Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Өнөөдөр олон улсын хүний эрхийн өдөр тохиож байна. Дайн дажин, өлсгөлөн, үймээн самуунтай хүндхэн он жилүүдийн төгсгөлд хүн төрөлхтөн эв найрамдлыг эрхэмлэж, хүний эрхийг чухалчлах нь амар тайван амьдралын үндэс болохыг ойлгож, дэлхийн хоёрдугаар дайны дараа НҮБ-аас 1948 оны арванхоёрдугаар сарын 10-нд  Парис хотноо “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг баталж байсан юм.

Ийнхүү 1950 оноос хойш  жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-нд “Олон улсын Хүний Эрх”-ийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүн орноор элссэн бөгөөд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактад 1974 онд нэгдэн орсон. Түүнээс хойш хүний эрхийн талаарх 40 гаруй олон улсын гэрээ, конвенц, тэдгээрийн нэмэлт протоколд нэгдэн орж, дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө үүрэг хүлээх болсон.

Харин Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг Улсын Их Хурлаас 2000 оны арван хоёрдугаар сарын 7-ны өдөр баталж байжээ. Мөн манай улс Нэгдсэн Үндэстний байгууллагаас батлан гаргасан хүний эрхийн үндсэн 18 гэрээний 17-д нь нэгдэн орсон эхний 10 улсын нэг юм. Бид 1989 оноос эхлэн “Олон улсын Хүний эрх”-ийн өдрийг тэмдэглэж ирсэн билээ. Түүнчлэн хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 2000 гаруй иргэн, ТББ ажиллаж байна.

Дээр дурдсанчлан, Монгол Улс НҮБ-д элссэний 63 жил, хүний эрхийн үндэсний хараат бус байгууллага үүсгэн байгуулагдсаны 24 жилийн ой энэ онд тохиож байна. Өнгөрсөн хугацаанд баталсан хууль тогтоомж, элссэн гэрээ, конвенцоос харахад манай улсад хүний эрхийг хамгаалах тогтолцоо хэдийн төлөвшсөн гэж харагдах. Гэвч өнөө хэр нь хүний эрхийн зөрчил буурахгүй, хүний эрхийг хамгаалах чиглэлээр явуулж байгаа төр, нийгмийн байгууллага, иргэдийн үйл ажиллагаа, хүчин чармайлт тэр бүр үр дүнд хүрэхгүй байна.

Монголд алхам тутамд хүний эрх зөрчигдөж байна. Үндсэн хуулиар олгосон 18 эрхээ бид эдэлж чадахгүй, төрт ёсны дор аж төрсөөр хүний эрх, эрх чөлөөг “мартаж”, Монголд байх л ёстой зүйл гэх сэтгэлгээ сууж эхэлсэн нь өөрөө хамгийн том зөрчил болжээ.

Зүй нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйл Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ хэмээн заасан байдаг.

 

Амьд явах эрхтэй

 

2018 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр У.Хүрэлсүх ерөнхий сайд байхдаа сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн нээлтийн үеэр “Засгийн газар ирэх оны тавдугаар сараас Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар шахмал түлш оруулахгүй. Иргэд сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр утаа буурна” гэж байв. Тэгвэл 2023 онд улсын хэмжээнд угаарын хийн хордлогын улмаас 3000 гаруй хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 61 хүн нас барсан статистик тоо байна. Энэ онд 1000 орчим хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 20 хүн нас барсан байна.

 

Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй.

 

Энэ эрхийн талаар Монголд яриад ч хэрэггүй. Бүр ийм эрхтэй гэдгээ мартсан орчин нөхцөлд нийтээрээ аж төрж байна. Тухайлбал, НҮБ-аас гурван жилийн хугацаанд хийсэн “Агаарын бохирдлын хөрөнгө оруулалтын жишиг судалгаа”-нд Монгол Улсад агаарын бохирдлын улмаас жилд 7139 хүн нас барж байна гэж мэдээлжээ. Задалбал, гадаад агаарын бохирдлоос болж жилд 2839, дотоод агаарын бохирдлоос болж 4300 хүн нас барсан аж. Учир нь, амьсгалын доод замын цочмог халдвар, уушгины архаг бөглөрөлт өвчин, зүрхний шигдээс өвчин, уушгины хорт хавдар, цус харвалт, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин гэсэн зургаан өвчинд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө өндөр байгааг эмч мэргэжилтнүүд хэлдэг. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдол энэхүү өвчнийг хүндрүүлж, хүнийг үхэлд хүргэж байна гэж хэлж болох юм. Мөн нярайн эндэгдэл, томуу, томуу төст өвчин ч агаарын бохирдолтой холбоотой ажээ.

 

Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй

 

Хамгийн хэрэгждэггүй эрхийн нэг. Өнөөдөр өвдсөн хүүхдүүд хувийн болон улсын эмнэлгийн коридорт эмчилгээ хийлгэж байна. Нэг үгээр, Монголын эрүүл мэндийн салбар “сэхээ”-нд байна. Эрүүл мэндийн даатгалаараа эмчилгээ, оношилгоо тэр бүр авч чадахгүй, дараалал нь ч дийлдэхгүй байгаа. Бид яг үнэндээ эмнэлгийн байшин барилга нэмж барихгүй байгаагаас үүдэн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй нийслэлийн хүн ам эмнэлэгтээ багтахаа больсон. Энэ сиймхийгээр хувийн эмнэлэг “хөлжиж” мөнгөгүй бол “үх” гэх хатуухан амьдралын хууль эрүүл мэндийн салбарт үйлчилж байна.

