БНСУ-ТАЙ ЭЗТХ, ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБОО, ТҮҮНИЙ ГИШҮҮН УЛСУУД БОЛОН МОНГОЛ УЛС ХООРОНДЫН ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ЗОГСООХ, ХОЙШЛУУЛАХ ТУХАЙ

Манай улс БНСУ-тай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн улсууд болох Бүгд Найрамдах Армени Улс, Бүгд Найрамдах Беларус Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Оросын Холбооны Улсуудтай худалдааны түр/завсрын гэрээ байгуулахаар ажиллаж байгаа нь дотоодын үйлдвэрлэлийн хөгжил зогсох аюул дагуулсан алхам болж байна.

Ялангуяа Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн улсуудтай хийхээр төлөвлөж буй чөлөөт худалдааны түр хэлэлцээр нь дотооддоо үйлдвэрлэх боломжтой бараа бүтээгдэхүүний импортыг эрчимжүүлж, их гүрний нөлөөнд автах эрсдэл дагуулж байгаа нь үндэсний аюулгүй байдлыг хөндөж байгаа юм.

Олон улсын жишгээр энэ төрлийн гэрээ хэлэлцээрийг дотоодын үйлдвэрлэлдээ импортын өндөр татвараар хамгаалалт хийсэн өндөр хөгжилтэй улс орнууд хөгжил буурай орнуудаас татах түүхий эдээ нэмэгдүүлэх зорилгоор хийдэг. Гэтэл манай тохиолдолд аль хэдийнээ Монголд үйлдвэрлэж чадаж байгаа, дотоодын хэрэглээгээ хангаж байгаа бараа бүтээгдэхүүний нэр төрлийг импортын тарифын хөнгөлөлтөд хамруулсан байгаа нь дотоодын үйлдвэрлэл хамгаалалтгүй болж, гадны импортлогчдоос хамааралтай болох бодит эрсдэл учирч байна.

Энэ бол зөвхөн хүнсний салбар төдийгүй дотоодын бүх үйлдвэрлэгч нарт хамаатай. Ялангуяа ОХУ нь экспортлогч аж ахуй нэгжүүддээ тээвэр логистик, судалгаа хөгжүүлэлт, тоног төхөөрөмж худалдан авалт, оюуны өмчийг гадаад зах зээлд бүртгүүлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалт тэргүүтэй чиглэлээр өргөн хүрээнд төрөөс татаас олгодог. Энэ нь үнийн хувьд ямар ч өрсөлдөх чадвар бидэнд олгох боломжгүй бөгөөд ОХУ болон тус Холбооны гишүүн улс орнууд нь үйлдвэрлэгч, экспортлогч орон тул Монгол улсаас хийх экспорт их гүрнүүдийн зах зээлд ч боломж бүрдэхгүй юм.

Мөн түүнчлэн олон улсын худалдааны хориг арга хэмжээнд ороод байгаа улс орнуудтай яаран хэлэлцээр хийх нь цаашлаад гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдаанд эрсдэл дагуулахаар байна.

Өнгөрсөн 8 жилийн хугацаанд Япон улстай хийсэн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээс манай улсын гадаад худалдааны алдагдал үнэмлэхүй өндөр хэвээр бөгөөд импорт хэд дахин нэмэгдэж байгаа нь бидэнд өгөөжгүй гэдэг нь батлагдаж байна.

Иймд дотоодын хэрэглээг бүрэн хангаж байгаа, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл эрхлэгчид төдийлөн бүрэн хамарч чадахгүй байгаа УИХ-ын 36-р тогтоолыг үл харгалзан нийтлэг эрх ашгийг ханган, хүнсний салбарын ирээдүйн хөгжлийг өргөн агуулгаар нь нухацтай харж, дээрх худалдааны гэрээ, хэлэлцээрүүдийг зогсоох, хойшлуулахыг мэдэгдэж байна.

Монголын Хүнсчдийн Нэгдсэн Холбоо 
2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр