оны 3 дугаар улиралд 2023 оны мөн үетэй харьцуулахад зэсийн үйлдвэрлэл 19% өссөн ньй гүний уурхайд үйлдвэрлэл эрчимжиж, хүдрийн агуулга нэмэгдсэнтэй холбоотой. Гүний уурхайн Панел 0-д нийт 120 хүдэр буулгуурыг нээсэн бөгөөд үйлдвэрлэл хэвийн үргэлжилж, 2028-2036 онуудад гүний болон ил уурхайгаас жилд 500 мянган тонн зэс (100%-ийн цэвэр металл) олборлох зорилготой ажиллаж байна.

 

6. “Оюу толгой” компани мал сүргийнхээ 70-аас дээш хувийг зудад алдсан 3,333 малчин өрхөд нийт нэг тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэв

Малчдад зудын гамшиг, хүндрэлийг даван туулахад туслах Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас хэрэгжүүлж буй “Бид Хамтдаа” аянд“Оюу толгой” компани нэгдэн, мал сүргийнхээ 70-аас дээш хувийг зудад алдсан 3,333 малчин өрхөд нийт нэг тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэв.

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас зудын үеэр хамгийн их хохирол амссан гэж тодорхойлсон 12 аймгийн эмзэг бүлгийн малчин өрхүүд хамрагдсан болно.

“Оюу толгой” компанийн зүгээс жил бүр малчин өрхүүдэд өвлийг өнтэй давахад нь зориулан дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд өнгөрсөн оны 10, 11 дүгээр саруудад Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд, Баян-Овоо сумын 1,284 малчин өрхөд тус бүр 500 мянган төгрөгийн хагас тонн тэжээлийг хандивласан юм.

 

7. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын нэн чухал хэсэг болох Агааржуулалтын хойд амын нэвтрэлт 1,175 метр, урд амын нэвтрэлт 1,131 метрт тус тус хүрснээр үндсэн нэвтрэлтийн ажил амжилттай дууслаа

Тус бүр 10 метр болон 11 метрийн диаметр бүхий эдгээр агааржуулалтын ам нь дэлхийн хамгийн том босоо амнуудад зүй ёсоор тооцогдох юм. Энэхүү хоёр босоо ам нь гүний уурхайд агаарыг оруулах, гаргах үүргийг гүйцэтгэх ба уурхайн үйлдвэрлэл бүрэн хүчин чадалдаа хүрэх боломжийг бий болгож байгаа юм.

 

8. “ТОП 100 аж ахуйн нэгж”- ийн жагсаалтыг хоёр дахь жилдээ тэргүүллээ

“Оюу толгой” компани Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж буй “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн жагсаалтыг тэргүүлж, Оюу толгойн 30 ханган нийлүүлэгч компани энэхүү жагсаалтад багтсан байна.

ТОП 100 аж ахуйн нэгжийг шалгаруулахдаа тухайн жилийн орлого, төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажилчдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн таван гол үзүүлэлтийг харгалзан, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд үндэслэн эрэмбэлдэг. “Оюу толгой” компани энэ шалгаруулалтаар Монгол Улсын эдийн засаг, нийгэмд урт хугацааны хувь нэмрээ оруулсаар буйгаа дахин баталлаа.

“Оюу толгой” компани үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалин зэрэгт 2010 оноос хойш нийт 45.7 их наяд төгрөг дотоодод зарцуулаад байна.

 

9. “Оюу толгой” компани 2023 онд төвлөрүүлсэн 727 тэрбум төгрөгийн татварын орлогоор хамгийн их татвар төлсөн ГУРАВ дахь аж ахуйн нэгжээр шалгарлаа

Татварын ерөнхий газраас 2023 оны шилдэг татвар төлөгч нарыг шалгаруулж, “Оюу толгой” компани ГУРАВ дахь аж ахуйн нэгжээр нэрлэлээ. Өнгөрсөн онд “Оюу толгой” компани улс орон нутгийн төсөвт татвар болон бусад төлбөрт нийт 1.4 их наяд төгрөг төвлөрүүлсэн.

Үүнд, Татварын ерөнхий газарт төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, нэмэгдсэн өртгийн албан татвар, суутган татвар зэргээс гадна Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар гэх мэт төрийн бусад байгууллагад шилжүүлсэн татвар, төлбөрүүд болон дотоодын бэлтгэн нийлүүлэгч нарт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар багтаж буй.

 

10. Дэлхийн усны өдрийг тохиолдуулан усны шилдэг шийдлийн “Гүнээсээ хайрлая” шалгаруулалт анх удаа зохион байгуулагдлаа

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Оюу толгой компани” Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар сургууль, Монголын Гидрогеологичдын холбоо, Галба-өөш долоодын говийн сав газрын захиргаатай хамтран “Гүнээсээ хайрлая” аяныг зохион байгуулж, шинжлэх ухаанд суурилсан бодит мэдээллйээр дамжуулан газрын доорх ус, түүний ач холбогдол, хариуцлагатай хэрэглээний талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхээр зорин ажиллаж байна.

Энэхүү аяныхаа хүрээнд “Гүнээсээ хайрлая” усны шилдэг шийдэл шалгаруулах уралдааныг санаачлан, энэ жил Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газартай хамтран зохион байгуулсан.

Арга хэмжээний үеэр Монгол Улсын усны нөөцийг хамгаалах, зүй зохистой, хэмнэлттэй ашиглах, бохирдлоос сэргийлэх зорилгоор бодитой шийдлийг хэрэгжүүлэн, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж буй аж ахуй нэгж байгууллага, усны менежментийн чиглэлээр нэвтрүүлж буй шийдэл, төсөл хөтөлбөр, судалгааны байгууллага, төрийн бус байгууллага, ус хэрэглэгч иргэд, хувь хүнийг шалгаруулсан юм.

Энэхүү арга хэмжээ нь бусад аж ахуйн нэгж байгууллагуудыг зохистой хэрэглээнд уриалах, тогтвортой хэрэглээг бий болгох, усны салбарын судалгаа шинжилгээний ач холбогдлыг таниулах, дэмжих, иргэд хувь хүмүүсийн шинэлэг шийдлийг урамшуулах ач холбогдолтой юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 240 (7484)