П.ЛХАГВАЖАРГАЛ
Сайн нь үгүй бол мууг нь хэрхэн мэдэх билээ. Хар нь үгүй бол цагааныг хэрхэн таних билээ. Өнгө будаг алаглаж, сайн муу хосолсон энэ хорвоо эсрэгцэл, нийлэмжийн хооронд оршдог ажээ.Энэ бүхнийг өөрийн далд ухамсраас дүрсэлсэн уран бүтээлч бол Ц.Агиймаа юм. Түүний анхны бие даасан үзэсгэлэн “Dearloversss”-ыг “Үзэсгэлэнгийн танхим” буландаа онцолж байна.
Сайн, муу хослон орших нь өөрөө үзэсгэлэнтэй
Дахин давтагдашгүй дотоод ертөнцийн гүнээс тольдон гарах дүрслэлийг тааварлашгүй. Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээсэнд хүн, байгалийн харилцаа холбоог ангид үзэх нь мугуйдал. Хүнд заяасан байгалийн зөн совинг ямар нэгэн амьтны сүр жавхлан, гоо үзэсгэлэнгээр бэлгэдэн дүрслэх нь урлагийн хүчтэй илэрхийлэмж байсаар ирснийг Ц.Агиймаагийн бүтээлээс харж болно. Хүн өөрөө байгалийн нэг хэсэг, эд эс гэдгийг сануулсан мэт.
Буга, лус гэсэн хоёр дүрээр эсрэгцэл болон нийлэмжийн буга нь эр, лус нь эм гэсэн ойлголтыг эвдэж өнгөрсөн ба ирээдүй гэж үзсэн байна. Уг хоёр дүрийг аль нэгэн хүйсэд хамаарахгүй дүрсэлсэн нь сонирхолтой. Хоёул эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, уян зөөлөн байдлын илэрхийлэл боловч хоёр өөр утгыг агуулжээ. Энэ тухай Ц.Агиймаа “Буга нь хүний түүхэнд гоо үзэсгэлэн, сүр жавхлан, бадрангуй, дээшээ тэмүүлэх хүсэл мэдрэмжийг илэрхийлдэг гэж би боддог. Лусын дагина мөн гоо үзэсгэлэнг илэрхийлдэг боловч газар доорх ертөнц, харанхуй, нууцлаг хүч чадлыг илтгэдэг. Байгаль болоод хүний амьдралын мөчлөг үргэлж хувьсан өөрчлөгддөг ч сайн, муу хослон орших нь өөрөө үзэсгэлэнтэй. Лусын дагинаар өнгөрсөнд болсон үйл явдал, дурсамж, гуниг зовлонг харин улаан бугаар өөдөө тэмүүлж, ассан, гал халуун оргилсон хүчтэй мэдрэмжүүдийг илэрхийлсэн билээ. Хүний мэдрэмж, дурсамж насан туршийн амраг хайрт нь байдаг” хэмээсэн юм.
Мэдрэмжээ дүрээр илэрхийлэн бүтээл болгох нь онцгой шийдэл
Орчин үеийн амьдрал, нийгэм, хүн хоорондын харилцаа нь биднийг зөн совин, далд ухамсар, сэрэл мэдрэмжээс аажмаар холдуулж байгааг анзаардаг ч тэр болгон илэрхийлж чаддаггүй. Нүдээ аниад өөрийгөө байгалийн эд эс, нэг хэсэг нь гэж мэдрээд далд ухамсар дотоод ертөнц танд юу өгүүлэхийг хийсвэрлэн төсөөлүүлэх мэт энэхүү үзэсгэлэн нь орчин үеийн урлагийн олон төрлийг ашиглан дэлгэгджээ. Тэрээр уран баримлын бүтээлүүд болон холимог техник, дижитал арт хэлбэрээр хүний хүртэхүйн бүхий л мэдрэмжид хүргэхийг зорьж бүтээлүүдийнхээ уялдаа холбоонд анхаарсан байна. Куратор Б.Азбаяр “Өөрийн мэдрэмжээ дүр болгон бүтээхээс гадна орон зай, цаг хугацаагаар аялуулж, дурсамжаас үлдсэн мэдрэмжээ дүрүүдээрээ дамжуулан урлагийн бүтээл болгон илэрхийлсэн нь уран бүтээлчийн онцгой шийдэл юм. Эхэн үеийн бүтээлүүд нь холимог техник /Mixed media art/ чиглэлийн чөлөөтэй техник, арга ажиллагаа харагдаж байна. Дунд үеийн бүтээлүүд нь илүү /Digital art/ минимал, харин сүүлийн үеийн бүтээлээ уран баримал /Contemporary sculpture/ болгон орон зайд мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлжээ” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 229 (7473)