Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сард өргөн мэдүүлсэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэж эхлээд байна.

Уул уурхайн салбар 2024 оны жилийн эцсийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 26 хувь, аж үйлдвэрийн салбарын 72 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 81 хувь, экспортын орлогын 94 хувь, төсвийн орлогын 34 хувийг тус тус бүрдүүлсэн байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2025 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 3,715.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 120.4 (3.1 хувь) сая ам.доллараар буурчээ. Экспорт, импортоос давамгайлж 294.0 сая ам.доллараар өссөн үзүүлэлттэй гарсан боловч экспортын орлого өмнөх оны мөн үеэс 235.4 (10.5 хувь) сая ам.доллараар буурч 2,004.9 сая ам.долларын гүйцэтгэлтэй байгаа аж. Одоогийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүнийг спот, форвард гэрээний дагуу биржээр дамжуулан арилжиж байгаа бөгөөд 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны гуравдугаар сарын 14-ний өдрийг хүртэл 43.0 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг нийт 17.07 их наяд төгрөгөөр арилжаалаад байна.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-д бүртгэлтэй уул уурхайн бүтээгдэхүүний худалдагч 21 компани, 471 гэрээ байгуулсан худалдан авагчид бүртгэлтэй байдаг байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаагаар хамгийн их бүтээгдэхүүн арилжсан сар нь 2024 оны дөрөвдүгээр сард бөгөөд нийт 55 удаагийн арилжаагаар 4.2 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 951.5 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна.

Гэсэн ч дээрх эрх зүйн зохицуулалтуудын хийдэл болон хоорондын уялдаагүй байдлаас үүдэн уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан арилжаалах үйл ажиллагаа зогсонги байдалд орох, биржийн арилжаанд оролцогч аж ахуйн нэгжүүдийн орлогыг хязгаарлах зэрэг сөрөг үр дагавар үүссэн нь цаашлаад Үндэсний баялгийн санг арвижуулахад бэрхшээл үүсгэх болсон байна.

Эх сурвалж:www.polit.mn