Ч.БЯМБАХАЖИД

Монголын Хүний төлөө нам, Бүгд найрамдах нам УИХ, Засгийн газраас гаргаж буй тогтоол шийдвэрүүд нь Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн үзжээ. Энэ асуудлаар энэ сарын 26-ны өдөр Сүхбаатарын талбайд “Үндсэн хуультай”  цуглаан зохион байгуулах гэж байна. Мөн анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойн хүрээнд нийгмийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн талаар мэдээлэл өглөө.

Монголын Хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт: Эвлэлдэн нэгдэхийг уриалж байна

-Арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатарын талбайд “Үндсэн хуультай” цуглааныг зохион байгуулна. Цуглааны гол зорилго нэгдэх. УИХ, Засгийн газар Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй тул хариуцлагаа хүлээхийг шаардана. Энэ удаагийн цуглаан өмнөх жагсаал цуглаануудаас ялгаатай байх болно. Учир нь бид цуглаанд оролцогчдыг зөвхөн Үндсэн хуулийн үзэл санааны дор эвлэлдэн нэгдэхийг уриалах юм. Мөн “Нэр дэвшигчдийн холбоо”-г үүсгэн санаачилж байна. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, өрсөлдөн нийт иргэдийг эвлэлдэн нэгдэж өөрсдийн зөрчигдсөн, хөндөгдсөн нийтлэг эрх ашгаа хамгаалахыг уриалж байна. Цаашлаад Үндэсний аудитын газарт шаардлага хүргүүлнэ. УИХ-ын сонгуульд нэр дэвшээд зардлын данс нээгээгүй нэр дэвшигч иргэдийг зардлын данс нээгээгүй хэмээн эрүүгийн торгох ялаас илүү ял шийтгэлийг шууд оноохыг санаархаж байгааг эсэргүүцэж байна. Мөн улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт аудит хийх нэрээр дарамт шахалт үзүүлдэг атлаа Засгийн газрын мөрийн хөтөлбөр Үндсэн хууль зөрчсөн байхад хяналт тавьж Үндсэн хуульд нийцүүлэх талаар ажиллахгүй байгааг эрс буруушааж байна” гэлээ.

Бүгд найрамдах намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Зоригоо: Идэвхтэй ирж оролцохыг уриалж байна

-Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн үзэл санааг хамгаална. Хууль зөрчиж, төрийн эрх мэдлийг авсан этгээдүүд иргэдийн нэр дэвших эрхийг хязгаарлахыг оролдож байгаа зүй бус үйлдлийг таслан зогсоох арга хэмжээг авах болно. Бид Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Алсын хараа-2050 бодлогын бичиг баримт, хуулиуд нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа талаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл хүргүүлнэ. Мөн улс төрийг бүгд сонирхож, мэддэг байх хэрэгтэй. Монгол Улсад хууль дээдлэх зарчим эрх баригчдад үйлчлэх ёстой юу, үгүй юу гэдгийг бид нийгмийн гишүүдээс асууж байна. Мөн цуглааныг бид дэмжигчдийн хүрээндээ эхлүүлнэ. Иргэдийг идэвхтэй ирж оролцохыг уриалж байна гэсэн юм.

Эх сурвалж www.zms.mn