П.ЛХАГВАЖАРГАЛ

 

Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн туурвисан бүтээлүүдийн ноён оргил болох “Инээмтгий хүн” романыг “Рго” театрын уран бүтээлчид өнгөрсөн жил тайзны бүтээл болгосон билээ. Үзэгч, шүүмжлэгчдээс багагүй магтаал хүртээд байсан  тус жүжгийг энэ амралтын өдөр буюу арваннэгдүгээр сарын 16-нд “Рго” театрт дахин тоглох гэж байна. XVII-XVIII зууны зааг үеийн  Англид  Лорд Линней Кленчарлийн азгүй хайр дурлал, золгүй хувь тавиланг зүрх шимширмээр өгүүлнэ. Тэрээр юу ч мэдэхгүй нялх багадаа муу хүмүүсийн гарт орж үзэшгүй муухайгаар зэрэмдэглүүлэх ба Гуинплен хэмээх нэр зүүж хэрмэл жүжигчин болдог. Гуинплений  амийг  аварсан сохор охин Дея өсөж том болж, тэд нэгэндээ хайртай болно. Үзэшгүй муухай зэрэмдэг болсон Гуинплен, хосгүй гоо үзэсгэлэнтэй боловч сохор бүсгүй Дея нар бие биедээ  тохирсон хос ажээ. Хожим нь Гуинплен ховор аз завшаанаар өөрийн Лорд байр сууринд хүрэх боловч энэ нь түүнд сайн юм авчрахгүй. Энэхүү визуал драмын жүжгийн гол дүрд Б.Билгүүн, Т.Энэрэл нар тоглосон бөгөөд тэдний хамтралыг дахин харах боломж энэ амралтын өдөр тохиож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 222 (7466)