Б.БАЯРЖАВХЛАН
Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” роман шиг гайхалтай ном өнөөг болтол уншаагүй байна гэж ярих энэ охиныг Саго Ай гэдэг. Түүнтэй ярилцаж суухдаа тэр урьд насандаа Монгол хүн байсан байх гэдэг бодол төрснөө нуух юун. Учир нь монголын уран зохиолуудыг уншиж, мэдэрч буй мэдрэмж нь ер бусын байсан юм.
Саго Айгийн Монголтой холбогдсон түүх бас сонин. Тэрээр 2000 онд Японы Нагасаки мужийн Цүшима арал дээр төржээ. Монгол гэдэг улсын талаар сонирхох болсон нь түүний төрсөн газартай холбоотой. Энэ тухайгаа Саго Ай “Миний төрсөн нутаг болох Цүшимад Хубилай хаан цэргүүдтэйгээ 1274 онд довтлон ирсэн байдаг. Монголтой түүхийн холбогдолтой газар төрсөн учир бага сургуульд байхаасаа л Чингис хааны түүх болон японтой байлдсан тухайг нь сонсож өссөн.Чингис хааны намтрыг мянган удаа уншсан. Өөрөөр хэлбэл, Дээрх түүхийг уншиж байх явцдаа монголын талаар сонирхож эхэлсэн” гэсэн юм.
Монголын түүхээс уран зохиолд дурласан нь
Саго Ай бага ангийн багш болох мөрөөдөлтэй охин байжээ. Гэвч 2018 онд Токио хотын гадаад судлалын их сургуулийн монгол хэлний ангид элсэн оржээ. Энэ тухайгаа “Ахлах ангид сурч байх үедээ бага ангийн багш болно хэмээн боддог байв. Улмаар Токиогийн гадаад судлалын их сургуульд англи хэл суръя гэж бодож байсан ч багш маань “Англи хэлийг өөр их сургуульд сурч болно.
Тиймээс япон хүний мэдэхгүй, сонирхолтой санагдаж буй хэлийг сурвал илүү сайн багш болж чадна” хэмээн хэлж байсан. Тийм учраас би англи хэлээс өөр хэлийг сурахаар болсон юм. Багаасаа Монгол орны талаар сонирхож байсан маань ч энэхүү хэлийг сурахад нөлөөлсөн. Мөн Монгол болон япон улс түүхээс гадна Асашёорюү, Хакүхо гэх мэт сүмо бөхчүүдээрээ холбогддог. Тиймээс энэхүү хоёр улсыг нягт холбоотой гэж боддог байсан ч үнэндээ япончууд Монголын тухай юу ч мэддэггүй юм билээ. Тиймээс би Монголын талаар илүү их зүйлийг мэдэхийг хүссэн. Монголын түүхийг суралцахаар их сургуульд орсон ч одоо уран зохиолыг илүү ихээр сонирхох болсон. Тухайлбал, одоо уран зохиолын аргаар түүхийг яаж дүрсэлсэн бэ гэдэг талаас судалгаа хийж байна”гэсэн юм. Саго Ай 2022 онд бакалавраа төгсөж, одоо монголын орчин үеийн уран зохиолын судлалаар магистрт суралцаж байгаа аж. Энэ нь түүнийг уран зохиолд дуртайг илэрхийлнэ.
Тэрээр монголын олон зохиол уншиж байжээ. Гэвч түүнд хамгийн их таалагдсан нь Ч.Лодойдамбын Тунгалаг тамир роман гэнэ. Тэрээр хэлэхдээ “Би Японд Монголын уран зохиолын орчуулгын түүвэр олон ном уншиж байсан. Маш олон зохиолчийн бүтээлүүд хэвлэгдсэн байсан юм. Тухайлбал, Д.Нацагдорж, Б.Ринчен гэх мэт. Олон зохиолчийн өгүүлэл болон туужийн орчуулгын ном уншаад хамгийн их таалагдсан нь Ч.Лодойдамбын Тунгалаг тамир роман байсан. Би энэхүү бүтээлийг монгол хэлээр уншаад Ч.Лодойдамбын бусад зохиолыг уншмаар санагдаж, өгүүллэг, тууж зэрэг олон бүтээлийг нь уншсан юм. Тунгалаг тамир бол Ч.Лодойдамбын хамгийн том зохиолоор барахгүй ХХ зууны Монголын уран зохиолын хамгийн том бүтээлүүдийн нэг. Би Монголд уран зохиолын ийм сайн ном, бүтээл байгаа гэдгийг япончуудад таниулахын тулд судалж байгаа юм. 2022 оны зун Ч.Лодойдамба гуайн охин Л.Насанбат гуай, Л.Насанбаяр гуайтай уулзаад Лодойдамба гуайн зохиолын тухай амьдралын тухай үнэ цэнтэй яриаг сонссон нь хамгийн гоё дурсамжтай мөч байсан. Бас тэр үед Улаанбаатар байгаа Ч.Лодойдамба гуай, Ц.Дамдинсүрэн гуай, Б.Ринчен зэрэг зохиолчдын хөшөөг үзсэн” гэсэн юм.
