Б.ГАРЬД
“Трафигура” группийн зүгээс 2024 оны аравдугаар сарын 30-нд Монгол Улстай холбоотой нэгэн ноцтой мэдэгдлийг гаргасан. “...Монгол дахь нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх бизнест хувь хүмүүс ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон. Ойролцоогоор таван жилийн хугацаанд хуримтлагдсан томоохон эрсдэлийг баталгаажуулсан. Эрсдэл 1.1 тэрбум ам.доллар болж байна. Бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж, “Трафигура” компаниас хэт их мөнгийг төлсөн. Хугацаа хэтэрсэн авлагыг зориудаар нуун дарагдуулсан. Ийм гэмт үйлдэл гарсан. Энэ нь Монгол дахь түншүүдтэй хийсэн гүйлгээний нарийн төвөгтэй хэлхээг хамарсан” гэв.
Мөн “Трафигура” компанийн гүйцэтгэх захирал Жереми Уэйр “...Бид Монголын нефтийн бизнест ийм ёс бус үйлдэл гарсанд сэтгэл дундуур байна. “Трафигура”-д ийм буруутай үйлдэл хийхгүй. Монгол дахь үйлдэлд холбогдсон хүмүүст сахилгын арга хэмжээг авсан. Нарийвчилсан дүгнэлт хийгээд үр дүнг нь танилцуулна. Тэр үед энэ нь “Трафигура”-гийн соёл, ухамсар биш гэдгийг ойлгох болно. Гэсэн хэдий ч бид компанийн хэмжээнд хяналт, хяналтыг сайжруулахын тулд арга хэмжээнүүдийг авч байна. Дашрамд хэлэхэд, Монголд гарсан энэ асуудлыг “Трафигура”-гийн ажилтнууд 2023 онд илрүүлсэн. Энэ бол бидний дэлхийн бизнест нэвтрүүлэхийг зорьж буй хариуцлага, өмчлөлийн соёлыг харуулж байгаа хэрэг” гэсэн юм.
Залгуулаад, өнгөрсөн сард “...Алга болсон 1.1 тэрбум ам.долларын талаас илүү нь “Лекс ойл” ХХК-д хамаатай”, “...Үлдсэн 500 сая ам.долларыг хайж олох хяналт шалгалт үргэлжилж байна”, “...“Трафигура”-гийн Монголд гарсан хоёр дахь томоохон залилан нь банкныхныг түгшээж байна” гэх зэргээр гадаад эх сурвалж мэдээлсээр байна.
“Ройтерс” агентлагийнхан энэ асуудлын талаар тодруулахаар Монгол Улсын Засгийн газар, “Лекс ойл” ХХК-д хандсан боловч аль аль нь ямар нэг хариу өгөөгүй аж. Энэ мэтээр дэлхийн хэвлэлүүд ухаж, “Трафигура” группийн бизнесийн түншүүд, санхүүгийн хамтрагчид нь ихээхэн гүн гүнзгий сонирхож эхлээд байгаа юм. Бид ч Сингапур дахь төв оффис, бусад эх сурвалжаас мэдээллийг авч уншигчиддаа хүргэхээр ажиллаж байна.
Ер нь бол Монгол Улс үүнийг “…Энэ асуудал ганцхан “Трафигура” группийн хэрэг” гээд таг байгаад байж болохгүй юм. Яагаад гэхээр, үүний ард Монгол Улсын нэр хүнд зүүлттэй явна. “…Монгол Улс 1.1 тэрбум долларыг маань залгичихлаа” гээд “Трафигура” дэлхийд зарлачихлаа шүү дээ. 1.1 тэрбум ам.доллар гэдэг ойролцоогоор 3.8 их наяд төгрөг болно. Нэг үгээр хэлбэл, энэ хэмжээний мөнгийг “Трафигура” групп таван жилийн хугацаанд Монголд алдсан талаар олон улсад яригдаад сар гаруй боллоо. Тэгэхээр манай хууль хяналтын байгууллага ч үүнийг нягталж шалгах шаардлагатай. Тэгж нэг тийш болгохгүй бол хэн итгэж “…Монголд хөрөнгө оруулна” гээд мөнгөө бариад ирэх юм бэ. “…Монголд авлига, мөнгө угаалт, луйврын хэрэг болсон, эсвэл үгүй” гэдгийг хууль хяналтынхан хурдхан шалгаж дүгнээд “Трафигура”-д нь мэдэгдэх хэрэгтэй бус уу. Нүдэн дээр чинь 1.1 тэрбум буюу 3.8 их наяд төгрөгийн асуудал үүссэн байна шүү дээ.
