П.ЛХАГВАЖАРГАЛ

 

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам Улс тунхагласны баярын өдөр олон түмэн үзэгчдийнхээ алга ташилт дор амжилттай зохион байгуулагдлаа. Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт, Дундговийн Дэрэнгийн харьяат яруу найрагч А.Лхагва “Морин хуурын хэл” шүлгээрээ үзэгч, сонсогчдынхоо сонорыг мялааж “Болор цом”-ын эзнээр тодров.

 

-“Болор цом” наадам сайхан боллоо. Таны хувьд олон жил шүлэг найргаа өргөн барьж, энэ жил цомын эзнээр тодорлоо?

-Монголын зохиолчдын эвлэл гэх энэ сайхан айлын алтан хойморт үе үеийн өтгөс буурлууд ханхайж суусаар 90 гаруй жилийн түүхийг үдсэн байна. Энэ айлаас ургасан “Болор цом” наадам маань мөн 40 гаруй жилийн түүхийг бүтээжээ. Монгол төрийн наадамтай адил жил алгасалгүй зохион байгуулдаг монгол найрагч, монгол зохиолч, монгол хэлтний төгөлдөр сайхан наадам юм. Жил ирэх тусам дэлгэр сайхан болж байна. Сэтгэл их хөдөллөө. Сайхан байна. Би түрүүлэхийг гол болголгүй сайхан уралдъя л гэж бодсон. Монгол уяач “Морь, хүүхэд минь мэнд сайхан давхиасай” гэдэгтэй адил би “Болор цом”-доо тоосоо өргөдөг.

-Дэрэн нутгаараа овоглож сайхан наадлаа. Тэргүүн байранд хөтөлсөн “Морин хуурын хэл” шүлгийнхээ тухай яривал?

-Морин хуурын хэлийг монгол газар, монгол хүний, тэнгэрийн хэл гэж боддог. Биднийг орчлон хорвоод орчуулагагүй таниулж, мэдрүүлж буй ганц хэл хэмээн тунгааж  шүлэглэсэн юм. Дундговийн Дэрэн бол аугаа гайхамшигтай нутаг. Уртын дууны хатан хаан Н.Норовбанзад, миний багш Ц.Чимиддорж тэргүүтэй гайхамшигт хүмүүний төрсөн нутаг. Энэ л нутаг, уул усаараа бахархаж сууна. Ээж минь одоо 90 гаруй настай, сайхан буурал бий. Би байгаль, ахуй соёлдоо ойрхон өссөн малчин айлын хүүхэд. Тиймдээ ч өөрийн мэддэг, сэтгэлд ойр тэр зүйлээ бичдэг. Багаасаа шүлэг найраг, уран зураг, ном зохиолд дуртай байлаа. Энэ сайхан ертөнцөд хөл тавьсандаа баярладаг.

-Шүлэг найрагт дуртай залууг энэ хүртэл тууштай алхахад таны багш Ц.Чимиддоржийн гавьяа их болов уу?

-Монгол түмний нандин сайхныг дуулсан Ц.Чимиддорж багштайгаа учирсан минь их зол баяр юм. Би багштайгаа нэлээд хожуу учирсан. 1989 онд Дундговь аймагт “Хөгжимт драмын театр” байгуулах үеэр шүлэг зохиол оролддог Дэрэнгийн хүү гэж анх танилцаж байлаа. “Соёолон морьдын тоос” анхны номоо 1994 онд гаргахад багш маань өмнөх үгийг бичиж, их урам хайрласан юм. Түүнээс хойш муу юм бичиж болохгүй гэж мэрийж, хичээлээ. Би 10, 10-н жилийн зайтай цөөхөн ном гаргасан хүн. “Сарны дарс”, “Дөрөөн дээрээ”, “Нүүдэлчний тэнгэр” гэсэн ном байна. Дуулаад ханашгүй баян нутаг ус, адуу мал, ахуй соёлоо өгүүлэх дуртай.

