ШШГЕГ-ынхан шүүхийн шийдвэрийг “шүүдэг” болчихжээ-1
ШШГЕГ-ынхан шүүхийн шийдвэрийг “шүүдэг” болчихжээ-2
“Анод”, “Зоос”, “Хадгаламж” банкнаас 20 жилийн өмнө 140 тэрбум төгрөг зээлдсэн “Олон овоот гоулд” ХХК түүнийгээ өнөө хэр нь нэг ч төгрөг төлж барагдуулаагүй байна. Энэ төлбөрийн 123 тэрбум нь Монголбанк, Сангийн яам, “Хадгаламжийн даатгалын корпорац” гуравт очих ёстой. Эдгээр байгууллагын өрийг барагдуулах үүрэг бүхий Банкны эрх хүлээн авагч нар томилогдоод хэдэн жил ажиллаж байгаа аж.
Шүүхийн 18 шийдвэр гарсан ч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гацаанд орсоор олон жилийг үдсэн байгаа юм. Энэ хооронд “Олон овоот гоулд” ХХК анх зээл авахдаа барьцаалсан ашигт малтмалын 44 лицензийн хугацаа нь дууссаар найм нь үлджээ. Тиймээс Банкны эрх хүлээн авагчийн зүгээс дээрх лицензүүдийг шилжүүлэн авч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг 2023 онд ШШГЕГ-т гаргасан. ШШГЕГ ч энэ дагуу шийдвэр гаргаж, АМГТГ-т уламжилснаар лицензүүд холбогдох байгууллага руу шилжиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үндсэндээ дуусгавар болоод байв.
Гэтэл хурандаа Б.Нямгомбо ШШГЕГ-ын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээр томилогдоод удалгүй 2024 оны есдүгээр сарын 26-нд “Лиценз шилжүүлсэн ажиллагааг хүчингүйд тооцох тухай” 03 дугаартай тогтоолыг гаргажээ.
Тогтоолдоо “Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Б.Нямгомбо би гуравдагч этгээд болох “Зөв зүг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Сүрэн, “Олон овоот гоулд” ХХК-ийн хууль ёсны өв залгамжлах эрхтэй этгээд болох Ж.Одмандахын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Анастасия нарын гаргасан “Лиценз шилжүүлсэн ажиллагаа хүчингүй болгуулах тухай” гомдлыг үндэслэн төлбөр төлөгч “Олон овоот гоулд” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг хянав.
Төлбөр төлөгч “Олон овоот гоулд” ХХК-иас нийт 142 тэрбум төгрөгийг гардуулах 19 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Банкны өр барагдуулах газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “Олон овоот гоулд” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, захирал А нас барсан, хуулийн этгээдийн эзэмшилд бүртгэлтэй ашигт малтмалын долоон ширхэг лиценз, гуравдагч этгээд “Зөв зүг” ХХК-ийн эзэмшлийн нэг ширхэг лицензийг Банкны төлбөр барагдуулах газрын 2023 оны 2/3829 дүгээр, 2024 оны 2/3406 дугаар албан бичгээр “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэрлэн заасан “Монголын актив удирдлагын корпорац” ХХК-ийн эзэмшлийн “Минерал эксплорейшн файндинг” ХХК-д шилжүүлжээ.
Энэ нь Ашигт малтмалын лицензийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Иргэний хуулийн 175 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33, 54, 63, 65, 73, 78 дугаар зүйлд заасан үндэслэл, журмыг тус тус зөрчсөн байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 263.2, 271.3.1, 271.3.2, 271.3.3 дахь заалтуудыг үндэслэн Банкны төлбөр барагдуулах газрын дэд даргын 2023 оны 2/3829 дүгээр, 2024 оны 2/3406 дугаар албан бичгийг хүчингүй болсонд тооцсугай.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу гүйцэтгэхийг Банкны төлбөр барагдуулах газрын 193 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, хошууч Ж.Мөнгөнзаяа, ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Б.Саяболд нарт үүрэг болгосугай.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавьж, холбогдох ажиллагааг хуульд нийцүүлэн шуурхай гүйцэтгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Банкны төлбөр барагдуулах газрын дарга, хурандаа Б.Дашдаваад даалгасугай.
Тогтоолын талуудад нэн даруй мэдэгдэхийг 193 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгаж, энэхүү тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.4-т заасан хугацаанд талууд гомдол гаргах эрхтэйг дурдсугай” гэжээ.