Нөгөө талд, сүүлийн таван жилд “Трафигура Монгол” компани, түүний удирдлага Э.Жононбаярыг бүгд л мэддэг болсон шүү дээ. Уг нь “Трафигура” групп аль эрт 1998 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн түнш болж, 2011 онд Оюу толгойд оролцохоор “Рио Тинто”-тай гэрээлж, 2013 онд Тавантолгойг сонирхооод Монгол, Хятадын компаниудад хөрөнгө оруулж, хамтран ажиллаж байсан. Тэр үед нь монголчууд сайн мэддэггүй л байв. Харин сүүлийн таван жилд “Трафигура Монгол” компанитай холбоотой хуурамч шатахууны асуудал монголчуудын анхаарлыг тогтмол татсаар ирсэн. Тэр хэрээр “Трафигура Монгол”, түүний удирдлага Э.Жононбаяр улам эртэй, бяртай болж, улс төр, бизнесийнхний дунд чухам л “жонон” мэт яригдах болсон. Одоо бол жолооч болгон “Трафигура Монгол” компанийг, улстөрч бүхэн Э.Жононбаярыг мэддэг болчихсон.
Их олон мэдээлэл яригддаг. Энэ дунд маш ноцтой нэг үйл явдал болсон. Цэц 2023 оны зургадугаар сарын 16-нд дунд суудлын хуралдаанаараа “…2021 оны долдугаар сарын 06-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай” маргааныг хянан хэлэлцсэн. Цэцийн гишүүн Г.Туулхүү даргалж, гишүүн Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан хийсэн тус хуралдаанаас “…Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 6, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 10 дахь заалтуудад газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосинд онцгой албан татвар ногдуулахаар нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “…Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Тус заалтуудыг тэр өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн.
Үүнээс ердөө хэдхэн хоногийн дараа, 2023 оны зургадугаар сарын 20-нд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, 21, 22-нд Төсвийн байнгын хороо, 22-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд чуулганд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэнээр Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан. Цэц шийдээд УИХ хүлээж авсан энэ явдал цаг хугацааны хувьд ердөө 10 хоногт болоод өнгөрчихөж байгаа юм. Гэхдээ хөшигний ард багагүй үйл явдал өрнөсөн байдаг. Энэ талаар ярьж чадах гэрч ч олон бий. Эндээс Монголын улстөрчдөд нэг зүйл хэлмээр болж байгаа юм. Том жижиг эрх ашигт үйлчлэх явдал улс төрд байдаг. Гэхдээ улстөрчид одоо хэнд, юунд үйлчлэх вэ гэдгээ ялгах цаг болсон. Эс тэгвээс улсынхаа, иргэдийнхээ үндсэн эрхийн зөрчиж, өчүүхэн эрх ашигт үйлчлээд байх нь нэн зохисгүй юм. Тэр хэрээр эрх ашгаа гүйцэлдүүлэгчид давардаг. Гэтэл Монгол Улс төртэй, хуультай, хүний эрхтэй, хэвлэл мэдээлэлтэй шүү дээ. Бүгдийг анзаараад, хараад, мэдээд л байдаг. Тиймээс энэхүү Цэцээр 2023 оны зургадугаар сарын 16-нд шийдээд, УИХ ердөө 10 хоногийн дараа алга тосоод хүлээж авсан 04 дүгээр дүгнэлтийн ард чухам юу юу болсон нь л гэхэд хэзээ нэг цагт, магадгүй тун удахгүй босож ирэх болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 238 (7482)