П.АМГАЛАН
Газар хэвтэх сонины тасархай дээр “Ижийгээ амьдад үхэж болохгүй” гэсэн гарчигтай шүлэг байхыг олж уншсан тэр үед би энэ орчлонгоос буцах бодлоо насан туршдаа сэтгэлээсээ авч хаясан хэмээн ярих нэгэн залуугийн тухай түүхийг сонсоод тийм гэхийн аргагүй гэгэлгэн мэдрэмж төрсөн юм. Үйлдвэрийн ослоос болж өөртөө гутарсан нэгэн хүний амьдралд итгэл нэмсэн зүйл бол сонины тасархай дээрх “Ижийтэй хүн үхдэггүй” хэмээх шүлэг байж. Шүлэг яруу найргийн үг бүр тансаг хийгээд гүн утгыг агуулж хүмүүнийг хөнгөн гуниг, бодрол, аз жаргал гээд олон мэдрэмжид хөглөж байдгийн нэгэн жишээ энэ аж. Энэ шүлгийн эзэн бол Монголын утга зохиолын ертөнцийн тод од Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир.
Энэ түүхийн талаар яруу А.Эрдэнэ-Очир нэгэн ярилцлагадаа ярьсан байдаг. Тэрээр “Нэг өдөр Багшийн дээдийн автобусны буудлын хажуугаар өнгөрөөд явж байсан чинь араас нэг хүн дуудлаа. Иргээд харсан чинь таньдаг хүн байдаггүй. Дахиад иргээд алхлаа. Тэгсэн ахиад л араас дуудаж байна. Харсан чинь тэргэнцэртэй залуу байсан. Би таньдаг хүн бил үү, манай нутгийн хүн бил үү гэж бодож зогслоо. Тэгсэн нөгөө залуу “Би танд маш их баярладаг шүү” гэж байна. Би ч яасан билээ гээд асуулаа. Гэсэн нөгөө залуу “ Би үйлдвэрийн осолд ороод хөл, гараа алдсан. Үүнээсээ болж сэтгэлээр унаж амиа хорлох гэж байсан юм аа. Тэгээд нэг тамхи татаад зогсож байгаад доошоо харсан нэг сонины тасархай байсан. Түүн дээр чиний “Ижийгээ амьдад үхэж болохгүй” шүлэг байсан. Тэр үед би үхлээ ч гэсэн хөөрхий ээж минь зовно шүү дээ гэж бодсон. Тэгээд амиа хорлох тухай бодлыг ор тас мартсан. Би чамд баярлаж явдаг юм аа “ гэж хэлж байсан” хэмээн ярьсан байдаг.
Үнэхээр яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын шүлгийг сонсох, унших бүрд хөнгөн гуниг, аз жаргалыг мэдрүүлэх увдистай мэт санагддаг. Тийм гэгэлгэн шүлгүүдээ өөрөө сэтгэлд буутал дотортой уншдаг яруу найрагч байсан.
Ийм нэгэн хүмүүнд амьдрал бэлэглэгч түүний “Ижийгээ амьдад үхэж болохгүй ” шүлгийг хүргэж байна.
Ижийгээ амьдад үхэж болохгүй
Ижийгээ амьдад үхэж болохгүй
Ижий минь цээжиндээ наргүй болно
Ертөнцийн гоо үзэсгэлэн гундаад
Ерөөлтэй ижий минь гандаж хоцорно
Талын хялгана сэргэж зун болохоо больж үзэгдэнэ
Тавилангийн цэцэг шивээлэн орчлон гандаж санагдана
Ижийгээ амьдад үхэж болохгүй
Ижий минь цээжиндээ наргүй болно
Үндэстэй мод жилийн жилд л цэцэглэдэг
Үр нь амьд байхад эх хүн жаргадаг
Ижийгээ амьдад үхэж болохгүй
Ижий минь цээжиндээ наргүй болно ...
Эх сурвалж: www.zms.mn