“... Энэ хүлэг Монголын яруу найргийн 1990-ээд оны зурхайгаас эргэсэн идэр морьдын цээжинд эхний хэдтэй үзэлцэнхэн гарч иржээ. Золоороо, зоргоороо давхиасай. Болж өгвөл ташуур хүргэхгүй юмсан. Дэрэнгийн агь буурал толгод дунд чүүчигнэнхэн тэнцсэн энэ унага нь одоохон барианд орж хөлсөө хусуулах гэж байна. Хөлснөөс нь Дэрэнгийн тоос шороо, өвс ногоо, ус нуур амтагдаж байвал болох нь тэр. ... Цаана чинь соёолон морьд! Бөөн гал, их салхин айсуй...

Нутгийн үрээний хөлсийг хусах гэж хөөрч давхисан яруу найрагч Цэндийн Чимиддорж”

-Таны бичсэн дууны шүлгүүд монголчуудын дунд их алдартай. Шүлэг бичих сэдэл, мэдрэмж хаанаас төрдөг вэ?

-Дууны хэдэн сайхан бүтээлтэй. Н.Гантулга дүү минь “Дэлгэр найрын хоймор”-ыг их сайхан бүтээл гэж боддог юм билээ. Ингэж үнэлсэнд нь баярлаж явдаг. Хөтчийн дуу гэж Өвөрмонголд их дуулагддаг гэнэ. Дуу бол шүлэг найргаас илүү ард түмний сэтгэл зүрхэнд хүрч, аманд нь хүлхэгддэг ерөөлтэй зүйл юм. Дууны сайхан бүтээлүүд минь түмэн олонд бас сайхан хүрчээ. Энэ сайхан бүсгүйчүүд, эмэгтэйчүүдэд дурлаж, хайрлахаар шүлэг найраг чинь урсаад л байна. Би дурлах тусам л шүлэг бичдэг. Бас “Сэтэрт тал”, “Дэрэнгийн дуулал” тэргүүт нутаг усныхаа тухай бүтээл туурвих нь бий. Харин эхнэртээ зориулсан бүтээл тун цөөхөн юм билээ. Хажуудах эрдэнээ мэдэхгүй өөр гараг, эрхэст аялаад явдаг юм байна.

 

“Морин хуурын хэл”

 

Сэтгэлээс үүссэн салхинд

Хээрийн салхи хөлчүүрнэ

Тэнгэрээс үүдсэн аялгуунд

Уулсын сэтгэл халууцна

Морин хуурын эгшиглэн

Ийм эртний хэл

Монгол газар үүссэн

Эх сайхан хэл

Энэ хэлийг анирдсан хүн

Эрэмшин омогшино

Энэ хэлийг сонордсон хүн

Элэг нь дэвтэж уярана

Тэнгэрийг

Тэр өндрийг

Туг гэрэгээрээ өргөж

Туйлсан их суу залиар

Сүлд хийморьтой болгосныг

Тэнгэрийн үгээр хүүрнэнэ

Талыг Талбиун уудмыг

Тэнгис далайг цалгиаж

Тивийг сэрээсэн нүүдлээр

Тэнүүн уудам болгосныг

Тальн хэлээр шуранхайлна

Морин хуурын хэл

Монгол тэнгэрийн хэл

Монгол газрын хэл ээ.

Унаж сөхөрсөн үед

Уруудаж бүдэрсэн цагт

Морин хуурын үүрсээн

Монгол хүнийг сэрээсэн

Морьтой гэдгийг нь сануулсан

Халирч зэлэрсэн үед

Хавтайж бөхийсөн цагт

Морин хуурын төвөргөөн

Монгол хүнийг сэхээсэн

Мордоод давхихыг харуулсан

Сүлд хийморийг сэрээж

Сүгнийтэл тэнгэрийн дээр гаргаж

Элэр аялгуу нь наранд хүргэж

Эртний өвгөдтэй уулзуулж

Хөөрөг зөрүүлэн хуучлуулж

Хөх толбыг минь тодруулж өгдөг

Морин хуурын хэл

Монгол хүмүүний хэл ээ

Бадран омогшихын бал

Бахархан гэрэлтэхийн гал

Морьтон монголын хөл

Монголыг асаасан хэл

Энэ хэлээр биднийг

Эх дэлхий танина

Энэ хэлээрээ бид

Элэн галавтай ч ярилцана

Морин хуурын хэлээрээ

Монгол язгуурын хэлээрээ

Дээд сансарыг ч уяраана

ДЭЛХИЙГ ДАХИН ДАГУУЛНА АА

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 230 (7474)