Сэтгүүл зүйн оюутнуудын хувьд оюутан насны хамгийн дурсамжтай болоод сэтгэл догдлон хүлээж, оюун ухаанаа уралдуулдаг наадам бол “Алтан Үзэг” юм. Тэгвэл өнгөрсөн бямба гарагт “Алтан Үзэг”-2024 улсын уралдаан амжилттай болж, шилдэг бүтээлийн эзэд тодорлоо. Тус наадам өдгөө 14 дэх жилтэйгээ золгож байна. Алтан Үзэг наадам оюутнуудын авъяас чадварыг хөгжүүлэх, ирээдүйн чадварлаг сэтгүүлчдийг бэлтгэх, дэмжих зорилготой юм. Оюутнууд “Алтан Үзэг” наадамд нийтлэл, теле нэвтрүүлэг, радио нэвтрүүлэг, мултимедиа нийтлэл, нийгмийн реклам гэсэн таван төрөлд өөрсдийн бүтээлээ уралдуулсан байна. Мөн энэ жил ЕБС-ийн сурагчдад эсээ болон нийгмийн рекламын төрөлд оролцох боломжийг олгосноороо тун онцлог байлаа. Жилээс жилд цар хүрээгээ тэлж буй тус уралдаанд нийт 190 гаруй бүтээл ирж, шилдгүүд тодорлоо.
Энэ үеэр тус наадмын бүтээлүүд нийгэмд нөлөө үзүүлж чадаж байгааг ХИС-ийн Сэтгүүл зүй медиатехнологийн тэнхмийн эрхлэгч, доктор профессор Д.Дагиймаа хэллээ.
Тэрээр “Алтан Үзэг наадамд зургаан их дээд сургуулийн оюутны 194 бүтээл, ЕБС-ийн сурагчдын бүтээл ирсэн. Энэ удаа сэтгүүлч мэргэжлийг сонирхож буй хүүхдүүдэд мэргэжлийн үнэ цэн, онцлогийг сурталчилах зорилготой байсан учраас ЕБС-ийн сурагчдыг оролцуулсан. Мөн ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн сурагч уралдаанд ирүүлсэн бүтээлээрээ шагнал авсан. Хамгийн гол нь сэтгүүлч мэргэжлийн нэр хүнд унаж байна. Тиймээс залуусийн дунд энэ мэргэжлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, урам өгөх зорилготой. Түүнчлэн оюутнуудын авьяас чадварыг сорих, онолоор авсан мэдлэгийг практикт ашиглах, тэдний дуу хоолойг нийгэмд хүргэх зэрэг олон давуу талтай. Жишээлбэл, өнгөрсөн жилийн нийтлэлийн төрлийн нэгдүгээр байрт орсон бүтээлд Хөвсгөл аймгийн нэг сургууль мөөгөнцөртэй байранд, гал түлж хичээллэж байсныг тус нийтлэлээс бид мэдсэн. Харин нийтлэл гарснаар шинээр сургууль барих төсвийг улсын төсөвт суулгасан. Эндээс харвал, оюутнуудын дуу хоолой олон нийтэд хүрч, нөлөөлж чадаж байна. Тэр утгаараа Алтан үзгийн бүтээлүүд сэтгүүл зүйн бүтээл болон гарч нийгэмд нөлөө үзүүлж байдаг” гэсэн юм.