 

Сурч боловсрох эрхтэй

 

Улаанбаатар хотод нийтдээ 306 сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс бага сургууль 38, дунд сургууль зургаа, ахлах сургууль 257, цогцолбор сургууль тав,  Засгийн газрын хоорондын гэрээний дагуу байгуулагдсан сургууль хоёр байна. Гэхдээ эдгээр сургууль улаанбаатарчуудын хэрэгцээг хангаж хүчрэхгүй болжээ. Нийслэлийн Боловсролын газрын судалгаагаар 2024-2025 оны хичээлийн жилд нийслэлд ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23188 суралцагч гурван ээлжид хичээллэх нөхцөл байдалтай байна. Гурван ээлжээр хичээллэхэд гуравдугаар ээлжийн хүүхдүүдийн тарах цаг оройтож тэдний амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл үүсэхээс гадна хичээл даалгавраа хийх цаг байхгүй, оройтож унтсанаар өсөлт хөгжилд нь сөрөг нөлөөтэй гэдгийг олон жил ярьсаар байна.

Тэгвэл Монгол Улс Үндсэн хуулиараа тунхаглаж өгсөн иргэний үндсэн, баталгаатай эдлэх 18 эрхийн хэрэгжилт ийм л байна.

Хүний эрх утаанд замхарсаар байна.

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

 

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд: Хүн төвтэй бодлого дутагдаж байна

-Монгол Улс 1992 онд Ардчилсан Үндсэн хуулиа батлахдаа “Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлнэ” гэж тусгаж, зааж өгсөн.  Гэтэл 32 жилийн дараа буюу өнөөдөр хүнлэг ардчилсан нийгэм хаана байна гэдэг асуудал яах аргагүй тулгарч байна. Хүмүүс хүний эрх гэхээр шүүх цагдаа, эрх нь зөрчигдөж, эрүүдэн шүүсэн гэх агуулгаар ойлгодог. Энэ бүхнийг цэгцэлж, шударга ёсыг сахиулах шаардлагатай. Үүний зэрэгцээ эрх нь зөрчигдөж байгааг ч мэдэхгүй иргэд нийтээрээ энэ нийгмийн золиос болж байна. Тухайлбал, Улаанбаатарын утааны асуудал хүний эрхийг зөрчиж байгаа бодит эрсдэл. Бид агаарын бохирдлын тухай 10 гаруй жил  ярьж, 10 гаруй их наяд төгрөг зарцуулсан байна.  Гэтэл өнөөдөр үр дүн гарсангүй. Үндсэн хуульдаа “Хүн амьд явах эрхтэй. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гээд заачихсан. Гэтэл энэ эрх хангагдаж байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй.  Агаарын бохирдлын асуудал бол төрийн бодлогын алдаа.  Үүнээс үүдэн хэдэн мянган иргэний амь нас, эрүүл мэнд хохирсон бэ гэдгийг тооцоод үзвэл бас л хязгааргүй тоо гарна. Өнөөдөр Монгол Улсад хорт хавдраар өдөрт 14 хүн нас барж байна. Утаанаас үүдэлтэй элэгний хавдар шүү гэдгийг зарим эрдэмтэн судлаач хэлж, сануулж байгаа. Тэгэхээр төр иргэнийхээ эрхийг хамгаалах стандартыг хангаагүйн төлөө иргэд маань буруу бодлогын золиос болж, амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байна. Сүүлдээ бид олон сая ам.долларыг эмчилгээний зардал нэрээр хилийн чанад руу явуулдаг боллоо. Энэ нь хүний эрхийг хангасан стандарттай хот, хүний эрхийг хангасан стандарттай шийдвэр, хүн төвтэй бодлого дутагдаж байгаагийн илрэл.

 

ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов: Хүний эрх хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар олон давуу тал бий болсон

-Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар хүний эрх хамгаалагч гэж хэн бэ. Хүний эрх хамгаалагчийн хориглох зүйл болон төрөөс хүний эрх хамгаалагчийг хэрхэн дэмжиж хамтран ажиллах талаар тодорхой зохицуулсан. Хүний эрх хамгаалагч гэдэг нь ганцаараа болон бусадтай нэгдэж хүний эрхийг хөхиүлэн дэмжиж үйл ажиллагаа явуулж байгаа хэн боловч хүний эрхийн хамгаалагч байж болно гэж хуульчилсан. Энэ хууль батлагдан гарснаар хүний эрхийн хамгаалагчдын талаарх ойлголт нэмэгдэж байна. Мөн тэдний эрх ашгийг хамгаалах үйл явцад тодорхой ахиц гарсан гэж үзэж болно. Тухайлбал, байгаль орчны асуудлаар ажилладаг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, төрийн бус байгууллагын албан тушаалтан, сэтгүүлчид гэх мэт хүний эрх хангагчдын талаар тодорхой хэмжээний дүгнэлтүүд гарсан. Мөн тэдний аюулгүй байдлыг хангах, тэдэнд нийгэм сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөөг чанартай сайн өгөх асуудлыг анхааран үзэх нь чухал юм. Одоогийн байдлаар ЦЕГ-ын Гэрч хохирогчийг хамгаалах хэлтэс, Хүний эрхийн форумын дэргэдэх тусгай төсөв зэрэг байгууллагуудын дэмжлэгээр хүний эрхийн хамгаалагчдад тулгамдсан асуудлыг шийдвэрлэж байна. Цаашид гэрч, хохирогч, хүний эрх хамгаалагчдын аюулгүй байдлыг хангасан, дээрх зайлшгүй хэрэгцээтэй субьектүүдийн эрх ашигт нийцсэн бие даасан механизм ажиллах нь чухал юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 238 (7482)