Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /12.05/ орой хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Энэхүү төсөлтэй холбогдуулан гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: - Засгийн газрыг бага ч гэсэн улсынхаа эдийн засгийг тэлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хувийн хэвшлийнхээ  бизнесийг дэмжсэн хөрөнгө оруулалтын төсөв оруулж ирэх байх гэж найдсан алга. Улсын хөгжлийн төлөвлөгөө, Төсвийн хүрээний мэдэгдэл хоёр уялдах уу.  Та нар эдийн засгийн өсөлтийг найман хувиар гаргасан байна лээ. Яаж тооцоод найман хувийн өсөлт гарна гэв. Хэт өөдрөг төсөөлөл юм биш үү. Зэсийг 7.4 мянган ам.доллараар, нүүрсийг нэг тонныг нь 129 ам.доллараар тооцсон байна. Орлого чинь хүрэх юм уу. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл орлого хүрэхгүй гэсэн.Н.Учрал сайд төрийн өмчит компаниуд дээр сүртэй гоё юм яриад байна. Баахан дарга нарын тавиул байгаа, баахан хулгай зэлгий байгаа, ухаж чадах уу?

Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр: -Нэг бол тэл гээд эс бол Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн үгэнд ороод тана гээд байх юм. Аль нь юм бэ. Парламентаас тусдаа Засгийн бодлого гэж байхгүй. Засгийн газрын нэг жилийн хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг парламент баталсан. Баталсан төлөвлөгөөнд эдийн засаг найман хувь өснө гээд байгаа. Ард түмэн парламентыг сонгодог,  тийм учраас цэцэн мэргэнээ шалгадаг газар парламент биш. Бодлого гарах ёстой. Парламентаас баталсан хөтөлбөрийг ажил хэрэг болгох нь ойлгомжтой. Ирэх онд найман хувийн өсөлтийг хийнэ. Энэ дээр парламент нэг дуутай байх хэрэгтэй. Дарга нь цэргээ загнаж байгаа юм шиг  байж болохгүй. Парламент Засагтайгаа хамт  бодлогоо гаргаж байж үр дүнд хүрнэ.Н.Учрал сайд төрийн өмчит компанийн шинэчлэлийн хөтөлбөр дээр яс сууж байгаа шүү. Ажлынхаа ард гарна гэдэгт итгэлтэй байна. Дарга нарын тавиул гээд компанийн захирлуудыг халж чадахгүй, сольж чадахгүй юм байхгүй. УИХ -ын гишүүд араас нь чаргууцалдахгүй байхад  бид бол ёс зүйтэй хариуцлагатай асуудлыг шийдэж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Эх сурвалж:www.polit.mn