Алтан Үзэг наадмыг төрөл тус бүрээр нь салбарын төлөөллүүд шүүн хэлэлцэж, оюутнуудын санаа сэдвийн талаар дүгнэдэг. Тэгвэл энэ удаагийн наадмын телевизийн нэвтрүүлгийн төрлийн шүүгчээр ажилласан “Тэнгэр” телевизийн продюсер Б.Ариунцэцэг
“ 26 бүтээл ирсэн. Аль сургуулийн хэний бүтээл гэдгээс үл хамааран шууд л бүтээлийг нь үзэж эхэлсэн. Энэ дундаас онцолж хоёр бүтээлийг ярьмаар байна. “18 тэрбумын ваучер тараах асуудлаар нийгэм даяараа шуугисан. Энэ асуудал тэр чигтээ шүүмжлэл дагуулж байсан. Гэтэл МУИС-ийн оюутны уралдаанд ирүүлсэн нэг бүтээлийг үзээд энэ 18 тэрбум төгрөг чинь хэрэгтэй байсан юм байна гэж бодоход хүрсэн. Яагаад гэвэл тухайн оюутан “Хичээлийн дараа” гэх бүтээлээрээ гэр хорооллын хүүхдүүд хичээлээ тараад юу хийдэг юм бэ, ер нь хүүхдүүд чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна гэдгийг сурвалжилсан байсан. Гэтэл тэдгээр хүүхдүүд өдөржин утсаа л үзээд суугаад байдаг. Өөрөөр хэлбэл, тэдгээр хүүхдүүдийн амьдралыг ямар нэгэн шүүлтүүргүйгээр харахад үнэхээр гунигтай санагдсан. Энэ оюутны хөндсөн сэдэв юмыг өөрөөр олж харсан, сайн сэдэв байсан. Нөгөө нэг онцлох бүтээл бол гранпри-д шалгарсан бүтээл. ХИС-ийн оюутнуудын “Эрдэнэт рүү нүүж явна” гэх нэвтрүүлэг байсан юм. Хөдөөгийн сэргэлт гээд л Улаанбаатар хотын хэт их төвлөрлийг яаж бууруулах вэ гэдэг дээр тухайн оюутнуудын санаа маш шинэлэг, сайн бүтээл болсон байсан. Тус бүтээлд Эрдэнэт хот руу нүүж байгаа айлыг дагаж сурвалжилсан байсан. Ингэхдээ тэнд очоод ямар асуудал гарч байгааг харуулсан. Нэвтрүүлгийн гол баатар нь “Хотын асуудалгүй хөдөө, хөдөөгийн асуудалгүй хот хаана байна вэ” гэх үгийг хэлсэн нь маш их таалагдсан. Ер нь хотоос хөдөө рүү очиж амьдрахад юу хэрэгтэй байдаг гэдгийг бид мэдэхгүй. Тиймээс нэг айлаар дамжуулан тэнд амьдрахад таатай болон тулгарч буй бэрхшээлийг гаргасан нь сонирхолтой байсан. Оюутнуудын бүтээлийн санаа сэдвийн тухайд бол маш сайн байлаа. Цаашдаа илүү их уншиж, хөгжөөсэй гэж хэлмээр байна” гэв.
Алтан үзэг наадамд оюутнууд асар их хичээл зүтгэлээ зориулан бүтээсэн үнэ цэнтэй бүтээлүүдээ илгээдэг. Тэдгээр бүтээлүүд өөр өөрийн гэсэн өвөрмөц өнгө аяс, утга агуулгатай. Энэ дундаас цор ганц нь л гранпри-д тодрон гардаг. Тэгвэл 14 дэх удаагийн “Алтан Үзэг” наадмын гранпригийн эзэн болсон ХИС-ийн Сэтгүүл зүйн дөрөвдүгээр түвшний оюутан Б.Хонгорзул
“Энэ удаагийн наадамд нийтлэл, телевизийн нэвтрүүлгийн төрөлд оролцсон. Нийтлэлийн төрөлд гурван жил дарааллан шилдэг 20-д шалгарч байсан. Эхний гурван байранд орох чин хүсэл эрмэлзэлтэй байсан учраас бүтээлээ илүү сайжруулан, өөрийгөө сорьсон. Ингээд хоёрдугаар байрт шалгалаа. Харин телевизийн нэвтрүүлгийн төрөлд шилдгийн шилдэг грапри шагналыг авлаа. Бид өнгөрсөн хавраас эхэлж Алтан үзэгт оролцох телевизийн нэвтрүүлгийн талаараа ярилцаж эхэлсэн. Ингэхдээ эерэг бүтээл хийх хэрэгтэй юм байна гэж ярьсны үндсэн дээр энэ нэвтрүүлгээ хийсэн. Нэвтрүүлгээ хийхийн тулд маш жижигхэн машинд жолоочтойгоо зургуулаа Эрдэнэт хотыг зорьсон. Манай нэвтрүүлгийн баатрын хувьд өнгөрсөн жил Эрдэнэт рүү нүүх тухай ярьж байсан юм. Ингээд яг бидний нэвтрүүлэг хийх үед нүүх өдөр нь таарсан. Бидний хувьд кино шиг том зүйлийг хийж, ард нь гарч чадлаа. Мөн Эрдэнэт рүү явбал дээрх гурван том асуудал байгаа юм байна. Үүнийг ингэж шийдэх боломжтой гэдгийг нэвтрүүлгээрээ харуулахыг зорьсон. Нэвтрүүлгээ хоёр долоо хоногийн хугацаанд нойргүй хонож дуусгасан. Энэ бол бид багаараа нэгдэж, хүн бүр хичээсний үр дүн юм” гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 237 (7481)