Тунгалаг тамир романыг уншаад сэтгэлд тань хоногшсон дүр нь “Эхнийх нь Дулмаа. Учир нь тэр эмэгтэй үнэхээр зоригтой. Түүнээс үлгэрлэж, сурах зүйл маш их бий. Нөгөөх нь Анги Ринчен лам. Тунгалаг тамир бол социализмын үед бичсэн зохиол. Социализмын үед бичсэн романуудад шашин, ламын талаар дандаа муухайгаар бичиж, тэднийг муу хүмүүс мэтээр харлуулдаг. Анги Ринчен ламыг сайн хүнээс гадна ухаантай хэмээн дүрсэлдэг. Тиймээс л би түүнд дуртай. Монголын уран зохиолын дотор хамгийн онцлогтой дүр гэж боддог. Мөн дүр амилна гэж юу вэ гэдгийг энэ романаас би сурсан. Эрдэнэ баян Итгэлт, Цахиуртөмөр, Долгор, Дулмаа, Гэрэл гээд олон баатрууд өөр өөрсдийн амьдралын гүн ухаан, сэтгэлийн ертөнцтэй байна. Энэ бол ямар ч нийгэмд амьдарч байгаа хүний сэтгэлийг хөдөлгөх шигтгээ гэж боддог. Уран зохиол судалдаггүй Японы монгол судлаач нар бас Тунгалаг тамирыг мэднэ. Гэхдээ тэд романыг уншаагүй зөвхөн киног үзсэн гэдэг. Шалтгаан нь роман япон хэлэнд одоо хүртэл орчуулагдаагүй. Тунгалаг тамир кино мэдээж сонирхолтой гэхдээ тэр том романыг гуравхан бүлэгтэй кино болгохоор хассан хэсэг зөндөө байна. Романыг бас уншаасай гэж би хүсдэг” гэсэн юм. Саго Ай Монголд дандаа зун ирж байжээ. Тухайлбал, зуны амралтаараа гурван удаа буюу 2019, 2022, 2023 оны зун иржээ. Монголын зун сэрүүхэн гоё байсан талаар “Наймдугаар сард Улаанбаатарын түгжрэл бага байсан. Японд яг тэр үед бүгчим, яг там шиг халуун байдаг. Харин Монголд сэрүүхэн гоё байсан.Монголын зуны улиралд би дуртай. Мөн дандаа зун ирдэг учир өөр улирлуудыг ямар байдгийг мэдэхгүй байна. Боломжтой бол Монголд хэдэн жил амьдарч судалгааны ажил хийх санаа байгаа. Тэр үед монголын тухай миний бодол өөрчлөгдөх байх” гэлээ.
Япончууд Монголчуудын тухай хэр зэрэг мэддэг вэ гэхэд “Урьд нь япончууд монголыг тал хээр нутаг, монгол гэр, сумогоор л төсөөлдөг байсан. Өнгөрсөн жил “Vivant” гэдэг олон ангит кино гарч монголын талаарх бодлыг нилээн өөрчилсөн. Тухайлбал, хотжилт болон говийг Балка гэдэг улсаар төлөөлүүлж монгол жүжигчид тоглуулсан байсан. Тэднээс Барслхагва жүжигчин маш алдартай. Үүнээс хойш япончууд монголыг их сонирхдог, мэддэг болсон юм шиг санагддаг болсон” гэв. Тэр монголд ирвэл Улаанбаатарт амьдармаар байгаа бөгөөд хоёр дахь эх орноороо Монголыг сонгоход татгалзах зүйлгүй гэсэн юм.