С.УРТНАСАН
“Оранж” энтертайментаар овоглосон найруулагч О.Цэгмэдийн бүтээл “Эрдэнэсийн арал” кино нээлтээ хийгээд гурав хонолоо. Киноны нэрээс эхлээд хүний сонирхлыг татах олон зүйл тэнд цогцолсны нэг нь тус киноны Уянгын дүрийг бүтээсэн залуу жүжигчин Б.Хунцэнгүүн байв. Түүний сэтгэгдлийг хүргэе.
-Анх “Эрдэнэсийн арал” киноны зохиолыг найруулагч уншуулж миний санаа бодлыг асуусан. Дүрд нь тохиорохгүй хүн гэсэн болохоор зохиолоо унших үедээ эмэгтэй жүжигчин бүр шунаж тоглохоор дүр юм гэж бодоод өнгөрч байсан. Нэг өдөр найруулагч дуудаж энэ дүр дээр ажиллах уу гэж асуусан. Цаг нь тулахаар хүн айдаг юм байна лээ зохиолоо уншаад, найруулагчтайгаа ажиллаад, зурагтаа гарахаас өмнө олон удаа уншлага хийж, объект дээрээ очоогүй байхдаа хүртэл бэлдэж, над дээр нэлээд ажилласан. Өмнө нь ажиллаж үзсэн дүрүүд, миний хувь хүнээс хүртэл шал өөр байсан.Тоглолтыг минь хүртэл өөрчилж гаргаж ирж чадсан. Тухайн үедээ ойлгомжгүй хэцүү байсан ч хэд хоногийн дараа биед суугаад багийнхантайгаа ойлголцсоны дараа өөрт гоё санагдаж мэргэжлийнхээ сайхныг мэдэрч эхэлсэн дүр байсан болохоор Уянгын дүрд хайртай. Энэ дүрд тоглосон доо талархаж байна. Уянга бол омголон, галзуу, хүмүүстэй яриад байдаггүй ч нүдээрээ асдаг тийм эмэгтэй. Миний гадаад төрх, дотоод сэтгэлийн тоглолт дээр хүртэл ажилласан. Би кинондоо тоглохын тулд урт үсээ тайруулж өөрийгөө өөрчилсөн. Сэтгэл зүйгээрээ хүртэл өөрийгөө золиосолж, зориулж ажилласан дүр болохоор гоё байна. Энэ дүр өмнөх дүрүүдээс өөр байсан гэдгийг зуун хувь хэлж чадна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 223 (7467)