Маргааш нь ШШГЕГ-ын Банкны төлбөр барагдуулах газраас “Монголбанк, Сангийн яам, “Хадгаламжийн даатгалын корпорац” гурвын хууль бусаар шилжүүлэн авсан найман ширхэг лицензийг “Олон овоот гоулд” ХХК, түүний хамаарал бүхий “Зөв зүг” ХХК-ийн эзэмшилд нэн даруй буцаан шилжүүлэхийг даалгах” албан бичгийг АМГТГ-т илгээжээ.
ШШГЕГ-ын Банкны төлбөр барагдуулах газрын даргыг түр орлон гүйцэтгэгч, хошууч Б.Базарсад 2024 оны есдүгээр сарын 27-нд 2/4794 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” албан бичгийг АМГТГ-т илгээжээ.
Түүнд “Тус газраас “Олон овоот гоулд” ХХК-иас нийт 141 163 847 670 төгрөгийг гаргуулж “Зоос банк” ХХК, “Хадгаламж банк” ХХК, “Анод банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн нийт 18 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Төлбөр төлөгч “Олон овоот гоулд” ХХК-ийн эзэмшил бүртгэлтэй долоон лицензийн эрх, “Зөв зүг” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй нэг лицензийн эрхийг “Минерал эксплорейшн файндинг” ХХК-д 2023 оны 2/3829 дүгээр, 2024 оны 2/3406 дугаар албан бичгээр шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны есдүгээр сарын 26-ны 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон тул дээрх лицензүүдийн эрхийг “Олон овоот гоулд” ХХК, “Зөв зүг” ХХК-ийн эзэмшилд нэн даруй буцаан шилжүүлэн бүртгэж, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалтын бүртгэлд бүртгэн хариу ирүүлнэ үү” гэжээ. Улмаар 2024 оны аравдугаар сарын 18-нд ШШГЕГ-ын Банкны төлбөр барагдуулах газрын Сүхбаатар дүүргийн хэлтсийн дарга бөгөөд Ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Б.Саяболд ШШГЕГ-ын Банкны төлбөр барагдуулах газрын даргыг түр орлон гүйцэтгэгч, хошууч Б.Базарсадын өмнө илгээсэн бичигтэй яг ижилхэн “Эрх шилжүүлэх тухай” 3/5184 дугаартай албан бичгийг АМГТГ-т илгээсэн байна.
Эндээс “ШШГЕГ-аас нэгэнт дуусгавар болсон ажиллагааг яагаад ингэж гэнэт хүчингүй болгож, дахин эхлүүлэхээр болов оо” гэдэг асуулт гарч ирнэ.
Тэгвэл ШШГЕГ-ын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч гэнэтийн тогтоолоо, үүнийг дагаж гарсан ШШГЕГ-ын Банкны төлбөр барагдуулах газрын даргыг түр орлон гүйцэтгэгч болон ШШГЕГ-ын Банкны төлбөр барагдуулах газрын Сүхбаатар дүүргийн хэлтсийн дарга нар албан бичгүүдээ “Хуульд нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн”, “Ашигт малтмалын тухай хууль бидэнд хамаагүй, зөвхөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулиа баримтална” гэх агуулгатай үйлджээ. Өөрөөр хэлбэл, тэд ингэж хууль зүйн үндэслэлгүй, тэр байтугай ямар ч хамаагүй заалтыг тусгах замаар тогтоолоо гаргажээ.
Энэ нь шууд утгаараа, Монголбанк, Сангийн яам, “Хадгаламжийн даатгалын корпорац”-ын барьцааны эрх, ашиг сонирхолд илтэд заналхийлж, хохирлын хэмжээг цаашид нэмэгдүүлэх эрсдэлийг нэмэгдүүлээд байна.
Хамгийн хачирхалтай нь Улсын Дээд шүүх болоод бусад шатны шүүхүүдээр эцэслэгдэж гарсан 18 тогтоолоор “Барьцаалсан зүйлээр шийдвэрийг гүйцэтгэж, хохирол төлбөрийг гаргуулж, шийдвэрийг гүйцэтгэ” гээд тов тодорхой шийдчихсэн. Гэтэл ШШГЕГ-ын дээр албан тушаалтнууд дээрх байдлаар өөрсдийнхөөрөө тайлбарлаж шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн шийдвэрийг “шүүж” байгаа үйлдэл юм. Үйл явдлын өрнөлийг бид үргэлжлүүлэн хүргэх болно.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж:
“Зууны мэдээ” сонин - 2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 238 (7482)
Өдрийн сонин – 2024.12.10 Мягмар №232 (7598)
Өнөөдөр сонин – 2024.12.10 Мягмар №235 (8050)